Хортой гээд хориглоод хүүхдүүдээ хамгаалж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Хортой гээд хориглоод хүүхдүүдээ хамгаалж чадах уу?

Хортой гээд хориглоод хүүхдүүдээ хамгаалж чадах уу?

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Б.Болор электрон тамхийг хориглох санаачлага гаргажээ. Ингэхдээ бүх сургуулийн удирдлагууд нэгдэхийг уриалсан байна. Бүгдээрээ нийлээд Ерөнхийлөгчид хүсэлт гаргаад зарлиг гаргуулах бололтой. Сэлэм гялс, толгой бөндгөс гэгчээр “Сэлэм” Тогмид шиг шулуухан, шударгуу имижтэй төрийн тэргүүн хориглочих л байх. Гэхдээ… Өсвөр насныхныг янжуур, хар тамхи, өөр хорт зуршил руу түлхэх юм биш биз дээ? Нэгэн цагт УИХ-ын гишүүн, Сангийн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүний хувьд асуудлыг олон талаас нь харсан байх гэж найдах уу эсвэл гарч болзошгүй эрсдэлийг нэг бодоод үзэх үү? Хууль тогтоох дээд байгууллагын албан ёсны цахим хуудаст түүнийг нь дэмжин түгээхийн оронд хууль, эрх зүйн зохицуулалтыг хийх нь илүү үр дүнтэй байх вий…

Хорт зуршилд хүн гээч шууд автчихдаггүй. Эхлээд шохоорхоно, гоёчирхол, саваагүйтнэ, туршиж үзэхийг хүснэ. Дахин дахин хэрэглэнэ. Аажмаар автана. Хориглоод хоригдчихгүй гэдгийг Монгол дахь хар тамхины өнөөдрийн жишээнээс харж болно.

Өнөөдөр Монголд хар тамхи хэрэглэх, худалдах хуулиар хориотой. Зөрчвөл хорих ялтай. Хар тамхинаас өсвөр нас, залуусаа хамгаалахын тулд шүүх нь ялын дээд бодлого барьдаг. Гэхдээ өнөөдөр Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэгч улсаас хэрэглэгчийн статустай болсон байна. Өсвөр насныхан, ахлах ангийнхан энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдлууд бүртгэгдсээр байна. Хар тамхины хар ертөнцөд асар их мөнгө эргэлддэг агаад өдөрт 70-80 сая төгрөгтэй дүйх хэмжээний мөнгө эргэлддэг гэх албан бус тооцоо бий. Хил гаалиар орохыг хориглосон атал энэ төрлийн гэмт хэргийн 45 хувийг Монголд үйлдвэрлэдэггүй, хууль бусаар оруулж ирсэн хэрэг эзэлдэг гэх статистикийг шүүхээр шийдэгдсэн хэргээс харж болно. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд ч энэ төрлийн хэрэгт холбогдоод буй нь хориглосноор бид өөрсдийгөө хуурахаас биш ирээдүйгээ хамгаалж чадахгүйг энэ бүхэн харуулаад байна.

Электрон тамхины тухайд Монголд 2021 онд БНХАУ-аас 1 сая, Камбож улсаас 1,6 сая ширхэг  импортлогдсон бөгөөд ойролцоогоор 3,564 сая ам.долларын үнэ бүхий гэсэн үг. Цахилгаан тамхи хоргүй гэх сурталчилгаанаас үүдэн энэ төрлийн тамхины хэрэглээ эрс нэмэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар,  дэлхийн тамхины хамааралтай 1.1 тэрбум насанд хүрсэн иргэний 60 хувь нь тамхинаас гарах хүсэлтэй байдаг аж. Энэхүү хүсэл сонирхолд таацуулан тамхи үйлдвэрлэгчид ч өөрсдийн маркетингийг хийдэг. Түүний хамгийн түгээмэл сурталчилгаа нь тамхинд агуулагдах никотинийг багасгаснаар хор багатай болдог тухай буруу ойлголт төрүүлдэг. Гэтэл никотинийг багасгахаар хор багасдаг гэдгийг нотолсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нотолгоо байхгүйг ДЭМБ анхааруулсаар байна.  Тамхи үйлдвэрлэгчид дээрх сурталчилгааг шинэ төрлийн тамхиндаа түлхүү ашигладаг бөгөөд усан, халаадаг, электрон зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүндээ түлхүү ашигладаг. Монгол Улсад энэ талаар эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас хяналтгүй сурталчилгааны орон зайн хаалга нэгэнтээ онгойжээ.

Цахилгаан тамхи нь никотины агууламж бүхий тамхин төрлөн бүтээгдэхүүн учраас мэдээж хүний эрүүл мэндэд хортой. Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй. Харин электрон тамхинд дурьдсан химийн элементүүд багтдаггүй гэх ч тэр нь хоргүй гэсэн үг биш. Аливаа асуудалд нарийн судалгаа хийдэг өндөр хөгжилтэй орнуудын нэг болох AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480 мянга гэж бүртгэгдсэн бөгөөд үүний 60 тохиолдол нь шууд электрон тамхинаас болсон аж. Тиймээс цахилгаан тамхи хоргүй гэдэг худал сурталчилгаа. Ийм худал сурталчилгаанаас үүдээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихээр хэрэглэж байна. Дунд болоод ахлах ангийн сурагчдын цүнхнээс цахилгаан тамхи олдог болсон талаар эцэг, эхчүүд ам уралдан ярьж байна. ЕБС-ийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг гэх судалгаа гарчээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна. Тэд амнаас нь үнэртдэггүй, хувцсанд шингэдэггүй учраас сүүлийн үед цахилгаан тамхийг ихээр хэрэглэх болжээ. Сургуулийн ойролцоо тамхи зарахыг хуулиар хориглосон ч тэдний өдрийн хоол, амны зугаа, ус ундаагаа авдаг сүлжээ дэлгүүрүүдэд цахилгаан тамхи зарж буй бөгөөд хуульд энэ төрлийн тамхийг тусгаагүй учраас нас харгалзахгүй шууд худалдаалж байна.

Цахилгаан тамхи кофе, чихэрний үнэр амттай байдаг нь ч хүүхдүүдийг цахилгаан тамхинд ороход нөлөөлж, улмаар утаат тамхийг ч татах зуршилтай болгож байна. Утаат тамхи ч, цахилгаан тамхи ч ялгаагүй хор.

Тэгвэл дэлхийн ихэнх улсад 21-ээс доош насныханд цахилгаан тамхи худалдахыг хуулиар хориглосон байх юм. Гэтэл манайд хуулийн зохицуулалтгүйгээс гадны нэр бүхий этгээдүүд аюулгүй хувилбар нэрийн дор цахилгаан тамхийг суртлаад байдаг. Гэтэл АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр, 2017-2020 онд электрон тамхи хэрэглэсний улмаар уушиг гэмтэх эмгэг 2807 бүртгэгдсэнээс 60 хүн амиа алдсан төдийгүй цахилгаан тамхи нь утаатын адилаар цусны даралт ихэсгэдэг, зүрх судасны системийг гэмтээдэг болохыг тогтоожээ.

Тиймээс л энэ шууд хориглохоос илүүтэй бодлого боловсруулж, насны хязгаар тогтоохоос эхлээд хууль, эрх зүйн зохицуулалт хийх нь илүү оновчтой шийдвэр болно. Түүнээс биш үнэхээр санаа зовсон асуудал гээд шууд хорьчихсноор асуудал шийдэгдэхгүй. Хүний далд ухамсар аливаа хориглосон зүйл рүү тэмүүлдгийг хар тамхи, архийг хориглосон шийдвэрүүд харуулдаг. Үүнийг дагаад энэ төрлийн бизнес далд байдалд ордог бөгөөд түүнийг хянахад улам л түвэгтэй болдог гэдгийг амьдрал бидэнд анхааруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж