Ардчилсан намын гишүүн, хуульч Н.Ариунболд өнөөдөр (2022.11.07) Улсын дээд шүүхийн гадна мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын ээлжит бус хуралдаанаас тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Ган-Очирыг томилсон. Тэр цагаас хойш буюу зургаан сарын турш хуульч Н.Ариунболд түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.
Тэрбээр “Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид, хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүст тодорхой мэдээлэл өгөхөөр ирээд байна. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар ажиллаж эхэлсэн цагаас хуулийн зөвлөхөөр ажилласан. 2020 оны сонгуульд ялагдсаны дараа намын удирдлагууд ёс зүйн болон дүрэмд заасан хариуцлагаа хүлээн огцорсон. Ганц үлдсэн нь Эрдэнэ. Өдгөө өөрийгөө АН-ын дарга гэсэн ойлголт өгч байна.
Улсын дээд шүүхийн тогтоолоор С.Эрдэнийг Ардчилсан намын бүртгэлээс хассан. Цахим бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан гэдэг хүн байсныг хасаад, С.Эрдэнийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад, цахим бүртгэлд бүртгэж, олон нийтэд мэдээлсэн.
Гэтэл Улсын дээд шүүх бүртгэлдээ өөрчлөлт оруулалгүй хоёр жил өнгөрлөө. Ардчилсан нам дотооддоо маргаантай юм шиг зохисгүй байдал үүсгээд байна. Улсын дээд шүүх 2017 онд оруулсан өөрчлөлтөө оруулахгүй өнөөдрийг хүрлээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан (2022.09.27)-аар Ардчилсан намын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй байна” гэсэн тогтоол гаргасан. Улсын дээд шүүх 2017 онд Ардчилсан намд өгсөн гэрчилгээгээ өөрчлөхгүй байна. Учир нь тус гэрчилгээ дээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэсэн нэр бичээстэй байдаг. Иймд Улсын дээд шүүхээс Ардчилсан намд 2017 онд өгсөн гэрчилгээгээ өөрчилж, С.Эрдэнийн нэрийг хасах хэрэгтэй.
Ардчилсан намын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй гэж Улсын дээд шүүх тогтоол гаргачихаад, гэрчилгээг өөрчлөхгүй байгаа нь 2024 онд МАН-ыг сул өрсөлдөгчтэй оролцуулах гэсэн Улсын дээд шүүхийн оролдлого гэж хардаж байна.
Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийг анхан шатны шүүхээс буруутай гэж үзээд, Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тодорхойгүй үлдээсэн бүртгэлээ хийхгүй байгаа нь буруу гэх байдлаар шийдвэрлэсэн. Үүнээс шалтгаалж Улсын дээд шүүхийн эрх бүхий албан тушаалтнууд Ардчилсан намын гэрчилгээ дээр гүйцэтгэх удирдлага тодорхойгүй мэдээллийг бичих байтал харин ч энэ хэвээр нь хадгалахыг зориод, давж заалдсан байна.
Давж заалдах шүүх хурал нөгөөдөр (2022.11.09) 10.30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн төв байранд болно.
Энэхүү шүүх хурлыг нийт Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхэн ирж сонирхооч ээ. Магадгүй Улсын дээд шүүх нэг гараараа АН-ын гишүүд, дэмжигчдэд АН-ын бүртгэл хоосон, тодорхойгүй байна гэж мэдээлчихээд, нөгөө гараараа Сонгуулийн ерөнхий хороо руу АН-ын дарга С.Эрдэнэ мөн гэсэн агуулгатай албан тоот илгээж байна.
Улсын дээд шүүхийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Сонгуулийн ерөнхий хороонд 2021.05.03-ны өдөр "Ардчилсан намын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор тус намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэжээ. Энэ тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгааг уламжилж байна" гэж бичсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар нэр дэвшээд, С.Эрдэнийг Ардчилсан намын дарга бөгөөд төлөөлөх эрхтэй этгээд мөн юм байна гэж үзээд, сонгуульд нэр дэвшүүлж, бүртгээд оролцуулсан. Үүнээс болж намын гишүүд өлсгөлөн зарлаж, цагдаа нар талбайд оруулахгүй, ийм хууль бус үйл ажиллагаа болсон юм.
2024 онд буюу жил хагасын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Хуульд зааснаар намууд Сонгуулийн ерөнхий хороонд Улсын бүтгэлийн гэрчилгээгээ давхар хүргүүлдэг. Энэхүү гэрчилгээ дээр дурдсан мэдээллийг үндэслээд Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудыг сонгуульд оролцуулах эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл Дээд шүүх өнөөдрийг хүртэл тодорхойгүй үлдээсэн бүртгэлээ хийхгүй аргацааж, шүүхэд давж заалдаад, магадгүй жил хагасын хугацаанд ийм байдлаар авч үлдээд, энэ албан бичгээ дахиж явуулахаар төлөвлөж байна гэж би ойлгож байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын дээд шүүх лавлагаа авдаг. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга төрийн албан хаагч. Намайг Ардчилсан намын хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад надтай зэрэгцээ өрөөнд суудаг, Ардчилсан намын даргын хуулийн зөвлөх байдаг юм. Улсын дээд шүүхээс өнөөдрийн эрх баригчдад илүү сул өрсөлдөгчтэй сонгуульд оролцох боломж олгох зорилготой хууль бус үйл ажиллагаа болоод байна.
Иргэн би Дээд шүүхээс Ардчилсан нам гэсэн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээллийг авъя гэж өргөдөл өгсөн. Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах хүсэлттэй танилцаад, Ерөнхий шүүгчид танилцуулаад, нэгд, З.Энхболд даргаар сонгогдсон, хоёрдугаарт, С.Эрдэнэ гэдэг хүн сонгогдсон, Ц.Туваан гэдэг хүнийг үүрэг гүйцэтгэгчээр сонгосон мэдээлэл байна. Дараа нь Ц.Тувааныг хасч, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан гэсэн мэдээллийг иргэнд албан ёсоор өгөөд байгаа юм. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо руу С.Эрдэнэ гэдэг хүн сонгогдсон гэрчилгээг хүргүүлж байна
"Амташсан хэрээ 13 дахина" гэгчээр 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намд өгсөн гэрчилгээнд оруулсан мэдээллээ өөрчлөхгүйгээр хууль бус үйл ажиллагаа яваад байгаа юм. Ардчилсан нам сонгуулиар 700-800 мянган санал авдаг. Ийм томоохон байгууллагыг Улсын дээд шүүх зориуд, шууд мэдсэн байдлаар үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрлээ. 2024 он болно, ийм маргаан асуудал гарна. Үр дагавар нь ноцтой болж хувирах вий гэдэг үүднээс энэхүү агуулгаар Улсын дээд шүүхэд хандаад, мэдээлэл хийж байгаа юм. Хуучин гэрчилгээг битгий хадгалаад байгаач ээ.
Улсын бүртгэлийн хуульд зааснаар, Улсын дээд шүүхийн цахим сангийн мэдээллийг албан ёсны мэдээлэл гэж үздэг. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, тамгын газрын дарга, нэр бүхий шүүгч нар Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэв гэж бичсэнээс хойших өөрчлөлтийг бичихгүй, огт тайлбар өгөхгүй байна. Гэтэл Улсын дээд шүүхийн цахим сайтад Ардчилсан намын бүртгэлд С.Эрдэнэ гэдэг хүнээс хойш маш олон өөрчлөлт орсон" гэв.
Холбоотой мэдээ