Дуучин Селена Гомез хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн эм байнга хэрэглэдгээс шалтгаалан хүүхэд төрүүлж чадахгүй гэдгээ ярьжээ. Тэрбээр удахгүй цацагдах баримт киноныхоо өмнө "Rolling Stone" сэтгүүлд өргөн хүрээтэй сэдвээр ярилцлага өгсөн байна.
Өдгөө 30 настай Селена ярихдаа гэр бүл зохиосон найз дээрээ очиж, уулзсаны дараа өөрийнх нь одоогийн нөхцөл байдал улам сэтгэлийг нь дарах болсон гэв. Тэрбээр найзынхаасаа гараад машиндаа суугаад хэсэг уйлж сууснаа ч нуусангүй. Гэхдээ Селена ямар нэгэн байдлаар хүүхэдтэй болно гэдэг өөдрөг итгэлээр өөрийгөө тайвшруулж байгаа аж.
Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг эмчлэх тодорхой эм нь жирэмсний эхэн үед урагт төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Тухайлбал, биеийн хөгжил удаашрах, зүрхний согог, сэтгэлзүйн асуудлууд үүсгэх гэх мэтээр урагт маш хортой гэнэ. Сэтгэл зүйн эмгэгтэйгээ удаан хугацаанд тэмцэж буй тэрбээр хэдэн жилийн турш амиа хорлох талаар төлөвлөж байснаа ярьсан байна. Эцэст нь тэрбээр хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр оношлогдсон аж.
"Би л байхгүй болчихвол бүх зүйл илүү дээрдэх юм шиг санагдаж байсан" гэж ярьсан ч Селена хэзээ ч амиа хорлох оролдлого хийгээгүй гэдгээ онцолсон байна. Тэрбээр дөрвөн ч удаа сэтгэц мэдрэлийн төвд хэвтэн эмчлүүлсэн аж. "Бүх бараан зүйлс 20 дөнгөж гараад эхэлсэн. Би сайн, муу сэтгэл хөдлөлөө огтхон ч захирч чадахгүй байсан. Сэтгэлийн хэт хөөрөл эсвэл уналт хэдэн долоо хоногоос хэдэн сараар үргэлжилдэг. Бас хэдэн өдрөөр унтаж чаддаггүй байсан. Солиорлын үедээ бүх таньдаг хүндээ автомашин худалдаж авч өгмөөр ч юм шиг маш аз жаргалтай санагддаг байсан. Гэвч удалгүй сэтгэл гутрал эхэлж, өөрийгөө тусгаарладаг байсан. Энэ үед би орноосоо ч босох тэнхэлгүй болдог. Орноосоо босоод хэдхэн шатаар буухад л амьсгал барагддаг. Хэнтэй ч ярилцмааргүй. Намайг хайрладаг найзууд маань эдгээр өдрүүдэд надад хоол авчирч өгдөг байсан. Гэхдээ бидний хэн нь ч энэ юу болохыг мэдэхгүй байсан" гэж сэтгэцийн эмгэгийнхээ шинж тэмдгийг тайлбарлажээ.
Селена хэлэхдээ, "Карьер, эрүүл мэнд, залуу охин байхдаа зорьсон амьдралынхаа тодорхой зорилгод хүрэхгүй байх зэрэг хэд хэдэн хүчин зүйл нь түүний зовлон зүдгүүрт хүргэсэн гэж боддог гэв. "Би жоохон байхдаа 25 нас хүрээд хүнтэй сууна гэж боддог байсан. Гэвч 25 насанд ойртох тусам надад түгшүүр төрж, хэдийнэ 30 хүрснээр миний ертөнц төгссөн мэт санагдах болсон. Бусад алдартнуудын дунд би гадны хүн мэт мэдрэмж авдаг. Шоу ертөнцөд миний цор ганц найз бол Тайлор Свифт. Хэвийн амьдарч байгаа хүмүүсийн хажууд би дарамтыг мэдэрдэг. Би аз жаргалтай байсан гэж боддог үеүдээ эргэн санахад үнэхээр жаргалтай байсан уу гэж эргэлздэг. Эдгээр материаллаг зүйлс үнэхээр надад аз жаргал авчирсан уу. Би хэн байснаа сайн ойлгодоггүй учир өнгөрсөндөө дургүй" гэж ярьсан байна.
Тэрбээр 2018 оноос эхлэн янз бүрийн дуу хоолойнуудыг сонсч эхэлсэн бөгөөд сэтгэцийн эмгэг нь сэдрэхээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байжээ.
Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр өвдсөн нь оношлогдсон цагаас эхлэн эмчийн заавраар олон тооны эмийг хэрэглэж эхэлсэн аж. Гэвч эмийн сөрөг нөлөө нь өөрийгөө мэдрэхээ болиход хүргэдэг гэнэ.
"Би хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд маш их хүчин чармайлт гаргасан. Гэхдээ энэ хэзээ ч арилаагүй учраас дасан зохицох, удирдах аргад суралцаж эхэлсэн" гэж Селена ярив. Түүнд тусалсан ганц зүйл нь сайн санааны үйл хийх явдал байжээ. Улмаар "Rare Impact Fund" гэх санг үүсгэн байгуулж, ажиллаж эхэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ