Тойм: Халаа сэлгээ, Хөгжлийн банкны "хэрүүл"-тэй долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

Тойм: Халаа сэлгээ, Хөгжлийн банкны "хэрүүл"-тэй долоо хоног

Тойм: Халаа сэлгээ, Хөгжлийн банкны "хэрүүл"-тэй долоо хоног

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБЫГ ТОМИЛОВ

Энэ долоо хоногийн онцлох нэгэн томилгоо нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын томилгоо байлаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Даваа гариг (2022.11.01)-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тус хуралдаан дээр “Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.10 дахь заалтыг үндэслэн Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар УИХ-тай зөвшилцөн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцуулсан юм.

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн.

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж буй аж.

Бригадын генерал С.Ганбямба Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ. Тэрбээр 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга.

2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны есдүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны есдүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж буй.

Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангажээ.

Тэрбээр Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдсан юм.

Байнгын хорооны гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар батлан хамгаалах салбарт болон цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, шалгуур хангасан хүнийг томилох санал оруулж ирж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цэргийн дүрэмт хувцасны хавтгайрсан хэрэглээг цэгцлэх, орон нутагт байгаа цэргийн ангиудын барилга байгууламжийг шинэчилж сайжруулах, зэвсэгт хүчний техникийн хангалт, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг зохих хүрээнд шат шатны удирдлагууддаа сайн ойлгуулж, ажиллахыг захиж байлаа.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сургалт үйл ажиллагааны талаар ар гэрт нь тогтмол нээлттэй мэдээлэл өгдөг болох арга хэмжээг зохион байгуулах,  цэргийн алба хаах хугацаанд нь давхар мэргэжил олгох сургалтуудыг холбогдох аймаг орон нутгийн байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтарч зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүсэв.

Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирох, амь нас нь эрсдэж буй асуудлыг судалж үзэхээр дүрмийн бус харилцаанаас эхтэй байдаг. Иймд алба хааж буй залуучуудын эрүүл мэнд, амь насны асуудлыг цэргийн байгууллага бүрэн хариуцдаг учраас дунд, доод шатандаа дүрмийн бус харилцаа байх ёсгүй гэдгийг хатуу анхааруулж, ажиллах шаардлагатай гэв.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг тус байнгын хороо, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжив. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 209 дүгээр зарлигаар бригадын генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилов.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХАРИУЦЛАГА АЛДСАН ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛСӨН ГЭВ

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад шаардлагатай бүх талын дэмжлэг, тусалцаа үзүүлж хамтран ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудад даалгав.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тус компани уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж эхэлсэн зэрэг арга хэмжээ авчээ.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2022 оны аравдугаар сарын 29-ний хуралдаанаас дундын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын квотыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө батлан, нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх үе шатыг оновчтой зохион байгуулах, хяналтыг сайжруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газраас өгсөн энэ үүргийг биелүүлэх боломжтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт (2022.10.27) ажлаа хүлээлгэн өгсний дараа тус компанийн таван даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Энэ талаар тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ буюу Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" компанийн таван даргыг хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үнэн" гэв.

ТӨСӨВ 2023: УДАХГҮЙ ХИЛЭЭР ГАРЧ БУЙ БҮХ НҮҮРС ИЛ БОЛНО

Ирэх 2023 оны Төсвийн төсөл энэ долоо хоногийн анхаарал татсан асуудлуудын нэг байлаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн дээрх асуудлын хүрээнд асуулт асууж хариулт авав. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа “Ирээдүйн өв сангийн тухай хуулийг зөвхөн 2023 онд хэрэгжихээр оруулж ирсэн. Эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаа шийдье гээд нэг жил үйлчлэхээр заасан. Санд 2.4 их наяд төгрөг хэвээр байна. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн үеэс булхай луйврыг нь гаргаж тавьсан. 2023 онд Самурай, евро бондыг төлнө. Иений ханш унасан үед мөнгөө цуглуулаад авч байгаа нь зөв. Сангийн яамнаас евро бондын асуудлыг боловсруулсан. Хөгжлийн банкны евро бондыг дефолт болгоод хаяж болох ч олон улсын үнэт цаасны зах зээл дээр бага хүүтэй бонд босгох боломжгүй. Гадаад орчинд Хөгжлийн банк буюу төрийн банк нь авсан зээлээ эргүүлж төлөөгүй учир бондыг нь битгий ав гэнэ. Энэ бондыг ирэх оны 10 дугаар сард төлөх ёстой. Засгийн газрын тогтоолд “шаардлагатай бол“ гэж оруулж ирсэн. Засгийн газар бүх арга чадлаараа ажиллан, зөв болгох гэж оролдож байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Макро эдийн засгийн тооцоо судалгаа хийх боломжгүй байдаг. Орлогоо гүйцэд авахаар онцгой дэглэм тогтоон ажиллаж байна. Удахгүй хилээр гарч буй бүх нүүрс ил болно. Худалдан авах хүмүүс нь өрсөлдөж байж Монголын баялаг үнэд орно. Тиймээс Засгийн газар биржээр нүүрсээ зарж, валютын урсгал, нөөцийг нэмэх алхмыг шат дараатай хийж байна” гэв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДАЛД ХОЛБООТОЙ ЭРХМҮҮД САНДАРЦГААВ

Өнгөрч буй долоо хоногт олны анхаарлыг татсан асуудал нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн өр барагдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн явдал байв.

Засгийн газрын 2010 оны тогтоолоор Хөгжлийн банк байгуулахаар шийдэж, бие даасан хууль батлан 2011 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тус банк олон улсын зах зээлээс хөрөнгө төвлөрүүлж, стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр санхүүжүүлэх замаар макро эдийн засгийг дэмжих зорилготой байв. 2011-2022 онд 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний эх үүсвэрийг татан төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын “Чингис” бондын эх үүсвэр, 2 тэрбум ам.долларыг нь тус банк өөрөө татан төвлөрүүлсэн. Дээрх 3.5 тэрбум ам.доллараас 3 тэрбумыг нь төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд, 0.5 тэрбумыг нь өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилтэд зориулжээ.

Хөгжлийн банк 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт олгож, үүнээс 1.4 тэрбум ам.долллар буюу 40.8 хувийг төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлөөр, 0.5 тэрбум ам.доллар буюу 15.1 хувийг дамжуулан санхүүжүүлэх хэлбэрээр, 1.5 тэрбум ам.доллар буюу 44 хувийг улсын төсвийн шинжтэй, их хүүтэй валютын эх үүсвэрээс санхүүжүүлж болохгүй төсөлд хөрөнгө оруулсан байна. Ингэхдээ 2011-2016 онд 2.5 тэрбум ам.доллар буюу 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгосон бол 2017-2022 онд 1 тэрбум ам.доллар буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгожээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Төв банкны хяналт шалгалт зохицуулалтын оролцоог хангах талаар тусгаагүй, санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, сайн засаглалын зарчим мөрдөөгүй нь банкны санхүүгийн чадавхыг сулруулж, эрсдэл бий болгосон. Засгийн газар 2012-2016 онд нийт 120 тогтоолоор, тухайн үеийн ханшаар 8.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкаас гаргахыг даалгаж, 2.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ. Төсөл нэртэй хувь компанийг нэр цохон даалгасан тогтоол бий. Тодруулбал, шинэ бүтээн байгуулалтыг дэмжих нэрээр “Эрэл” ХХК-ийн байшин үйлдвэрлэх комбинат төслийг тусгайлан нэр зааж, олгох санхүүжилтийн дүнг тогтоолдоо бичиж үүрэг болгосон. Мөн “Шинэ яармаг” орон сууцны хороололд 50 сая ам.долларын, төмрийн үйлдвэрийг дэмжих нэрээр “Монлаа” ХХК, “Бэрэн” групт зээл олгохыг даалгасан. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй, төр хэн нэгэнд давуу байдал бий болгосон алдаа. Эдгээр төслөөс заримынх нь үйл ажиллагаа эхлээгүйгээс гадна чанаргүй зээл нийт зээлийн 70 гаруй хувийг эзэлж байна.

Монголбанкнаас 2021 онд тус банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй 3.2 их наяд төгрөгийн зээлээс чанаргүй нь 1.8 их наяд төгрөгт хүрч, чанаргүй зээлийн хэмжээ нийт багцын 55 хувьд хүрснийг албажуулсан. Засгийн газрын тогтоолоор олгосон зээл нийт зээлийн 73 хувийг эзэлж, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын ирмэгт хүрсгэсэн” гэв.

Хөгжлийн банк 2023 оны 10, 12 дугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд арилжсан 500 сая ам.долларын “Евро” бонд, Японы зах зээлд арилжсан 30 тэрбум иенийн “Самурай” бондын эх үүсвэр буюу 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийх хуваарьтай. Иймд яаралтай арга хэмжээ авахгүй бол олон улсын банк санхүүгийн өмнө гэрээгээр хүлээсэн зөрчил үүсэж, эх үүсвэрүүд хуваарьт төлөлтийн хугацаанаас өмнө буцаан дуудагдана. Энэ нь Засгийн газрын бусад эх үүсвэр ч хугацаанаас өмнө төлөгдөх, гадаад өрийн дарамт учруулах эрсдэлтэй. Иймд Засгийн газраас Хөгжлийн банкны өр барагдуулахад анхаарч байна.

Одоогоор 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг шүүхийн шатанд шийдэгдлээ. Нийт 41 зээлийг эргэн төлүүлэх, эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байна. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 16 хувьд хүрч, зохистой харцаанд хүрч байна. Эдгээр зээлийн эргэн төлөлтийг 2022 оны эцэст 1 их наяд төгрөгт хүргэхийг зорьж байна. Ингэснээр оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт 20 хувь хүрэх боломж бүрдэнэ. Улмаар Хөгжлийн Банкийг санхүүгийн хувьд дампуурах эрсдэлээс гаргаж, хэвийн үйл ажиллагаатай болгон, банк бие даан 2023 оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай, томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой болно" гэж хариулсан юм.

Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  мэдээлэл хийж, Сангийн сайд Б.Жавхланг огцруулах таван үндэслэл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгч буйгаа мэдэгдсэн. Түүнээс онцолбол, тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн Хөгжлийн банктай холбоотой хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосныг шийдвэрлэх хэрэгтэй. 2017 онд нэр бүхий 11 гишүүнтэй хамтарч “Хөгжлийн банк”-ны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкны удирдлагууд таван тэрбумыг олгох хэрэгтэй болсон. “Чингис хаан” банкинд 49 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулаад байхгүй болгосон. Одоо энэ мөнгийг хэн авах юм бэ. Гэтэл уг мөнгийг авахгүй найдваргүй болсон байх үед Сангийн сайд төрийн баталгаа гаргаж, гадаад зээл төлнө гэсэн асуудлыг боль гээд байна. Үүнийг боль гэхээр урдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр барина гээд тэнэгтээд байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан банк, зээлийн сан бүрт гар дүрж байна. Өөрийн дүү Б.Амгаланг Монголбанкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд ажилд оруулсан. Нийт 2,8 тэрбум төгрөгийг “Жэт Финанс” ББСБ-даа авсан. Жилийн зургаан хувийн хүүтэйгээр аваад цааш нь хэдээр өгдөг юм. Ер нь бол мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-д нөлөөлж зээл олгуулсан байж магадгүй асуудал яригддаг.

Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй тул нэн даруй огцруулж, АТГ-т шалгуулах шаардлага хүргүүлж байна. Үүнд, Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайд Б.Жавхланг "Шударга баймаар байна. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайдын мэдээллийг цөөнхийн бүлгийн гишүүдэд тараасан. Есөн хуудас материал. Гэтэл Б.Жавхлан сая тэс өөр юм уншлаа. Б.Жавхлан өөрөө гэмт хэрэгтэн мөн юм байна. Ц.Даваасүрэн гэдэг хүн энэ хүнийг Хөгжлийн банкийг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ.

Б.Жавхлан Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан материалаас тэс өөр гүтгэлгийн шинжтэй зүйлийг УИХ-ын индэр дээрээс уншиж байна. Ард түмэн үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Бид юу асууж, юу мэтгэлцэх юм бэ? 2017 онд хүмүүсээ тавьж байгаад, Хөгжлийн банкнаас хэд хэдэн удаа мөнгө идчихсэн гэж Ц.Даваасүрэн өчнөөн хэлсэн. Үүнийг яагаад хуулийн байгууллага шалгахгүй байна вэ? Ерөнхий сайдын тараасан мэдээллийг Сангийн сайд өөр болгож уншиж болдог юм уу? Б.Жавхлан та хуулийн дагуу материалаа тараа. О.Цогтгэрэл дарга аа, завсарлага аваад, Ерөнхий сайдтай уулзах хэрэгтэй байна" гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан хариуд нь “Н.Алтанхуяг гишүүн, та битгий сандар. Миний танилцуулсан дотор нэг ч үсэг, зөрүүтэй тоо байхгүй. Өнөөдөр Хөгжлийн банкин дээр буй 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй зээл. Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэр гаргадаг. Чанаргүй зээлийн 1.5-ынх нь шийдвэрийг гаргасан хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Бүх бичиг баримтыг дахиж гаргаж хүргүүлж болно. Та битгий сандар. Одоо сандраад хэрэггүй.

Монгол Улсын өр зээлийн асуудлаар шударга хүн болох эрх танд байхгүй шүү. Таны тавьсан балгийг өнөөдөр энэ үе төлж байна. Тухайн үед та “Өр тавиад байя, өр тавиад байя” гэж хэлсэн. “Чингис" бондын нэг тэрбум нь чанаргүй зээл болоод, Хөгжлийн банк дээр байж байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны авчирсан өрийг төлж байгаа шүү” гэв. Мөн тэрбээр “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ална, шулна даа тулаад явчихлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж