COP27: Их мөнгөний хэлэлцээ

Хуучирсан мэдээ: 2022.11.07-нд нийтлэгдсэн

COP27: Их мөнгөний хэлэлцээ

COP27: Их мөнгөний хэлэлцээ

НҮБ-ын “COP27” уур амьсгалын асуудлаарх бага хурал Египетэд өчигдөр эхэллээ. Энэхүү яриа хэлэлцээ нь дэлхийн дулаарлыг хязгаарлах, дасан зохицох талаар болон уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудад төсөв мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ бол арав гаруй жил үргэлжилж  буй маргаантай яриа юм. 2009 онд аж үйлдвэржсэн орнууд хөгжиж буй орнуудад 2020 он гэхэд уур амьсгалын санхүүжүүлэхэд жил бүр 100 тэрбум долларыг олгохоо амласан. Хэлэлцээрийн үндэс нь өндөр хөгжилтэй орнууд агаар мандалд байгаа дулааны бохирдлын ихэнхийг бий болгож байгаагийнхаа хэрээр хохирлын тодорхой хэмжээгээр үүрэх байв. Гэвч 2020 онд хөгжингүй баян орнууд амлалтаа биелүүлээгүй өнгөрсөн.

Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах дэлхийн хүчин чармайлтад илүү их мөнгө зарцуулахгүй  бол дэлхий аюулд орно гэж шинжээчид үзэж байна.

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгаа өсгөхийн тулд сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд хөгжиж буй орнуудад мөнгө хэрэгтэй байна. Мөн температурын өсөлтөөс аль хэдийн тулгарч буй нөлөөллийг арилгахын тулд тэдэнд санхүүжилт хэрэгтэй. Тухайлбал, энэ зун Пакистанд 1500 хүний ​​амийг авч одсон үерийн гамшиг, мөн Өмнөд Африкт үер болж, хөрсний гулгалт үүсгэсэн аадар бороонд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн гэж эрдэмтэд үзэж байна.

Харин өдгөө ОХУ-ын Украинд хийж буй дайны улмаас үүссэн инфляци, эрчим хүчний хямрал нь хөгжингүй орнуудыг санхүүгийн амлалтаа биелүүлэхэд хүндрэл учруулна гэж үзэж байна.

АЖИГЛАГЧИД УУР АМЬСГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЭРГЭН ХАРАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) сүүлийн үеийн мэдээгээр хөгжиж буй орнууд 2020 онд төрийн болон хувийн хэвшлийн эх үүсвэрээс 83.3 тэрбум долларын санхүүжилт авсан байна. Ийнхүү санхүүжилт олгосон ч асуудал, гацаанд орсоор байна. Тухайлбал, мөнгөний дийлэнх хэсгийг зээлээр дамжуулан олгож байгаа бөгөөд энэ нь санхүүгийн хямралд орсон засгийн газруудын өрийн дарамтыг нэмэгдүүлж байна гэж шүүмжлэгчид үзэж байна.

Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттли хэлэхдээ,  хөгжиж буй орнууд ядаж л дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад санал болгож буйтай ижил таатай нөхцлөөр зээл авах боломжтой байх ёстой гэж мэдэгдэв.

Өөр нэг хувилбарыг тавьсан нь буцаан төлөх шаардлагагүй буцалтгүй тусламж хэлбэрээр уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалж байна гэж Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн Тогтвортой санхүүгийн төвийн Уур амьсгалын санхүүжилтийн хүртээмж, байршуулалт хариуцсан захирал Гайа Ларсен хэлэв.

ЯДУУ УЛС ОРНУУДАД ДУЛААРЛЫГ ДАВАН ТУУЛАХАД НЬ ТУСЛАХ САНХҮҮЖИЛТ БАГА БАЙНА

Мөнгө хэрхэн хуваарилагдаж байгаа талаар ч асуудал бий гэж уур амьсгалын санхүүгийн мэргэжилтнүүд үзэж байна. НҮБ-ын үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн зарим нөлөө эргэлт буцалтгүй бөгөөд улс орнууд хүлэмжийн хийг ялгаруулахаа даруй зогсоож чадсан ч дэлхийн дулаарлын нөлөө хэдэн арван жилийн турш мэдрэгдэх болно. Гэхдээ зарцуулагдаж буй санхүүжилтийн ихэнх нь дэлхийн температурын цаашдын өсөлтийг хязгаарлах зорилготой салхи, нарны цахилгаан станц зэрэг төслүүдэд зарцуулагдаж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хөгжиж буй орнуудад олгох АНУ-ын цаг уурын санхүүжилтийг дөрөв дахин нэмэгдүүлж, 2024 оноос эхлэн жил бүр 11 тэрбум ам.долларт хүргэхээ мэдэгдсэн. Гэхдээ энэ их мөнгөний талыг нь  Конгресс батлах ёстой.

АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Жон Керри АНУ-д болох завсрын сонгуулийн үр дүнгээс хамаарч ерөнхийлөгчийн зорилгод саад тулгарч болзошгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч Керри хөгжингүй орнууд ирэх онд 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох зорилтоо биелүүлнэ гэж мэдэгдэв. Гэвч ажиглагчид эдгээр зорилго нь хувингийн ёроолд унаж буй дусал төдий гэж дүгнэж байна. Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежер BlackRock-ийн хэлснээр хөгжиж буй эдийн засагтай орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг арилгах эсвэл нөхөхөд жилд дор хаяж 1 их наяд доллар шаардлагатай болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж