Монголд гадаадын легионер тамирчид олноор ирдэг байсан үетэй харьцуулахад Монголын тамирчид олон улсын тавцанд гарах боллоо. Саяхан л анхны гэх тодотголтой хүмүүс "мөс хагалж" байв. Тэгвэл өдгөө спортын төрлөөр олон тамирчид хилийн чанадад ур чадвараа гайхуулж байна.
ВОЛЛЕЙБОЛ
Монголын волейболын орчин цагийн шилдэг тамирчдын нэг Т.Хангал Тайландын Накхон Ратчасима клубт тоглохоор болсон билээ.
Өдгөө 20 настай түүний хувьд өнгөрсөн жил “Натур Мед Ноён” багийнхаа хамтаар үндэсний дээд лигт түрүүлээд зогсохгүй өөрөө ““Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорсон юм. Мөн есдүгээр сарын эхээр Киргизстанд болсон “Челленж кап-2022” кап тэмцээнд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглосон юм.
Ийнхүү тэрбээр гадаадын лигт тоглосон Монголын анхны эрэгтэй воллейболын тамирчин болж байна. Түүнээс өмнө Г.Хандсүрэн эхлээд Японы V лигт дараа нь Филиппиний лигт тус тус тоглож байв.
Харин Солонгосын волейболын оюутны лигт Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан гэх хоёр монгол хүү тоглож байна.
ХӨЛБӨМБӨГ
Сэлэнгэ нутгаас гаралтай, Пушкаш академийн бүтээгдэхүүн Г.Ганбаяр өдгөө Словакийн Комарно багт тоглож байна. Тэрбээр 2018 онд Унгарын Пушкаш академитай гэрээ байгуулан Европын лигт мэргэжлийн гэрээ байгуулсан анхны монгол тамирчин болсон.
Г.Ганбаяр Словакийн хоёрдугаар лигийн Комарно багт зээлээр тоглож буй.
Хамгийн анх 2015 онд А.Мөрөн Тайландын Краби багтай гэрээ байгуулж, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болж байлаа.
САГСАН БӨМБӨГ
Д.Баясгалан 25 нас хүрч, албан ёсоор Тайванийн мэргэжлийн сагсан бөмбөгийн Тайчун Санс багтай гэрээгээ баталгаажуулсан. Тус улсын мэргэжлийн лигт 25 нас хүрч байж гэрээ байгуулах эрхтэй болдог аж. Тэрбээр UBA буюу Тайванийн их сургуулиудын сагсан бөмбөгийн холбооны нэгдүгээр дивизонд тоглох хугацаандаа олон багийн анхаарлыг татсан гэнэ.
Д.Баясгалангийн тухайд МУИС Шонхорууд багт тоглож байгаад Тайвань руу тэтгэлэгтэй явсан юм.
Ш.Энхийн-Од "NCAA" буюу АНУ-ын үндэсний коллежийн спортын холбооны сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизонд харьяалагддаг Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон. Ш.Энхийн-Од хүсвэл нэг жил их сургуульдаа суралцан, NBA-д элсэн орох хүсэлтээ өгөх боломжтой. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд "NCAA"-ийн нэгдүгээр дивизоны багаас сагсан бөмбөгийн тэтгэлэг хүртсэн тамирчин үгүй билээ.
Түүн шиг Тайвань, Япон, АНУ, Өмнөд Солонгосын сурагч, оюутны лигт тоглож буй монгол тамирчид цөөнгүй бий.
3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин асан Э.Цэрэнбаатар Японы “Yokohama” багт нэгдсэн. Энэ жил 32 настай, хоёр метр өндөртэй түүний хамгаалалт, алсын зайн шидэлтүүд 3х3 сагсан бөмбөгийн ертөнцөд хэдийнэ танигдаж, нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэрбээр сүүлийн үед Ази тивд цойлж буй “Yokohama Beefman” багтай гэрээ байгуулсан юм.
Хамгийн анх 2015 онд Т.Санчир "PBA" буюу Филиппиний дээд лигийн Барангай Гинебра Сан Мигуэл багтай гэрээ байгуулж, гадаадын лигт тоглосон анхны монгол сагсчин болсон түүхтэй.
Х.Болдсүх, Н.Батбаяр нар Өмнөд Солонгосын лигт тоглож байна.
ЦАХИМ СПОРТ
“CS:GO”-ийн мэргэжлийн тамирчид болох Б.Ган-Эрдэнэ “dobu”, Г.Есөнтөмөр “nin9”, Г.Эрдэнэцогт “erkaSt” нар Тайландын “NKT” багт тоглож байна. Тэд хамгийн сүүлд “ESL Challenger” тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарчээ.
“PUBG”-ийн мэргэжлийн тамирчид болох Г.Сүхбат “Action”, Э.Өнөболд “PiKa”, Б.Билгүүтэй “Skryyy”, А.Бүрэнбаяр “TOP”, дасгалжуулагч Б.Жаргалсайхан “Senator” нар Энэтхэгийн “Godlike Stalwart” багт харьяалагдаж, өдгөө дэлхийн шилдгүүдийн нэг болжээ.
“Dota2”-ийн мэргэжлийн тамирчин Р.Нармандах “hustla” Индонезийн “Army Geniuses” багт харьяалагдаж байна.
“Valorant”-ийн мэргэжлийн тамирчин Н.Амгалан “Genghsta” хамгийн сүүлд АНУ-ын “Knights” багт тоглож байв.
ДУГУЙ
Малайзын мэргэжлийн дугуйн "Terengganu Polygon" багийн бүрэлдэхүүн С.Жамбалцамц багтаж буй. Тэрбээр сүүлд л гэхэд “Tour de Langkawi” тэмцээнд есдүгээр байр эзэлжээ.
Холбоотой мэдээ