Жүдо бөхийн Бакугийн Гранд Слам өчигдөр/2022.11.04/ эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн нийт 18 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр хоёр медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Б.Цогт-Очир хэсэгтээ Израилийн Матан Коколаевыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Азербайжаны Балабай Агаевд ялагджээ. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Дилшодбек Баратовыг, хүрэл медалийн төлөө мөн тус улсын Кемран Нуриллаевыг тус тус ялжээ.
Эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Эрхэмбаяр тавдугаар байр эзэллээ. Тэрбээр хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан ч эхлээд Тажикстаны Мулоражаб Халифаевд дараа нь Испанийн Давид Гарсиа Торнед тус тус ялагджээ.
Эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү хүрэл медалийн төлөө Сербийн Милица Николичтой барилдсан ч ялагдал хүлээжээ.
Эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам хэсгээ тэргүүлэн хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеваг ялжээ. Ийнхүү алтан медалийн төлөө Диёора Келдиёороватай учраа таарсан ч торгуулиар ялагдав.
Эмэгтэйчүүдийн -57 кг-д Г.Мөнхтуяа Их Британийн Некода Смит-Дэвист ялагдан тэмцээн өндөрлүүлсэн.
Холбоотой мэдээ