"Монголыг сэхээнээс аврах бодлого төсөвт харагдахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

"Монголыг сэхээнээс аврах бодлого төсөвт харагдахгүй байна"

"Монголыг сэхээнээс аврах бодлого төсөвт харагдахгүй байна"

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийг том зургаар нь хэрхэн харж буй гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Төсвийг орж ирсэн цагаас нь харахад сэтгэл эмзэглүүлсэн нөхцөл байдал угтлаа. Эрх баригчид 62-ын бүлэгтэй болохоор хүчлээд батлуулах байх. Төсвийн хууль, түүнийг дагаж орсон хуулиудаар хаацайлж албан тушаал нэмж байна. Үнэндээ ирээдүйд чиглэсэн, Монгол Улсыг өр зээлээс гаргах, эдийн засгийг сэргээх бодлого байхгүй байна. Нэг их наядын хэмнэлт байтугай, 1.5 их наядын алдагдалтай төсөв орж ирсэн.  Өөрөөр хэлбэл, эрх баригчид улс орны ирээдүйн нөхцөл байдлыг бодитоор харж чадахгүй байна. Үндсэндээ, улс орон дампуурлын ирмэг дээр зогсч байна. Хэдийгээр эскпорт сайжирч, нүүрсний гарах хэмжээ нэмэгдэж байна гэх боловч урьдчилаад “аваад идчихсэн” төлбөрт нүүрс гараад байна уу гэхээс шинээр орлого орж ирж буй зүйл бараг байхгүй байна. Халамжийн бодлогыг танахад зориг гаргахгүй байна, МАН.

Агуулгаар нь ярих юм бол 2024 он нүдэнд нь харагдаад, сонгуульд зориулсан төсвийн төслүүд хэлэлцэгдээд, эрх баригчид олонхиор батлаад явж байна.

Жишээлбэл, ажилгүйдэл их байгаагийн шалтгаан нь Монголд гурван өрх тутмын хоёр нь халамж авч байна.

-Төрийн хэмнэлтийн хуулиар нэг их наядыг хэмнэнэ гэж ярьж байгаа нь бодитой хэмнэлт мөн үү. 2023 оны төсөв эдийн засгаа аврах биш улам ангал руу түлхэх төсөв болсон юм биш үү?

“Богдзонхова” гэх мэт онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зоригтой гацааж, шийдэхгүй байна. Шинээр хөрөнгө оруулалтыг нэмэхгүй гэж байгаа боловч 2020 онд эрх баригчид сонгуульд орохдоо маш хэмжээ хязгааргүй хөрөнгө оруулалт эхлүүлсэн. Түүнийг дуусгахгүй бол үнийн нэмэгдлээс улбаатай 2017, 2018 онд эхэлж байсан барилгууд өртөг нь "нугарах” хэмжээнд бий. Өөрөөр хэлбэл, дуусгахгүй байж болдоггүй, онцын шаардлагагүй хөрөнгө оруулалт олон байна. Монгол Улсыг сэхээнээс аврах бодлого төсөвт шингээгүй байна. Харин ч төсөв дагасан хуулиудаар орон тоог нэмж, тэргүүн шадар сайд, хоёр, гурван агентлаг нэмлээ. Нөгөө татвар нэмэхгүй гэсэн асуудлууд хаана байна вэ. Төсөв дагасан хуулиудаар татвар нэмчихлээ. Сонгуульд зориулсан хөрөнгө оруулалт байгаа юу гэхээс оновчтой нэмүү өртөг үйлдвэрлэх хэмжээний хөрөнгө оруулалтууд дэмжигдэхгүй байна.

2018 онд төсвийн нийт орлого 6.2 их наяд байсан бол 2023 онд 19 их наяд буюу гурав дахин өсчихлөө. Дагаад төсвийн нийт зардал ч өссөн. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,5 их наядын алдагдалтай байхаар өргөн барьсан байна.

Өр зээлийн асуудал мөн өссөн. Инфляци 2022 онд 15 хувь болчихоод байна. Валютын ханш 1500 төгрөг байхад нойлын цаас тавьчхаад орилоод байсан. Одоо яаж байна вэ. Валютын ханш 3400 төгрөг хол давчихлаа. Бүх нөхцөл байдал хэд дахин дордчихоод байхад “сайн байна, тогтворжиж байна” гэсэн зүйл ярьж байна.  Зургаан жилийн дотор Монгол Улсад, нэг хүнд ногдох өр 15 сая төгрөгөөр нэмэгдчихлээ. Үүний бурууг эрх баригчид цар тахал руу чихдэг. Цар тахлын задаргааг аваад үзэхээр юу болчихоод байгаа билээ. Ер нь иргэд маань нийтийн баялгыг эрх баригчид юунд зарцуулж байгааг сайн хянаж, анхаарч байх ёстой.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР, ЗГХЭГ, ЯАМДЫН ТОО ӨСЧ БАЙНА 

-Төсвийн орлого ерөнхийдөө иргэд, татвар төлөгчдийн нуруун дээр тохогдох нь тодорхой байна. Төр өөрөөсөө хэмнэлт гаргахгүй иргэдийнхээ ачааг нэмэх нь гэсэн шүүмжлэл гарч байгаа шүү дээ?

-Тоймлож хэлбэл, нөхцөл байдал маш хүнд байгааг сөрөг хүчин бид харж байна. Гэхдээ бид хэлэхээс өөр яах юм. Гараа өргөсөн ч 13 хүн 62-ын дотор юу болох вэ дээ. Байнгын хороо, ажлын хэсгүүдэд чадлаараа хэлж, зөвлөж, сануулж завсарлага авч байна. Гэтэл эрх баригчид сүүлийн гурван жилийн төсвийг 62-ын бүлгээр хүч түрж баталж ирсэн. Монгол Улсад ашигтай байдлаар, ирээдүйдээ санаа зовнисон агуулгаар төсөв батлах, аливаа хууль тогтоомжид хандаж байна уу гэхээр  62-ын бүлэг албан тушаалын асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлт, “давхар дээл” зэрэг өөрсдөдөө ашигтай байдлаар асуудалд хандаж ирлээ. АН-ын үед “давхар дээлтэй халууцаад байна, дээлээ тайл” гээд байсан. Гэтэл МАН 65-тай, 62-ын бүлэгтэй, бүх хүч нэгдчихээд байна. Тэгэнгүүт “бид даараад байна” гээд албан тушаалын сэлгээ хийгээд, албан тушаалтны дор ажиллах ажилтны орон тоог нэмсэн. Төрийн албан хаагчдын тоо 2016 онтой харьцуулбал бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Хэмнэлтийн тухай хууль гээд л баталсан. Хэмнэлтийн тухай хуулиар хэмнээд ороод ирсэн зүйл байхгүй байна. Хэмнэлт ярихаар, дандаа анхан шат руу ханддаг. Ерөөсөө сумын төв, орон нутагт амьдарч буй хүмүүсийн цалинг, зардлыг багасгана гэж ярьдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, яамдын тоо эсрэгээр өсөөд байдаг. Тэдний улс төрийн амлалтуудын аль нь ч энэ төсвөөр хангагдахгүй байна.

Ер нь хүмүүсийг тэнэг гэж бодоод байх шиг. Ямар ч байсан эхлүүлсэн барилгаа дуусгая гэсэн харанхуй тооцоо яваад байна.

-Инфляцийг хоёр оронтой тооноос нэг оронтой тоонд оруулах зорилт бодитой байж чадах уу. Ер нь ирэх оны төсөвт иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого байна уу?

-Зоригтой алхмууд хийх ёстой. Онцын шаардлагагүй олон тооны орд харш, хөшөө, зардал нэмсэн оффис, захиргааны байр  зэргийг царцаах ёстой. Халамжийн бодлогыг танаж, зорилтот бүлэгт өгөх ёстой. Өр зээлийг зорилттойгоор бууруулах байтал нэмэгдүүлээд байна шүү дээ. Инфляцийг бууруулж чадахгүй. Монголбанкны ярьж буй зүйл, эрх баригч Засгийн газрын ярьж буй зүйл хоёр өөр байна. Манай бүлэг төсвийг бүхэлд нь ярилцаж байгаа. Би хувь хүнийхээ хувьд энэ төсвийг батлах үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл, Монгол Улсыг дампуурал руу чирсэн буюу  хүний амьжиргаанд очиж наалдсан зүйл төсөвт байхгүй байна.  Тиймээс төсвийг хэлэлцэх үе шатанд саналаа хэлээд явна. Батлах явцад оролцохгүй.

-Ярилцлагынхаа сэдвээ жаахан өөрчилье. АН-ын бүлгийн үйл ажиллагаа тогтворжсон уу. Саяхан бүлгийн дарга О.Цогтгэрэл шинэ тамгатай болсон талаар дуулгана лээ?

-Яваандаа жигдрэх байх. Миний хувьд тойрогтоо ажиллаж байгаад саяхан ирсэн. Бүлгийн эх үүсвэр нь нам. Нам хоёрдмол байдалтай байна. Түүнийг дагаад бодлогын асуудал гарч ирж чадахгүй байгаа. АН-ын хоёрдмол байдал ойрын хугацаанд засагдах байх. Засагдвал бүлгийн үйл ажиллагаа нэгдмэл байр сууринд орж, байр сууриа илэрхийлээд явна. АН-аар дамжиж, Монголын нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналаар өнөөдрийн төр засаг зуун хувь бүрдсэн. АН эдгээр сонгогчдын дуу хоолой байж, парламентийн сөрөг хүчнийхээ хувьд  эрх баригчдын үйл ажиллагааг бодитоор дүгнэж, алдаа дутагдлыг нь хэлж, шүүмжилж байх ёстой.  Сөрөг хүчний байр суурь суларч, эрх баригчид сөрөг хүчнийг зориудаар “сулруулаад” байвал ард түмэн өөрсдөө сөрөг хүчин болоод босоод ирнэ.

Сөрөг хүчнээр дамжуулж улс оронд болохгүй байгаа зүйлийг сайн сонсч, хүлээж авч үйл ажиллагаагаа сайжруулахгүй бол ард түмэн “далай” шиг гудамжинд гараад ирвэл Өмнөд Солонгос, Казакстанд болсон шиг үзэгдэл болохгүй гэхийг үгүйсгэхгүй.

Тиймээс эрх баригчид зургаан жилийнхээ амттай тортноос хурдхан салах хэрэгтэй. “Ер нь юу болоод байгаа билээ, зөв юм хийгээд байна уу гээд  асуудлаа бодитоор харах хэрэгтэй. Тэгэхгүй муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг өмнөх зүйл рүү буруугаа чихдэг байж болохгүй. МАН энэ зургаан жилд эдийн засгийг хэд дахин дордуулчихлаа.

Ирэх он жилүүдийн толь бол төсөв л дөө. Төсвийг харахад, итгэл үнэмшилтэй сайн, сайхан зүйл байхгүй байна. Тиймээс булхайтай төсвийг батлалцахгүй, оролцохгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.

АН ХҮЧГҮЙ БАЙХ НЬ МОНГОЛЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХОР БОЛНО

-Та АН-ын даргын сунгаад өрсөлдөж  байсан шүү дээ.  Ер нь АН-ын дотоод асуудлыг хэрхэн харж байна вэ. Гишүүд эвлэрэх талаар ярьж эхэллээ. Та эвлэрлийн уулзалтуудад очиж байна уу?

-АН-ын гишүүд нэг үзэл санаан дээр буй. Тэр нь эвлэрэх. АН-ыг удирдаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс олон жилийн эрх мэдлийн  амтанд орж, улс төрд тоглогч  байсан байр сууриа тавьж өгөхгүй байна.  Түүнийгээ хамгаалахын тулд дор бүрнээ АН-ын нэгдлийг гацааж байгаа юм. Тэр хүмүүс “гишүүд минь та нар өөрсдөө мэд” гээд орхивол хүсэл эрмэлзлээрээ нэгдэх гишүүн олон бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэдэн  ч их хурал хийж, намын даргын сунгаа хийв. Асуудал гишүүдэд  байгаа юм биш. Үүнийг толгойлж буй өөрсдийн хувийн эрх ашиг, үгүй бол өмнө байсан улс төрийн бүлэглэлийн  хүчээ сулруулахгүй байхын тулд энэ олон гишүүнийг золиосолж байна. АН хүчгүй байх нь Монголын хөгжил дэвшилд хор болно. Өнөөдөр дэлхий нийтийн хөгжил дэвшил ямар байна вэ, ардчилсан улс  яаж аятай таатай нөхцөл, боломжтой  байдгийг олон жишээ харууллаа. Жишээ нь ОХУ, Хятад ямар байгаа билээ. Тиймээс олон жилийн асар их хөдөлмөр, олон хүний сэтгэл шингэсэн ардчиллыг хайрлаж тогтоох нь АН-ын үүрэг байх ёстой. Эрх баригчид будлиантай байгаа энэ цаг үед АН  хүчтэй болчихвол яах вэ гэсэн айдас бий. Тиймээс АН-д эрх баригчдын гар хөл орж ирсэн. Тэрэн дээр "тоглоод" манай АН-ыг удирдаж байсан хүмүүсийн хоорондын зөрчилдөөн байгаа. Бидний хувьд бүлэг нэгдмэл байх ёстой. Дээр нь АН-ын үнэт зүйлийг тээж буй эд, эсүүд нэгдчихвэл АН хүчирхэгжих нь цаг хугацааны асуудал.

-Саяхан МАН-ын Удирдах зөвлөлөөс  1990 оны төлөөллийг дэд сайдаар томиллоо. Үүнтэй зэрэгцээд АН-ынхан “өлгийндөө өтөлж”  байхад, МАН-д дараагийн залгамж халааг авах залуучууд орж ирж байгааг хүмүүс харьцуулж шүүмжиллээ. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Амьдрал гэдэг чинь өнгөрсөн одоо ирээдүйн залгамж халаа байх ёстой. 1990 он хүртэл Монгол Улс нэг намын системтэй, коммунист дэглэмтэй явж ирсэн улс. Түүнээс хойш анх ардчиллыг бий болгоход оролцсон хүмүүс одоог болтол эрх ямбанаасаа салахгүй байгаа нь АН-д хор учруулж байгаа. Наанаа харахад  албан тушаалын төлөө “зодолдоод” нэг нь өгөхгүй, нөгөөх нь “би авна” гээд боломж бусдад боломж олгохгүй байсаар  цаг хугацаа явж байна. Гэхдээ бүхнийг дийлдэг зүйл бол цаг хугацаа. Би АН-ыг тэгж дор орсон гэж харахгүй байгаа. Зүгээр л удирдаж ирсэн зарим нэг ухвар мөчид  хүмүүсийн хоорондын мөргөлдөөн, хувийн жижиг эрх ашиг  болохоос биш АН эв нэгдлээ олоход  ард түмний 60  орчим хувь нь ижил бодол, хүлээлттэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж