Ирээдүйн өв сангийн тухай хуулиар тус сангийн мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй байхаар хуульчилж, 2019 оноос анхны хуримтлал үүсч эхэлсэн. Гэвч эдийн засгийн хүнд нөхцөлтэй холбоотой хэмээн үзэж, 2022 оны Төсвийн тухай хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдах мөнгийг Хүүхдийн мөнгийг олгоход зориулахаар болсон билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Ирээдүйн өв сантай холбоотой заалтыг зөвхөн 2023 онд л хэрэгжихээр нэг жилээр хойшлуулж байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй ийм үед хуримтлалын сан дээр мөнгө хуримтлуулж байснаас илүүтэй эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэе гэж үзээд Ирээдүйн өв сантай холбоотой хууль тогтоолыг зөвхөн 2023 онд үйлчлэхээр өөрчилж байгаа юм.
Ирээдүйн өв сангийн үлдэгдэл мөнгө 2.4 их наяд төгрөг байдгаараа байгаа. Үүнийг зарчихсан, хэрэглэсэн мэт ярьж байна билээ. Тэр бол улстөржиж байгаа хэрэг" гэж хэлсэн.
Сангийн яам 2023 онд 540 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлнэ гэж тооцжээ.
Төсөлд тусгаснаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журамд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулахаар санал гаргажээ. Үүнд "Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.2-т заасан Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна” гээд энэ хуулийг 2023 оны нэгдүгээр 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэжээ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд, "2024 онд 0, 2024 оноос 65 байна" гэж өөрчлөх санал гаргаж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 29 буюу 51.8 хувийн саналаар дэмжсэн юм. Энэ дагуу 2025 оноос л Ирээдүйн өв санд АМНАТ-аас мөнгө хуримтлагдах аж.
Холбоотой мэдээ