С.Баярцогт мэдэгдэл хийлээ. Монголын болон гадаадын хуулийн байгууллагаас түүнд үүсгэсэн хэрэг, ялласан шийдвэрүүдийг хүчингүй болгож, цагаатгасан талаар мэдээлсэн ба тэрбээр 2022.11.02-нд Швейцарын эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолтыг нийслэлийн прокурорын байгууллагад гардуулав. Гэсэн хэдий ч нийгэмд хардлага байсан хэвээр, яагаад Швейцар гэж?
Монголын хууль хяналтын байгууллагуудад итгэх итгэл аль хэдийнээ алдагдсанд.
Ардчилсан хөдөлгөөнийг үндэслэгчид, хоёр дахь үеийн удирдагчдаас нэр бүтэн үлдсэн хүн байна уу?
Монголын төрийн толгойлох хэсэг дампуурч ялзран, боловсрол, мэргэшил, туршлага, чадавхитай хүмүүсийг шахаж зайлуулж байгаагийн шалтгаан юу вэ?
Улс төрийн технологи Маккиавеллигаас хойш нэг их өөрчлөгдсөнгүй. Тиймээс түүхийн үйл явдлуудыг жишиж харьцуулах нь сургамжтай. Нэгэн түүхийг өгүүлье.
БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдуны 1950-иад оноос явуулсан “Их үсрэлт” хэмээх кампанит ажил дампуурч, ХКН-ын удирдлагад хагарал гарчээ. 1959 онд БНХАУ-ын Даргаар сонгогдсон Лю Шаоци тэргүүтэй намын бусад удирдлага Мао Зэдуны бодлогод эргэлзэж, 1965 оны эцэст Лю Шаоцигийн дэмжлэгтэйгээр засгийн газрыг тэргүүлж байсан Жоу Эньлай болон Дэн Сяопин нар нууцаар зөвлөлдөж, жижиг үйлдвэрлэгчдийг дэмжсэн эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Тэр үед өвчтэй байсан Мао дарга Лю Шаоциг өөрийн байр суурийг эзэгнэх оролдлого хийж байна гэж үзэж байв. Өвчнөөс илааршсныхаа дараа нам дотроо цэвэрлэгээ хийх зорилгоор “Соёлын хувьсгал”-ыг сэджээ. Соёлын их хувьсгал буюу пиньинь нь 1966-1976 оны үед Мао Зэдун даргын шууд удирдлага дор өрнөж, хэрэгжсэн намын дотоод тэмцэлийн илэрхийлэл байсан бөгөөд улс төрийн өрсөлдөгчид болох намын бусад удирдагчдыг нухчин дарах, замаасаа зайлуулах, устгахад чиглэсэн үзэл суртал-улс төрийн кампанит ажил байлаа.
Мао Зэдун намын дотор өөрийг нь эсэргүүцэж байсан хүмүүсийг үй олноор хэлмэгдүүлсэн төдийгүй сэхээтэн, ялангуяа соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсролын шилдэг төлөөлөгчдийг үгүй хийж нөхөж баршгүй хохирол учруулсан юм.
Маогийн эхнэр Зян Цин тэргүүтэй намын нөхөд нь түүний ганхсан байр суурийг бэхжүүлэхийн тулд 1966 оны 5 дугаар сарын 16-нд ХКН-ын Улс төрийн Товчооны «16.05 Удирдамж» гаргаснаар энэхүү аймшигт Соёлын хувьсгалын эхлэлийг тавьж, түүнийгээ залуучууд (хунвэйбинчүүд)-ын гараар хийсэн. Соёлын хувьсгал эхэлснээр Хятадад “өөрийгөө шүүмжлэх” ээлжит кампанит ажил өрнөж, тус улсын хоёрдахь хүн гэгдэж байсан Лю Шаоци байр сууриа алдав. Тэрбээр үндсэндээ гэрийн хорионд орж, гэрийнх нь ойролцоо залуучуудын цуглаан жагсаал байнга хийн, доромжилж, түүнийг ч, гэр бүлийг нь ч сэтгэл санааны хүчтэй дарамтад оруулж байв. Эцэстээ түүнийг шоронд хорьж 1969 оны эцсээр тэндээ таалал төгсчээ.
1967 оны 6 дугаар сарын 22-нд ХКН-ын Умард хятадын Төв Хорооны гишүүн Ли Лисань амиа хорлов. Дэн Сяопиныг 1966 оны 8 дугаар сард ЕНБД-аас нь огцруулж, 1967 оны 7 сарын 29-нд эхнэрийн хамт гэрээс нь чирж гарган, зодож жанчин доромжилж улмаар гэрийн хорионд оруулав. Хунвэйбинчүүд хүүг нь эрүүдэн тамлаж 3 давхараас шидэж тахир дутуу болгов. 1969 оны 10 дугаар сарын 22-нд Бээжингээс Наньчан руу цөлж, явган цэргийн ангид байрлуулж, тракторын үйлдвэрт ажилчин болгов. 1973 онд Жоу Эньлай Маог ятгаж, түүний засгийн газарт шадар сайд болтлоо цөллөгөт байв.
Мао зөвхөн дээд удирдлагад цэвэрлэгээ хийх нь хангалттай бус гэж үзэж, намын гишүүдийн цэвэрлэгээг масс шинжтэй болгосон. Тэрээр “хуучин үзэл суртал, хуучин соёл, уламжлал, хуучин удирдлагын аргаар” шинэ нийгмийг бүтээн байгуулах боломжгүй хэмээн сурталчилж тэдгээрийг тээгч бүх төлөөлөгчид устаж үгүй болох ёстой хэмээв. Ахлах ангийн сурагчид, оюутнууд хунвэйбин буюу бидний сайн мэдэх улаан хамгаалагчид, заофан буюу залуу ажилчдаас бүрдсэн бүлэглэлүүдийг юу дуртайгаа хийхийг зөвшөөрчээ. Массын гарт эрх мэдэл орох ямар аймшигтайг соёлын хувьсгалын үйл явц гэрчилнэ. “Ангийн дайснууд” буюу багш, сэхэээтэн, байгууллагын дарга даамал нэртэй бүх хүнд “дазыбао” буюу пайз хүзүүнд нь углаж, гудамжинд мөлхүүлэх, хувцсыг нь урж хаях, ер нь хүний санаанд үл багтах бүхий л доромжлолыг амсуулж байв. Оюутан сурагчдын амралтыг 6 сар болгож 50 сая залуус Тээврийн яамнаас олгосон үнэгүй зорчих эрхээр улс орон даяар хэрэн явж “туршлага солилцож” байжээ. Хунвэйбинчүүдийн удирдагчдын ихэнх нь янз бүрийн үл бүтэх айлын хүүхдүүд байсан боловч, Кантон хотын улаан хамгаалагчдын 45 хувь нь сэхээтний хүүхдүүд байсан тухай дурьддаг. Бүх номын дэлгүүр хаагдаж, Маогийн хэлсэн үгийн ишлэлийн цуглуулгыг л зөвшөөрчээ. Хатуу хуванцараар ишлэлийн номын хавтсыг хийж, хүмүүсийг нүүр нүдгүй балбаж, гудамжинд зогсоож эмэгтэйчүүдийн үс гэзгийг тайрах, гутлын өсгийг хугалах, гэр оронд нь шууд орж нэгжлэг хийх, үнэт эдлэл, мөнгийг нь хурааж авах, “хөдөө хотыг хүрээлнэ” кампанит ажлын дагуу 20 сая гаруй дээд боловсрол эзэмшсэн залуучуудыг гэр орноос нь хүчээр явуулж алслагдсан хөдөөд тосгодод илгээн ажиллуулж байв. Ил задгай болсон дээрэм тонуул, залуусын дураар авирлалт хэрээс хэтэрч, хунвэйбинчүүд гарал үүслээрээ хоёр хуваагдаж (улаан хамгаалагчид нь оюутан, сэхээтэн болон намын ажилтнуудын гэр бүлээс үүссэн залуучууд, хар нь ажилчин, ядуусын төлөөлөл), тэдгээрийн бүлэглэл хоорондоо эвлэршгүй тэмцэж эхлэв. Зөвхөн Кантонд 1967 оны 7-8 дугаар сард болсон “Улаан туг” ба “Коммунизмын салхи” хэмээх хоёр бүлэглэлийн хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд 900 гаруй залуус амь эрсэджээ. 1967-1969 онд Өвөр Монголд өрнөсөн эмх замбараагүй байдлаас үүдэлтэй 20 мянган хүн алагдаж, 300 мянган хүн шархаджээ.
Мао хяналтаа алдаж эхлэв. Тиймээс тэрээр арми, тариачдын ардын цагдааг дайчилж хунвэйбинчүүдийг дарах ажиллагаанд ашиглав. 5 толгойлогчийг алс хязгаарт цөлж, гахайн ферм дээр ажиллуулав. Эсэргүүцсэн зарим удирдагчдыг нь Шанхайд нийтийн өмнө буудан хороов. Үүний үр дүнд 1967 оны 9 дүгээр сар гэхэд хунвэйбинчүүдийн бүлэглэлүүд өөрсдөө тарж татан буугджээ.1967 оны намар 1 сая, 1970 онд 5.4 сая хунвэйбинчүүдийг алслагдсан нутагт цөлж ихэнх нь тэнд 10 гаруй жил хүнд хүчир ажил хийж амьдарчээ.
Залуучуудыг ингэж ашигласан хэдий ч “соёлын хувьсгалын” онол-практикийг тухайн үед буруушаагаагүй байна.
Хоёрдахь үе шат нь “Уулын оргил өөд, хөдөө тосгод уруу” гэсэн 5 дугаар сарын 7-ны “Боловсон хүчний сургуулиуд” нэртэй кампанит ажил 1969 оны 5 дугаар сараас эхлэн 1971 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжлэв. Энэ нь төрийн дээд албан тушаалтнуудыг “биеийн хүчний хөдөлмөр эрхлэлтээр хүмүүжүүлэх” зорилготой 18 мужид 106 сургууль байгуулснаар эхэлсэн. Дэн Сяопин тэргүүтэй төв засгийн 100 мянган төрийн дээд тушаалын албан хаагчдыг 30 мянган гэр бүлийн гишүүдийн хамт эдгээр сургуульд явуулжээ. Энэхүү хэлмэгдүүлэлтийг уламжлалт арга буюу нийгмийг аюулгүй байдлаас хангах байгууллагаар гүйцэтгүүлсэн. Үүний бэлтгэл болгон 1968 оны эхний хагаст “үндэсний аюулгүй байдлын эсрэг нууц бүлгэмүүд ажиллуулсан” нэрийдлээр 346 мянган хүн баривчлагдсанаас гуравны хоёр нь өвөр монголчууд байв. Шаньси мужийн нэгэн үйлдвэрт 547 “тагнуулч”-ийг илрүүлжээ. Юннань мужид үндэстний цөөнхийн эсэргүүцлийг дарахын тулд 14 мянган хүнийг цаазлажээ.
Ийнхүү 1976 оны 10 дугаар сар хүртэл буюу Мао Зэдуны нас нөгчих хүртэл үргэлжилсэн энэхүү аймшигт түүхэн үйл явдлын хохирогсдын тоог 100 сая гэлцдэг. Энэ тоог анх “Жэньминь жибао” сонины 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаарт дурьдсан байдаг. Францын судлаач Ж.Л.Марголен нэг сая хүн амь үрэгдсэн гэжээ. ХКН-ын IX Их хурлын үед 17 сая гишүүнтэй гэж байсан бол 1973 онд X Их хурлаар 28 сая болсон байв. Ийнхүү Мао 1970-1973 онд намын эгнээндээ 10-12 сая шинэ гишүүдийг элсүүлжээ. Ингэж Мао өөрийнх нь өөдөөс үг хэлэх “хуучин” гишүүдийг бүгдийг сольж, өөрийг нь тахин шүтэх залуучуудаар сольсон юм.
Энэ бүгдийг сануулах болсон нь манайд “чимээгүй соёлын хувьсгал явж байгаа юм биш биз” гэсэн хардалт. 2017 оноос буюу “Миеэ” Энхболдын огцролтоос эхэлсэн “залуусын давалгаа” нэг л танил сценар.
Монголын хүн амын дийлэнх залуучууд, тиймээс залуучуудын хүсэл эрмэлзлийг ойлгож харгалзах хэрэгтэй. Улс төрд цус сэлбэлт чухал. Гэхдээ яагаад энэ ардчиллын 30 гаруй жилийн хугацаанд ардчилсан хөдөлгөөний манлайд явж байсан С.Зориг алагдаж, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, Ч.Сайханбилэг гэж? Эдгээр эрхэмүүд улс төрөөс зайлснаар монголын улс төр цэвэр ариун болно гэсэн кампанит ажил дэндүү танил технологиор явж байгаа юм биш үү. Манай сэхээтнүүд, төр, шашны сор төлөөллийг Коминтернээс өнгөрсөн зууны эхний хагаст устгаж үгүй хийсэн аймшигт хэлмэгдүүлэлтийг бид мартах ёсгүй. Бас л ногоон малгайтан, залуучуудыг ашигласан.
ХКН-ын ХХ Их хурлаас тус улсыг ойрын жилүүдэд удирдах “жартангууд” тодорлоо. Энэ улсын хувьд, эдгээр удирдагчид “Соёлын хувьсгал”-ын ид аймшиг, нүдэн дээр болсон үйл явдал сургуулийн сурагчид байсан тэдний ой тойнд тодоор үлдсэн буй заа. Тиймээс ч Ши Жипин даргын ХКН-ын “Цюши” сэтгүүлийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний дугаарт гарсан нийтлэлд тус намыг “соёлын хувьсгал” мэтийн “том алдаа” гаргаж байсныг тэмдэглэсэн нь тохиолдол биш болов уу.
Харин манай улсын хувьд, бидэнд шинэ үеийн хунвэйбинчүүд хэрэггүй. Социалист захиргаадалтын үзэл суртал, хувийн өмчгүй, нийтээрээ адил тэгш дорой амьдрах, хаалттай ертөнцөд амьдралынхаа талыг өнгөрөөсөн бидний үеийг хэт үгүйсгэн улангасч байгаа нь монгол гэдэг үндэстний ой санамжийг устгах гэж байгаатай адил бус уу? Угаас цөөхүүлээ бид яагаад бие биеэ хөгшин залуугаар нь ялгаж, энэ нь бүр нийгмийн үзэгдлийн хэмжээнд оччихов оо?
Дэлхийн түүхэнд 2019 онд Финландын Санна Марин хамгийн залуу эмэгтэй Ерөнхий сайд болсон бол 2020 онд 33 настай Себастьян Курц Австрийн Холбооны Канцлераар сонгогдон түүний рекордыг эвдэж байв. Гэтэл АНУ-д 78 настай Ж.Байден Ерөнхийлөгч, 77 настай Лула да Силва Бразилийн Ерөнхийлөгчөөр хэд хоногийн өмнө сонгогдож, Их Британид 42 настай энэтхэг гаралтай цагаач Р.Сунак Ерөнхий сайд болж байна.
Дэлхий нийтээр улс төрд гарал үүсэл, нас, хүйсийн ялгаварлалыг ярихаа болиод удаж байхад чухам манайд залуучууд, тэгэх тусмаа 80, 90 оныхон “давалгаалцгаая” гээд байнаа. Уг нь 30 настай ч боловсрол, туршлага нимгэн, “тэнэглэх” нэгэн байхад хэдий “хөгшин” ч ухаан саруул, эрч хүчтэй байх нь бий. Хүнээсээ л хамаарна.
Урьд хөршид болж буй улс төрийн үйл явцад хамаарах түүний удирдагчдын залгамж чанар, улс төрийн соёлын өвөрмөц онцлогийг ухварлахыг хичээн тус улсад 1960-70-аад онд өрнөсөн эмгэнэлт, аймшигт “соёлын хувьсгал”-ыг эргэн санахуйд, хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбайд жагсаж байсан “шударга 5” гэх залуус (яагаад ч дандаа 5 байдаг юм) санаанд орж, МАН, АН гэлтгүй “монгол хувилбарын соёлын хувьсгал”-ыг өөрийн эрхгүй санагдуулав. Нам доторх тэмцэлдээ залуучуудыг ашиглан гүйцэтгүүлэх хор уршигийг урд хөршийн түүх бэлхнээ гэрчилнэ.
Манай монголчууд, тэр дундаа манай залуус дэлхийн шилдэг сургуулиудад боловсрол эзэмшиж, бизнес эрхлэн хэнээс ч үл хамааран (хэнээс гэдэг нь төрөөс гэсэн утгаар) сайн сайхан амьдарч буй. Ухаалаг чадварлаг, сайн боловсролтой, хөрөнгө чинээ бүхий хүмүүс төрийн бодлогыг явуулаасай билээ.
Залуучууд руу чиглэсэн төрийн ухаалаг бодлого хэрэгтэй. Тэдний бизнесээ эрхлэх, ажил хийх карьерын өсөлтийг нь дэмжих, гэр бүл бий болох таатай орчин бүрдүүлэхийн тулд орон сууцжуулах, оновчтой сошиал бодлого явуулах, дэлхийн зиндааны чанартай боловсрол олгох, нэг үгээр өсөж өндийхөд нь бодлогоор туслах нь чухал. Харин залуусыг улс төрийн зэвсэг болгож, “цүнх баригч”, “ямар нэгэн намын даргын суганы үс”, лайв хийж “айлгадаг сошиалын баатар” болгох нь орчин цагийн хунвэйбинчүүдийг санагдуулна.
Бидэнд монгол хунвэйбинчүүд хэрэггүй.
БАНЗРАГЧИЙН ДЭЛГЭРМАА
Холбоотой мэдээ