Нийгмийн сүлжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг шүүмжилсэн хэдэн арван жиргээ, пост хөвөрч байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг "Future Investment Initiative 2021" чуулганд жилийн өмнө оролцож хэлсэн түүний үг олны эгдүүцлийг төрүүлжээ.
Саудын Арабын Рияд хотод өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 28-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-д анх удаагаа Монгол Улсыг урьж оролцуулсан. Энэ үеэр Б.Болор-Эрдэнэ “…Дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд Орос улсад боловсрол эзэмшсэнд асуудал байсан. Манай улс Зөвлөлт холбоот улсаас нөлөөлөл ихтэй болохоор тэд оросууд шиг сэтгэдэг, бас тэгж ажилладаг…” гэх зэргээр ярьсныг иргэд сөхөж, ийнхүү шүүмжилж эхэлсэн байна.
Зарим жиргээчид “Эхлээд ядаж Орос бөгөөд Зөвлөлт гэдгийнхээ ялгааг олоод харчихвал, тийм ээ? Тэгээд эх хэлээрээ зөв бичдэг болчихвол хазгай англи хэл дараагийн асуудал л даа”, гэсэн бол нэг нь “Хөгшин хүмүүс гээд байгаад нь өөрийнх нь аав багтах бөгөөд эхлээд ааваасаа сал гэсэн “зөвлөгөө” өгчээ.
Харин зарим нь “Манай 50-иас дээш насныхны 99.9 хувь нь Зүүн Европ болон Монголд суралцсан. Боловсрол, хөгжил хоёрын алийг нь ч ойлгоогүй хүн л ингэж хөгжлийн “гацаа, саад” тайлбарлах бус уу”, “Яриа нь ч муухай, англи нь ч муухай, хөдөөний тэнэг орк байна. Улс төлөөлүүлж бүр болохгүй. Иччихлээ. Найзуудтайгаа буу халж суугаа юм байх даа. Гаднын ахмад насны гурван хүн дунд суучихаад. Тэдэнд туршлага бол алт шүү дэээ. Тэнэг, дахин дахин ичив” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ