Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж тунхагласан байдаг. Түүгээр зогсохгүй Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө гэсэн бүхэл бүтэн бүлэг ч бий. Тодруулбал,
Үндсэн хууль: Арван дөрөвдүгээр зүйл.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд монголчууд хүний эрх, эрх чөлөө гэдэг үгнээс цаашгүй болсон гэлтэй.
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд нь иргэдээ "ул"-ны хэмээн тодотгож, ОХУ-д боловсрол эзэмшсэн хөгшчүүдээ асуудал үүсгэж буйг ч олон улсын хуралд оролцохдоо яриад сууж байх үзэгдлийг бид хараад, шүүмжлээд сууж байна.
Амжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхөө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь "ул"-ны гэж тодорхойлж, түүнийгээ олон нийтэд зарлаад сууж байсан цаг саяхан. Мэдээж энэ хэллэг хэний үеэс, хэзээнээс энэ яаман дээр хэвшмэл ойлголт болсныг тунгаагаад харвал МАН-ынхнаас нээх хол зөрөхгүй болов уу. Д.Сарангэрэлийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа тус яамны сайдаар ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан сайд нарын хэлж буйгаар яаманд нь ийм хэллэг огт байгаагүй ч хэлж байв.
Гэхдээ ямар ч гэсэн энэ "ул"-ны гэсэн басамж хэллэг МАН-ынхны үед гарсан нь баттай. Сүүлийн хоёр ч сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас 8 жилийн хугацаанд МАН Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг толгойлж, өөрсдийн хүмүүсээ сайдаар нь томилж ирсэн түүхтэй. Мэдээж эрх барьж байгаа нам нь сайдаас эхлээд дунд, доод шат хүртэл өөрсдийнхөө хүнийг томилдог уламжлалтай. Тиймээс ч "ул"-ны гэж иргэдээ басамжилсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлж, ад үзэгдсэн болохоос МАН-ынхны иргэдээ үнэлдэг, дүгнэдэг хэллэг нь "ул" гээд хэлэхэд буруудахгүй болов уу. МАН-ын генсек, МАН-ын дарга нар иргэдээ "ул"-ны гэж доромжилсон сайддаа хариуцлага тооцож, хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрх зөрчсөн гэж албан тушаалаас нь чөлөөлснөө зарлаж байсан нь саяхан. Гэхдээ Д.Сарангэрэл "ул"-ны гэх тодотголоос илүү ах нарын албан тушаал булаацалдсаны золиос нь болсон.
МАН-ын генсек, МАН-ын дарга нар анхнаасаа Ерөнхийлөгчийн "шахсан" Д.Сарангэрэлийг томилуулах дургүй байсан учир ийн алдаан дээр нь дөрөөлж явуулсан болохоос хүний эрх зөрчсөн гэж лав чөлөөлөөгүй.
Д.Сарангэрэл сайдын "ул"-ны басамжилсан, доромжилсон хэлц мартагдаагүй байхад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийн бас нэг хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл олны дургүйг хүргэж эхлэв. Тэрбээр, өнгөрсөн жил Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-д анх удаагаа Монгол Улсыг төлөөлж оролцож байх үеэрээ “…Дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд Орос улсад боловсрол эзэмшсэнд асуудал байсан. Манай улс Зөвлөлт холбоот улсаас нөлөөлөл ихтэй болохоор тэд оросууд шиг сэтгэдэг, бас тэгж ажилладаг…” гэх зэргээр ярьжээ. Бүр хурлын индер дээрээс. Мэдээж энэ бүхэн болоод өнгөрсөн байж болох ч иргэд үүнийг нь мартахгүй. Монголын төр өөрөө ахмад, дунд, залуу үеэс бүрдэж, төрийн залгамж халаа өнөөдөр ч үргэжилсээр ирсэн түүхийг шинэхэн дэд сайд маань мэддэггүй юу, эсвэл олон улсын хуралд ярьсан яриаг нь хэн ч мэдэхгүй тул хэмээн эндүүрсэн үү, бүү мэд. Хүнийг хэн ч байсан сурсан газар, эзэмшсэн мэргэжлээр нь ялгаварлан гадуурхана гэдэг бол Үндсэн хууль зөрчиж буй үйлдэл. Мэдээж төрийн албанд Б.Болор-Эрдэнийн хэлж буй шиг хүмүүс байж болох ч төрийн өндөр албан тушаалтан нь улсынхаа төрийн албан хаагчдын олон улсын хуралд очоод муулаад явах ёс зүй баймгүй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2021 оноос эхлэн хүний эрхийг дордуулахгүй байх, хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг нам болно гэдгээ зарласан.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ асуудлаар ярьсаар байсан. Хамгийн сүүлд тэрбээр Д.Сарангэрэл сайдыг огцруулахдаа "Хүний эрх зөрчсөн" гэсэн шалтгаанаар чөлөөлснөө мэдээлж байв. Түүнээс гадна Д.Амарбаясгалан дарга МАН хүний эрхийг дордуулахыг хэрхэвч дэмжихгүй, Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөөр эрх баригч нам санаачлагатай ажиллана гэж хэдэнтээ хэлж байв. Түүгээр зогсохгүй энэ бүхэн нь хий хоосон уриа лоозон төдий болох учиргүйг ч тэрбээр сануулж байсан удаатай.
Энэ цаг үед хоёрхон жишээ авахад л та бүхний хэлсэн, ярьсан, амласан бүхэн уриа лоозон, хий хоосон яриа шиг санагдаж байна, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга аа!
Дахин сануулахад, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно!
Холбоотой мэдээ