Алслагдсан дүүргийн Тамгын газарт ажиллагсад урамшуулал авахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал дэмжигдсэнээр аймгийн төвийн сум, Багахангай, Багануур, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг албан хаагчдаас гадна үйлчлэгч, галч манаач зэрэг хүмүүс ч таван жил тасралтгүй ажилласан бол зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах боломжтой боллоо.
Энэхүү санал дэмжлэг хүлээхийн өмнө гишүүд дараах байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Бид хуулийн төслийг өргөн барихдаа явцуу хандсан байна лээ. Суманд болон Багануур, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа албан хаагчдаас гадна галч, үйлчлэгч зэрэг бүхий л хүмүүсийг хамруулах шаардлагатай тул гаргасан саналыг маань дэмжиж өгөөрэй.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Налайх дүүргийг нэмж оруулъя. Гурван дүүрэг гурвуулаа алслагдсан дүүрэг. Ижил нөхцөлд байдаг. Нэгийг нь орхигдуулж болохгүй, адилхан л дүүрэг.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Налайх дүүргийг оруулахгүй, орхигдуулбал Үндсэн хуулийн зөрчил, ялгаварлал үүснэ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хууль маань анх санал болгож оруулсан үзэл баримтлалаасаа тэс ондоо болчихлоо. Суманд ажил хийх хүнгүй боллоо гэж үзэн төслийг санаачилсан. Одоо аймаг руу гаа орлоо, сүүлдээ дүүрэг рүүгээ орлоо. Хэрвээ ялгаварлан гадуурхсанаар Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэж байгаа бол нийслэлийнхнийгээ ч нэм.
Өргөн барьсан хууль маань өөр болж байгаа учраас татаж авдаг юм уу гэдэг асуудлыг ярина. Нийслэл, дүүрэг, аймаг гээд санаачлаад явбал эхнээс нь ярина биз.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сумын тамгын газарт ажилладаг албан хаагчид хамгийн бага цалинтай, сул орон тоо маш их байгаа учраас тасралтгүй таван жил ажилласан нөхцөлд урамшуулал олгохоор заасан. Орон нутагт амьдрах иргэдийг дэмжих зорилгоор орж ирсэн хуулийн төсөл гэж ойлгосон. Суманд орчин нөхцөл сайнгүй байна гээд залуучууд очиж ажиллахгүй байна. Тэднийг дэмжих зорилгоор төслийг санаачилсан биздээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Алслагдсан гурван дүүргийг юуг нь ад үздэг юм бэ, сум орон нутагтай адилхан. Алслагдсан дүүрэгт очоод үз. Нөхцөл байдал нь яг адилхан. Мал, өвөлжөө, худаг усны асуудал ярьдаг. Энэ онцлогийг харгалзаад үз.
Энэ гурван дүүрэг нийслэлийн төвийн зургаан дүүргээсээ онцлогтой. Жаргал зовлонг нь мэдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Уг нь Н.Энхболд гишүүн цогцоор нь авч үзэх талруу явлаа гэж. Нэг ч гэсэн хүний цалин нэмэгдэж ядуурлаасаа гараасай. Багануур 115, Багахангай 85, Налайх нийслэлээс 45 км-т оршдог. Налайх дүүрэгт Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумын иргэд олноороо байдаг. Төвлөрсөн газар учраас сургууль, эрүүл мэндийн үйлчилгээг авдаг. Алслагдсан дүүргүүдийн төрийн албан хаагчдыг оруулахыг дэмжиж байна.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал ийн дууссан тул завсарлуулаад байна. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулгын хариуг сонсоно.
Сумын Тамгын газрын албан хаагчид таван жил тутамд урамшуулал авна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал авдаг болох юм. Суманд ажилладаг төрийн албан хаагчийн үндсэн цалин 615 мянган төгрөг байгаа нь тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй болгодог аж. Иймээс мөнгөн урамшуулал нь дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.
Судалгаагаар аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй 1 жил ажиллаж байгаа 297, 2 жил ажиллаж байгаа 206, 3 жил ажиллаж байгаа 232, 4 жил ажиллаж байгаа 218, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагч байгаа аж.
Хуулийн төсөл батлагвал 2023 оноос эхлэн хэрэгжинэ. Ингэхдээ сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны 1534 албан хаагчид олгох мөнгөн урамшуулалд таван тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар нэг тэрбум төгрөг шаардагдана гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибаль:
-Энэ хуульд багийн дарга нарын урамшуулал хөндөгдсөнгүй. Баг дээр болж байгаа бүхий л ажлыг энэ хүмүүс зохион байгуулдаг. Буяны ажилд сарын цалингийнхаа тодорхой хувийг зарцуулахаас эхлээд олон ажлыг өөрийнхөө мөнгөөр хийдэг. Улс төрийн албан тушаалтан гээд энэ хүмүүсийг орхигдуулж болохгүй.
Ямар ч үйл ажиллагааны зардалгүйгээр багийн дарга нар ажлаа хийдэг. Засаг даргын Тамгын газарт харуул, үйлчлэгч нар байдаг. Энэ хүмүүсийг ч хамруулах ёстой байсан.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Тамгын газарт ажиллах төрийн албан хаагчдад урамшуулал олгох болсныг дэмжиж байгаа. Гол нь цогцоор нь оруулж ирэх ёстой байсан. Төсөв хэмнэх асуудал ярихаар хэмнэлтийг анхан шатнаас эхлүүлдэг. Аймаг, суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар адил байх ёстой. Гэвч хотод төвлөрүүлснээр амьдралын чанар муудсан. Энийг тасдаж авч зөвхөн төрийн албан хаагч гэж явцуурхсанаас багийн даргыг хаялаа. Сугалж авч биш иж бүрэн байдлаар цалинг нэмэх ёстой.
Г.Амартүвшин: Хуулийн байгууллагаар шалгуулж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн/2022.11.04/ хуралдаан эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлаад байна. Тодруулбал, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Мөн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхийн өмнө гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-2023 оны төсөв хэлэлцэхтэй холбогдуулж олон хуульд өөрчлөлт оруулж ирлээ. Өөрчлөлт оруулахаар орж ирсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг татаж авах хэрэгтэй. Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн агшигт малтмалын заалт оруулж ирсэн. Орон нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниудаас албан ёсоор хандив тусламж авахаар заасан нь хуульд Салбарын сайдаас нь санал авахгүйгээр ийм зүйл оруулж ирэх нь ноцтой. Оюутолгой компани орон нутагт жил бүр 5 сая ам.долларын хандивыг өгч ирсэн, гэтэл цаанаа өр болгож бичиж ирсэн байдаг.
Ховд аймгийн нутаг дахь Халзан бүргэдэй орд нь олон асуудал дагуулж байна. Ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа хэдий ч энэ асуудлыг шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Хөгжлийн банктай холбоотой Ерөнхий сайдын мэдээлэл орно. хэрэгтэй мэдээлэл орно байх.
Хөгжлийн банкны 33 тэрбумын зээл надад ямар ч холбоогүй, зээлдэгч нартай би холбоо байгаагүй. Зээл авсан компаниуд нь зээлээ төлсөн. Өөрийн хүслээр би хуулийн байгууллагаар шалгуулъя гээд мэдэгдэл хийсэн. Шалгуулж байна. Үнэн зөв нь удахгүй тодорхой болно. Хөгжлийн банкны чанартай зээлүүд төлөгдөөд дуусчихлаа. Үлдэгдэл нь төрийн өмчит компаниудтай холбогдож байна. Тэр дундаа эрчим хүчтэй холбоотой чанаргүй зээл эзэлж байна. Ц.Даваасүрэн гишүүний дайраад байгаа асуудал нь Засгийн газар баталгаа гаргах асуудал. Бондыг дахин санхүүжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд гэж гарсан.
Холбоотой мэдээ