Хумсаа байнга будуулах нь хавдраар өвчлөх эрсдэлд оруулдаг

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

Хумсаа байнга будуулах нь хавдраар өвчлөх эрсдэлд оруулдаг

Хумсаа байнга будуулах нь хавдраар өвчлөх эрсдэлд оруулдаг

Хумс хийлгэх, хумсаа гелэн будгаар будуулах нь монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Үс сайхан бол зүс сайхан гэгчээр хумс гоё бол хуруу урт харагддаг ч худлаа биш. Гэвч энэхүү гоёл эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хорт хавдраар өвчлөх эрсдэлд хүргэдэг талаар эмч хэллээ.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн клиникийн хоёрдугаар тасгийн их эмч С.Билгүүнцоож “Хумс тогтмол будагтай байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй. Сүүлийн жилүүдэд арьсны өвчин судлалын төвд хумсны гэмтэлтэй хүмүүс ирэх болсон. Энэ нь дан ганц будгийн хор нөлөөнөөс үүсдэггүй. Олон давтамжтай хумсаа будуулснаар, маникюрчид нэг хэрэглэгдэхүүнээ дамжуулан хэрэглэснээс өвчлөл дамжих эрсдэл бий болгодог. Будгийг давтамжтай хэт ягаан туяагаар шарж хатаах нь гарын арьсыг харлуулж хөгшрүүлэх, арьсны меланома эсийн хавдар үүсгэх эрсдэлтэй. Маникюрчин жирэмсэн үедээ ажлаа хийх нь тохиромжгүй. Учир нь хумсны будганд агуулагдах химийн бодисын байнгын нөлөөлөлд байх нь зулбалт үүсгэх эрсдэлтэй” хэмээн зөвлөсөн.

Хэдийгээр Монголд гелэн будгаас үүсэлтэй хорт хавдрын шинж тэмдэг одоогоор бүртгэгдээгүй ч охид бүсгүйчүүд анхаарахад илүүдэхгүй болохыг эмч нар сануулж буй. Учир арьс, өнгөний харшилын эмч нарын хэлснээр, Арьс, өвчин судлалын үндэсний төвд хумсаа будуулснаас болоод мөөгөнцрөөр өвчилсөн, харшил авсан хумсны гэмтэлтэй хүмүүс цөөнгүй ирдэг аж. Ялангуяа гоёлын гелэн будалттай холбоотойгоор сүүлийн таван жилд хумсны эмгэг өөрчлөлтүүд их бүртгэгдэж байгааг тэд сануулав.

Гелэн будалт хийхэд болон хиймэл хумсыг салахгүй тогтвортой наахын тулд хүний өөрийн төрөлхийн хумсны толийг үрж гэмтээдэг. Энэ нь яваандаа өвчлөл үүсэх шалтгаан болдог. Хумс нимгэрээд, өвчлөөд ирэхээр дотоод эд эрхтэн өвчлөх эрсдэлд хүрдэг.

Тодруулбал, зарим нэг гелэн будаг химийн хорт бодис ихээр агуулдаг. Тиймээс гоо сайханч нарын ашиглаж байгаа будагны орц найрлагын талаар сайтар уншиж танилцах хэрэгтэй аж. Хэрэвзээ толуол болон формальдегид агуулсан бол астма, тэр ч бүү хэл хорт хавдар үүсгэх аюултай. Зарим гелэн будаг метил метакрилат мономер гэдэг бодис агуулдаг бөгөөд үүнийг жирэмсэн үед хэрэглэх хориотой байдаг аж. Тэрчлэн хумсны будгаа арилгахдаа ацетоныг ашиглах нь сөрөг нөлөөтэй байна.

Америкийн Арьс судлалын академийн мэдээлснээр хүмүүсийн 99 хувь нь амьдралынхаа туршид хумсны эмгэгтэй тулгардаг аж. Эрүүл хумс нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажилд гоо сайхан байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хиймэл хумсны хэрэглээ нь хэт ягаан туяаны гэрлийг ашиглахыг шаарддаг. Хэт ягаан туяаны гэрэл нь хумсны гоо сайхны бүтээгдэхүүнийг гэрэлтэх, хатууруулах, хатаах зорилгоор ашиглагддаг.

Хэт ягаан туяаны цацраг нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг. Энэ нь давтамжтай үйлдэгдснээр хорт хавдар үүсгэх эрсдэлтэй юм.

Арьсны хорт хавдартай тэмцэх сангийн одоо өгч буй зөвлөмж нь хэт ягаан туяаны гэрлийг ашиглахгүй байх явдал аж. Хэрэв өвчтөнүүд гэрэлтсэн өнгөлгөө хэрэглэх гэж байгаа бол нарнаас хамгаалах өргөн хүрээний тос эсвэл нитрил бээлий хэрэглэхийг зөвлөдөг байна.

НЭГ ЖИЛД ХУМСАА БУДУУЛАХЫН ТУЛД ДУНДЖААР 100-350 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Хумсны маникюр хийдэг салонуудын дундаж үнэ 15 мянган төгрөгөөс эхэлж 80 мянган төгрөгийн хооронд байна. Өдөрт нэг маникюрчин энгийн үед дөрвөөс таван хүн үйлчлүүлдэг бол баяр ёслолын үед таваас найман хүн үйлчлүүлдэг аж.

Б.Номин-Эрдэнэ
хумсаа байнга гоё харагдуулах хүсэлтэй гэнэ. Тэрбээр нэг удаа хийлгэсэн хумсны будаг нь хуулрах, хугарахаас шалтгаалан жилд долоогоос есөн удаа хумсаа будуулдаг байна. Ингэхдээ нэг жилд 250-300 мянган төгрөгийг хумсаа будахад зарцуулдаг аж. Хумсаа будуулаад хатаагч гэрэл рүү хийх үед гар жирэлзэн тогонд цохиулж байгаа мэт болдог ч үүнийг тоодоггүй болохоо хэллээ. Мөн гелээр будуулаад хумсны будгаа арилгуулсны дараа хумсны толио эвдэрч будаггүй л бол хумс ургахгүй хугараад байдаг гэлээ.

Харин Н.Отгонгэрэл “Эмэгтэй хүн үргэлж гоё сайхан байж түүнээсээ таашаал авч ёстой” гэж боддог. Тиймээс нэг удаа хумс хийлгээд ч юм уу будуулаад 20 хонгоос сар болоод дахин будуулдаг аж. Нэг будуулахад ойролцоогоор 30 мянган төгрөг болж жилдээ 300-350 мянган төгрөгийн хумс будуулахдаа зарцуулдаг байна. Байнга будуулдаг тул түүний хумс үрэлт хийх, хумс тойрсон махаа авхуулах төдийд л цус гардгаа нуусангүй.

Б.Бадамцэцэг баяр ёслолын үеэр гангарах гэж л жилдээ дөрвөөс таван удаа будуулдаг гэв.  Нэг удаа будуулахад 20 мянган төгрөгөөс 40 мянган төгрөг болдог гэж үзэхээр 100-200 мянган төгрөг хүртэл мөнгө зарцуулдаг аж. Нэг будуулаад дараа нь давтан будалт хийлгэдэггүй улмаас арилгуулсны дараагаар хумс нь сар орчин хугарч ургадаггүй гэлээ.

Тэгвэл маникюрчин С.Солонго хэлэхдээ, хумс нөхөн төлжих хугацаа удаан учир жилдээ нэгээс хоёр удаа будуулах нь тохиромжтойг зөвлөлөө. Тэрбээр “Үйлчлүүлэгчид нэг будуулаад будаг нь хуулрахгүй байвал тэр будагтайгаа хэд ч хоног явдаг. Нэг гелэн будагтай 20-оос илүү хонох нь тохиромжгүй. Гелэн будалтаа арилгаад шууд будах нь хумс нимгэрэх, арьсны өвчлөл үүсэх шалтгаан болдог. Тиймээс хумсаа амраах хэрэгтэй. Хумсаа будахдаа агаар сайтай өрөөнд будаж, будсаныхаа дараа гараа савандаж угаавал химийн бодисын нөлөөллийг багасгадаг.

Хумс нөхөн төлжих хугацаа удаан учир жилдээ нэгээс хоёр удаа будуулах нь тохиромжтой. Гэвч эмэгтэйчүүд гоо сайхан байх гэж тогтмол будуулдаг нь өвчлөлт өртөх шалтгаан болдог”-ийг хэлж байна.

Гоо сайханчид ч эмч нар ч  аль болохоор байнга хумсаа будуулах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг зөвлөж байна. Хүний гар будаг хатаадаг гэрэлд давтамжтай орсноор гарын арьс өнгөө алдаж, хурдан хөгширнө. Цаашлаад хорт хавдар тусах магадлалтай гэнэ. Хумс бол хүний арьсны дайвар эрхтэнд тооцогддог. Тэр ч утгаараа тухайн хүний хумс нь эрүүл мэндтэй нь салшгүй холбоотой аж.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж