Гадаад улсын иргэний компанийг хууль зөрчин өөрийн болгож, түрээсийнх нь орлогыг хураан авч буй хэргийн талаар өмгөөлөгч Х.Номинцэцэг өнөөдөр /2022.11.07/ “Монгол ньюс” мэдээлийн төвд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эзнийг нь байхгүйд эд хөрөнгийг нь мэдэгдэлгүй булаан авсан хэрэг шийдэгдэлгүй олон жил болж байна. Болсон явдлыг тодруулбал, 2008 оны долдугаар сард н.Хүрэлбаатар гэдэг хүн н.Сонинцэцэгт Хайрхан ХХК-ийн эрхийг шилжүүлж өгсөн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаад, компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулаад, нотариатаар баталгаажуулснаар н.Сонинцэцэг нь Хайрхан ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. н.Сонинцэцэг нь 2013 онд Чех улсын иргэн болсон байдаг юм.
Гэтэл 2016 оны есдүгээр сарын 2-нд н.Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр нь хүүхдүүдтэйгээ нийлж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, бусдын эд хөрөнгийг булааж авах анхны алхамаа хийсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн энэхүү шүүх хурал нь н.Сонинцэцэгийг оролцуулалгүй маргааныг шийдвэрлэснээс жинхэнэ өмчлөгч нь өмч хөрөнгөндөө эзэн болж чадахгүй байна. Шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, н.Сонинцэцэг Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрт “н.Хүрэлбаатар гэдэг хүний амьд ахуйдаа хүсэл зоригоо илэрхийлээд гаргасан баримт нь байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхгүй” гэж гарсан.
Гэтэл н.Сарантуяа нь улсын байцаагчийн дүгнэлт 1393-ыг гаргуулаад Оюуны өмчийн ерөнхий газрын даргын А-636 тогтоол гаргуулж, н.Долгорсүрэн гэдэг нотариатчаар өөр дээрээ өв бичүүлээд Хайрхан ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тиймээс н.Сонинцэцэг Иргэний хэргийн шүүхээр яваад н.Сарантуяагийн захирлын эрхийг хүчингүй болгуулсан. Энэ шийдвэр 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд Хан-Уул дүүргийн шүүхээс гарсан. Гэвч хууль ёсны өмчлөгч нь өнөөдөр компани руугаа орж чадахгүй байна.
Бид цагдаад хандсан, 11 удаа дуудлага өгсөн ч өнөөдрийг хүртэл компани руугаа орж чадахгүй байгаа. Одоо Татварын албан дээр Хайрхан ХХК нь 39 сая төгрөгийн өртэй байдаг. н.Сарантуяатай дөрөө холбочихоод байгаа н.Бат-Эрдэнэд энэхүү татварын өрийг хэлэхээр “Төлөхгүй” гэдэг. н.Сарантуяа, н.Бат-Эрдэнэ, н.Золжаргал, н.Ижилцэцэг нар нь өөрсдийнхөө хувийн дансаар компанийн түрээсийн орлогыг нь аваад сууж байдаг. Шүүх нь төрийн албан хаагчид нь хийж байгаа ажилдаа үнэнч байсан бол өнөөдрийн энэ маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй байсан. Бусдад сэрэмжлүүлэг болгох зорилгоор энэ хэргийг олон нийтэд мэдээлж байна” гэлээ.
Г.ХОРОЛ