Чуулган: "Ерөнхий сайдын мэдээлэл" гэдэг боловч өөрөө ганц ч удаа орж ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: "Ерөнхий сайдын мэдээлэл" гэдэг боловч өөрөө ганц ч удаа орж ирсэнгүй

Чуулган: "Ерөнхий сайдын мэдээлэл" гэдэг боловч өөрөө ганц ч удаа орж ирсэнгүй
17 : 55
2022-11-4

Ирэх 2023 онд "Евро", "Самурай" бондын төлөлт хийгдэнэ

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Иргэн н.Лхагвасүрэн: Хөгжлийн банкнаас төлөх гадаадын зээл тусламж, бондын төлбөрийн хэмжээ хэд байгаа вэ? Хэдийд төлөхөөр төлөвлөгдсөн бэ?

Иргэн н.Сарантуяа: Хөгжлийн банкнаас зээл авахдаа Банкны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан олгосон уу? Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу олгосон уу? 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Ирэх жил 2023 оны есдүгээр сарын 25-нд 500 сая ам.долларын, Хөгжлийн банкны бие даан гаргасан, Засгийн газрын баталгаагүй евро бонд, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд 2012 онд гаргасан 30 тэрбум иенийн Самурай бондын төлөх хугацаа болж байгаа юм. Самурай бонд нь Засгийн газрын баталгаатай. Бид сүүлийн жил гаруйн хугацаанд 800-гаад тэрбум төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр төлүүлээд байна.

Хөгжлийн банк бие дааж ядаж Самурай бондоо төлөх хэмжээнд хүрсэн. Үзүүлэлтүүд сайжирч, тодорхой үр дүнгүүд гарсан гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын баталгаагүй, эрсдэлд орохгүйгээр, төсөвт хүндрэл учрахгүй. Харин Төв банкны валютын нөөц дээр жаахан алдаатай байж таарна. 200 гаруй сая ам.доллар болно. Гэхдээ бид үүнийг хугацаанаас нь өмнө ч төлөх чадвартай болсон.

Зургадугаар сараас эхлээд Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлье гээд хөрөнгийн зах зээл дээр бонд, долларуудтай санал тавьсан. Эерэг хандлага нь, Монгол Улсын Засгийн газарт итгэж байна. Хугацаанаас нь өмнө татах шаардлагагүй. Хугацааг нь хүртэл бид бондуудаа барина гэсэн хариунууд ирсэн. Гэхдээ наана нь төлөхөд бэлэн болсон. Евро бондыг есдүгээр сарын 25-нд төлнө. Бид одооноос бэлтгэл ажилдаа ороод байна.

Хөгжлийн банк өөрөө Хөгжлийн банкны тухай хууль гэсэн бие даасан хуультай институц. Тэгэхээр Хөгжлийн банктай холбоотой бүхий л үйл ажиллагаа, зээл, дотоод засаглал, шийдвэр гаргах процесс, Засгийн газартай харьцах шугам, энэ бүх зүйл хуулиараа зохицуулагдаад явдаг. Банкны тухай хуульд Хөгжлийн банкны үйл ажиллагааг зохицуулах зүйл байхгүй. 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛ: 

-2011 онд Хөгжлийн банкийг байгуулахдаа Хөгжлийн банкны тухай хуулийг баталсан байдаг. Түүний дараа 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Банкны барих ёстой хууль маань Хөгжлийн банкны тухай хууль. Түүн дээр байгаа заалтаар энэ хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг Банкны тухай хуулиар зохицуулна гэсэн заалтын дагуу банк үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна 2017 онд Хөгжлийн банкинд зориулаад Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал, актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах тухай журмын дагуу Хөгжлийн банк зээлийн активаа хэвийн, чанаргүй гэсэн ангиллаар ангилаад явж байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

Иргэн н.Нандингэрэл: Чанаргүй зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа вэ? 

Иргэн н.Гэрэлт-Од: Чанаргүй зээлийг хэрхэн барагдуулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛ: 

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголбанкны шалгалт албажиж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг 57 хувьтай байна гэсэн дүгнэлт гарч, Эрсдэлийн сан байгууллах акт тогтоосон. Бид он гарснаас хойш түүний дагуу ажиллаад, одоогийн байдлаар эргэн төлөлт 780 тэрбум гараад явж байна. Он гарахад эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэх зорилготой. Мөн сайдын илтгэлд дурдагдсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт бараг 0 рүү дөхөж очсон байсан. Монголбанкны тавьдаг шаардлагаар банк дор хаяж 12 хувийн үзүүлэлттэй байх байсан.

Бид оны эцэст гэхэд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаагаа 20 хувьд хүргэх зорилготой байна. Чанаргүй зээлийн хувьд одоо 50 гаруй хувьтай байна. Гэхдээ бид оны эцсээр олон улсын аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэх ёстой. Түүгээр чанаргүй зээлийн харьцаа илүү нарийвчлалтай гарна. Бид ямар ч байсан оны эцэс гэхэд 40 хувиас доош бууруулах, он гараад 20 хувиас доош бууруулах зорилго тавин ажиллаж байна. 

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: 

-УИХ-ын дэгд өөрчлөлт ороод, иргэдийн санал бодлыг сонсож, мэтгэлцээний зарчмаар хэлэлцэж буй нь сайн байна. Энхбаяр гишүүн иргэдийн асуултыг уншсаны дагуу хариулт өглөө. Гэхдээ их дутуу мэдээлэл өглөө. Та бүхний хариултуудаас харахад харь гаригийн юм их ярьж байна. Ингэх хэрэггүй. Тэнгэрээс буусан юм шиг бүү ярь. Дандаа тэгнэ ингэнэ гэдэг. Хариуцлагын асуудал хэн ч ярьсангүй. Бүхэл бүтэн зургаан жил 65-уулаа энэ асуудлыг яагаад ийм хүртэл нь  явуулчихсан юм бэ.  

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Хувь хүн дээр ирж буй асуудал 1000 дахь нь. Гэлээ гээд энэ бүхнийг зогсоохгүй. Явуулдгаараа явуулна. Энэ бүх ажил зогсохгүй гэдгийг дахин дахин хэлье.

Чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

16 : 19
2022-11-4

"Б.Жавхлан гуай, та арай дэндэж байгаа юм биш үү"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн завсарлагын хугацаа дуусч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Хөгжлийн банкны асуудалтай холбоотой асуулт, хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд хоёр долоо хоног тутамд хийдэг, ард түмний мэдэх эрхэнд хөшүүрэг өгсөн асар чухал заалт бантан болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын албан баланк дээр хаяглагдаж ирсэн Ерөнхий сайдын мэдээлэл гэдэг зүйлд Ерөнхий сайд өөрөө ганц ч удаа орж ирсэнгүй. Үүний өмнөхийг бас нэг шалтгаар бас л хойшлуулж ирсэн. Сайд нь урдаас нь төлөөлж ярьдаг. Сайд нь орж ирээд, Ерөнхий сайдын мэдээллийг залруулаад, тэс өөр болгоод уншчихдаг. Бид сая нэхсээр байж хоёр материал авлаа. 15 хуудас мэдээлэл, Хөгжлийн банктай холбоотой үйл ажиллагаа, тогтоол шийдвэр гэсэн ном дагаж ирж байна. Огноог нь харахаар, 2012 оны наймдугаар сараас 2016 оны зургаан сар. Хөгжлийн банкны 2011-2022 оны 11 жилийн үйл ажиллагаа, тайлан болон нөхцөл байдлыг бид сонсож байгаа гэж ойлгож байгаа юм. Ажил хийсэн нь 2012-2016 он юм уу, аль эсвэл зөвхөн улстөржүүлэх гэсэн үү. Сүүлийн зургаан жилийн тайлан хаачсан бэ. Монголын төр байгаагүй юм уу? 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Банк дампууруулах Ардын намын үндсэн чаддаг ажил болсон байна. Жавхлан гуай, та арай дэндэж байгаа юм биш үү. Та яасан айхтар улс төржиж байна аа. 2016 он хүртэл Хөгжлийн банк 2000 аж ахуйн нэгжид зээл өгдөг, хэн нэг даргын заавраар бус, жирийн иргэн очоод зээл авдаг банк байсан. Гэтэл тогтоолын төсөл гаргаад, энэ банкийг 40 хүн зээл авдаг банк болгоо биз дээ, чи. Ард түмний банкийг дарга нарын банк болгоо биз дээ. Хөгжлийн банкны асуудлыг Ардчилсан намд наана гэвэл ёстой гонжийн жоо, голионы баас. Найдваргүй зээл 9.9 хувьтай байсан. Та нарын хувьд 40-хөн эрх мэдэлтэн зээл авдаг банк болгож байгаад, хулгайлсан. Өөрсдийнхөө бузрыг өөрсдөдөө наа. Чамаас хариулт авах ч үгүй. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Хэдүүлээ улс төржмөөргүй л байна. Яривал ярина шүү дээ. Хулгайчдын гар, хөлийг хол байлгана гэж ярьсан. Хөгжлийн банк байгуулаад "Korea development" банкнаас менемжентийн баг байгуулаад, 2012 оны сонгуулийн дараа хөөж явуулсан. Хаана алдаа хийчихэв ээ гэдгээ бид ярих боломжгүй болж байна. Энд би, чи-дээ тулаад байх асуудал байхгүй. Хөгжлийн банкны асуудлаас аль аль талдаа сургамж авах ёстой. Бүх асуудлыг Жавхлан дээр наах гэж байгаа бол буруу шийдвэр л гарна. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-1.8 их наядын 1.5 их наядын чанаргүй зээл үүсгэсэн асуудалд оролцсон зөвлөлд ямар ч хариуцлага яригдахгүй байна. Тэр 1.3 их наяд төлөгдсөн, хэвийн байсан бол өнөөдрийн Хөгжлийн банкны хүндрэл, ирэх жил бидний давах гэж зүтгэж, хамаг хүчээ тавих асуудал байхгүй байх байсан. Одоо бүгдээрээ харыг нь хараар, цагааныг нь цагаанаар ялгаад явъя. Энэ банкны эрсдэлтэй асуудлын цаана Монгол Улсын л нэр гарна. Бүгдээрээ энийг сайн яриад, банкаа авраад явах нь зүйтэй. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт тавьж, хариулт авч байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэдийн ирүүлсэн асуултын хүрээнд мэтгэлцэж байгааг хэлэв.

15 : 07
2022-11-4

УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналыг танилцуулж, нэг цагийн завсарлага хүслээ.

Тэрбээр "Ард иргэдийн мэдэх эрх гэж бий. УИХ-ын тухай хуулийн 33.4-д заасан эрхийн хүрээнд мэдээллээ тараагаач ээ, мэдээллээ залруулж танилцуулахыг хүсч байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага өгөхийг хүсч байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цагийн завсарлага өглөө. 

14 : 22
2022-11-4

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийг танилцууллаа. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдэж, УИх-аас 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай бие даасан хуулийг баталснаар 2011 оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Хөгжлийн банк нь олон улсын зах зээлээс гадаад валютаар хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийгээ үндэсний стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг замаар макро эдийн засгийг бодитоор дэмжих зорилготой, төрийн өмчийн цорын ганц бодлогын банк юм.

Хөгжлийн банкны өнгөрсөн 11 жилийн түүхийг 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн үйлчлэлийн үе, 2017 оны Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үе гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваана. Учир нь энэ хуулиар банкны засаглал, санхүүжилтийн шийдвэр гаргалт, хяналтын тогтолцоо хоёр хоёр өөр байдлаар тодорхойлогдсон байдаг.

Хөгжлийн банк нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.долллартай тэнцэх хэмжээний урт хугацаат эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын болон "Чингис" бондын эх үүсвэр, үлдсэн 2 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банк өөрөө татан төвлөрүүлсэн байна. 

Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн уг 3.5 тэрбум ам.долларын 3 тэрбум ам.долларыг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан бол 0.5 тэрбум ам.доллараар өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилт хийжээ. Хөгжлийн банк нь дээрх татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэр болон өөрийн хөрөнгийг ашиглан, нийт 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон. Үүнээс 1.4 тэрбум ам.доллар буюу 40.8 хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд санхүүжилтээр, 0.5 тэрбум ам.доллар буюу 15.1 хувийг дамжуулан санхүүжилтийн хэлбэрээр, үлдсэн 1.5 тэрбум ам.доллар буюу 44 хувийг улсын төсвийн санхүүжилт буюу өндөр хүүтэй валютын эх үүсвэрээс санхүүжүүлж, болохгүй төслүүдэд олгосон үндсэн гурван хэлбэрээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна. 


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуралдааны эхэнд Ерөнхий сайдын мэдээллийг гишүүдэд долоо хоногийн өмнө өгөх ёстой байсныг хэлээд, тарааж өгсөн есөн хуудас материалаас өөр мэдээлэл танилцуулж буй тул асуудлыг хойшлуулах санал гаргав. 

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Сангийн сайд, Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛ:

-Батлагдсан хуулийнхаа хэрэгжилтийн үндэслэлээр зээлүүдээ хувааж үзэж байгаа юм. Монголбанкнаас шалгалт орж, 3.2 их наяд төгрөгийн зээлийн активтай байсан. 1.2 их наяд нь чанаргүй зээл гэсэн дүгнэлт гаргасан. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсанаас хойш 2011, 2017 онд хууль батлагдсан. 2012-2016 онд 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 1.3 их наяд төгрөг нь энэ онуудад гарчээ. Шинэ хууль батлагдсанаар 2012-2021 онд 500 тэрбум төгрөг гарчээ. Эх үүсвэрийн хувьд Хөгжлийн банк "Чингис" бондын зарцуулалтыг хариуцсан. Нийтдээ 3.5 тэрбум ам.долларын зээл олгож, 2.7 тэрбум ам.доллар буюу 80 хувь нь УИХ, Засгийн газрын шийдвэрээр гарсан. Үлдсэн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гарсан зээлүүд.

Ерөнхий прокурорын орлогч М.ЧИНБАТ:

-АТГ-аас Хөгжлийн банкны 2012-2021 онуудад олгосон зээлийн асуудалтай холбогдуулж 50 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлийн шатанд явуулсан шалгалтын ажиллагааны үр дүнд хоёр мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүлээн авч, нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлийн давуутай байдлаа ашигласан. Нийт 80 гаруй албан тушаалтан, удирдлагад холбогдох хэрэг. Зээл аваад, зээлээ төлөөгүй 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажил явуулж байна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон асуудлыг шалгаад, 778 тэрбум төгрөгийн зээл төлүүлсэн нь Сайдын мэдээллээс тодорхой харагдлаа. Энэ нь мөрдөх байгууллага, прокурорын байгууллагын мэдээлэл. 14 аж ахуйн нэгж зээлээ бүрэн төлж барагдуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж