"MindGolia, үндэсний клауд дэд бүтэц бий болгоно"

Хуучирсан мэдээ: 2022.11.06-нд нийтлэгдсэн

"MindGolia, үндэсний клауд дэд бүтэц бий болгоно"

"MindGolia, үндэсний клауд дэд бүтэц бий болгоно"

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар "Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалт өчигдөр (2022.11.05) зохион байгууллагдлаа. Уулзалтын гол зорилго нь төрийн үйл ажиллагааг цахимжуулах, цахим шилжилтийн талаар төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгох юм. Мөн салбар бүрээс танилцуулах илтгэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх шийдлийг эрэлхийлэхэд оршиж буй аж.

Уулзалтын эхэнд цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал яамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар илтгэл тавилаа. Энэ хүрээнд дүрэм журмын саад тотгорыг арилгах, төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх, салбаруудын цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх, E-Business систем нэвтрүүлэх. MindGolia буюу програм хангамжийн цахим дэлгүүр, үндэсний клауд дэд бүтэц бий болгох, төрийн байгууллагуудын ERP ашиглалтыг сайжруулах, албан бичиг солилцооны дундын систем нэвтрүүлэх, төрийн албанд мэдээллийн технологийн чиглэлийн чадварлаг хүний нөөц тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх, ухаалаг аймаг, хотын стандартыг нэвтрүүлэх ажлуудыг танилцуулсан юм.

Энэ үеэр зарим яамны гишүүд цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтээ дэвшүүллээ.

"62 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СЕРВЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧХААД ӨНӨӨДӨР АШИГЛАДАГГҮЙ"

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Тэрбээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2023 оны төсөвт нэг ч программ хангамж төсөвлөөгүй, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ. Цахим шинэчлэл мэдээллийн технологийг ашиглах нь иргэдийн амьдралыг илүү хялбарчлах, чанарыг сайжруулах зорилттой. Тиймээс цахим шилжилт гэдэг нэг салбарын асуудал биш Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбар дундын уялдааг хангаж ажиллах ёстой. Төрийн цахим үйлчилгээний 90 хувь нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үндсэн систем дээр хадгалагдаж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам аюулгүй байдал хангалт, хяналтыг хариуцна. Системээр дамжуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй үзүүлэх хамгийн том зорилт юм. Тиймээс салбар дундын уялдаан дээр голлон анхаарч байна.

Өнгөрсөн хоёр жилийн дотор 62 тэрбум төгрөгийн сервер тоног төхөөрөмж авчхаад өнөөдөр ашигладаггүй. Төр программ хангамжийн худалдан авалт хийдэг ч ажлын даалгавраа буруу зарлагаас болоод маш олон төсөлт хөтөлбөр амжилтгүй болсон байдаг. “Эрдэс Тавантолгой” компани 2.4 тэрбумаар ERP систем худалдаж авч байхад дэргэдэх “Зүүнбаян төмөр зам” компани 5,9 саяар адилхан систем худалдаж авсан байсан. Энэ жишээнээс харахад, салбарууд хоорондоо интеграци хийж чадахгүй байна. Улсын хэмжээнд 14 ERP систем хэрэглэдэг ч бичиг солилцоогоо шийдэж чадахгүй байна. Тэгэхээр өнөөдөр шийдлүүдийг танилцуулж, энэ ондоо багтаан дотоодын бичиг солилцооны системийг хооронд нь уялдуулна.

Мөн программ хангамж худалдаа авалтуудыг дижитал захад байршуулж, Худалдан авах газартай хамтран давхардсан хөрөнгө оруулалт, давхардсан худалдаа авалтыг шууд ерөнхий гэрээгээр худалдан авах зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлыг Эдийн засгийн яамтай хамтран эхлүүлээд байна. Ингэснээр E-Mongolia систем дээр зөвшөөрөл бүрэн орж, E-Business орчин бүрдэж, зөвшөөрлүүдийг цахимжуулна. Төр хувийн болоод яамны бүх зөвшөөрлийг цахимаар авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Төр болон хувийн хэвшлийн компаниудаа дэмжиж ажиллах бололцоо бүрэн бий. Салбар дундын уялдаагаа нягт болгосноор тодорхой нэгдсэн үр дүнд хүрэх юм.

Арванхоёрдугаар 1-ний өдрөөс өмнө бүх лавлагааг төрийн үйлчилгээний цэгээс авдаг болгох ажлыг зохион байгуулаж байна. Энэ ондоо багтаж цахим шилжилтийн олон ажил үр дүнд хүрнэ. Цахим шилжилт амьдралыг амар хялбар болгох ёстой. Төрийн бүх үйл ажиллагаа нэг учир бүгд нэгдэж ажиллах хэрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам цаашдаа төрийн хүнд суртлыг бууруулах салбар дундын уялдааг хангуулах, авлигын индексийг бууруулахад туслалцаа үзүүлнэ. Хүний оролцоогүйгээр цахим технологийн дэвшлээр үйлчилгээгээ авдаг болохоор арын хаалга, хүнд сурталгүй болно гэж хэлсэн юм.

ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир тус салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх гэж буй ажлын цахим шилжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр боловсролын салбар цахим шилжилтийн ажлыг тодорхой хугацаанд боловсролын түвшин бүрд мэдээллээ цуглуулах ажлуудыг шийдвэрлэж байсан. Харин энэ жилээс илүү иргэд рүү чиглэсэн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэг болон нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулах ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран E-Mongolia системээр зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн хүртэмжийг шийдвэрлэх ажлыг гурван үе шаттайгаар зохион байгууллаа.

Төрийн байгууллагууд төрөөс иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээг бүгд нэгдсэн цонхоор үзүүлэх нь иргэдэд ойлгомжтой ил тод, хялбар байх шаардлагыг тавьж хамтран ажиллах, мөн хоорондоо мэдээллүүдээ дамжуулан илүү хүртээмжтэй, үр дүнтэйгээр үйлчилгээ явуулах тал дээр хамтарч ажиллана. Боловсролын салбар нь бүх иргэнд хүрдэг салбар юм. Таны хүүхэд ямар сургуульд суралцдаг, өнөөдөр ямар хоол идсэн мэдээллийг иргэд хүлээн авахад ойлгомжтой хялбар байх, мөн боловсролын баримт бичиг диплом, ЕБС-ийн гэрчилгээний лавлагааг цаасан биш цахим системд оруулах ажил хийж байна" гэлээ.

ТАРИАЛАНЧ БОЛОН МАЛЧДАД ЦАХИМААР АЖИЛЛАХ ЧАДВАР ХЭРЭГТЭЙ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийн технологи статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан тус салбарт хэрэгжүүлж буй цахим шилжилтийн талаар мэдээлэл өгч санал дэвшүүллээ. Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүнсний ногооны урамшууллын мэдээллийг цахимаар авах хүсэлт гаргасан. Хүнсний ногооны урамшуулал нь дотоодын ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилготой. Өмнө нь үр тарианы урамшуулал олгодог байхад цаас болон бүрдүүлэх материал шаарддаг байсан. Цахимд шилжсэнээр энэ асуудал байхгүй болсон.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мал аж ахуй болон тариалангийн цахим системийг сайжруулаад байна. Орон нутагт амьдардаг тариаланч болон малчдад цахимд ажиллах чадвар хэрэгтэй байна. Тэгэхээр тэдэнд мэдээлэл өгөх талын ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим үндэстэн болгох” зарчмын хүрээнд иргэдэд системийг зааж чиглүүлэн, тухайн хүн өөрөө технологи ашиглах чадамжийг дээшлүүлэх шаардлагатай байна" гэв.

"УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНААС ОЛГОДОГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БҮРЭН ЦАХИМЖУУЛСАН"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны цахим бодлого мэдээллийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв мэдээлэл өгч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх ажлын цахим шилжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2020 оноос цахим шилжилтийг хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд “Эрдэс баялгийн цахим засаглал” гэдэг бодлого дэвшүүлж ажиллаж байна. Тухайн бодлого нь төрийн үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй болгох зорилттой. Энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээний гурваас дөрвөн ажлыг цахимд хамруулсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох систем бүрдүүлэн ажиллаж байна.

Хайгуулын 1000 гаруй тусгай зөвшөөрлийг 2018 оноос хойш сонгон шалгаруулалтаар олгосон байдаг. Нэг жилдээ 40 орчим тусгай зөвшөөрлийг олгодог. Энэ оны дөрөвдүгээр сараас хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажлыг эхэлж, одоогоор бүрэн хангаад байна. Өмнө нь 10-30 талбайг ялгаж зарладаг байсан бол сонгон шалгаруулалтыг цахимаар олгосноор нэг дор 400 орчим талбайг зарлаж, систем нь хүний оролцоогүйгээр үнэлгээгээ өгч, шалгаруулж байна" гэсэн юм.

Энэхүү уулзалтад төрийн 75 байгууллагын 160 гаруй албан хаагч оролцов. Тэд салбарынхаа цахим шилжилтийн бодлого, төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, ЦХХХЯ хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж