Катар-2022: Ямар баг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Катар-2022: Ямар баг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлэх вэ?

Катар-2022: Ямар баг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлэх вэ?

Жил бүрийн дэлхийн аваргаар хэний ч төсөөлөөгүй баг хүлээлтээс давсан амжилтыг үзүүлж, томчуудыг өвдөг сөхрүүлдэг. Сүүлийн жишээнүүд л гэхэд 2018 онд Хорват түрүү багийн тоонд оролгүй явсаар финалдаж байсан бол 2014 онд Коста Рика үхлийн хэсгийг тэргүүлж, шөвгийн найм хүртэл явж байв. Тэгвэл энэ жил ямар баг цахиур хагалах вэ?

ЕВРОП – СЕРБИ, ДАНИ, ХОРВАТ

Европоос дээрх гурван баг дэлхийн аваргад цойлох битүү морьд. Гурвуулаа урьдчилсан шатанд хэсгээ тэргүүлж, шууд ДАШТ-д оролцох эрхээ авсан. Евро-2020 тэмцээнээр Данийн шигшээ багийг ямар өндөр потенциальтай, ур чадвар, нөөц бололцоотойг бид харсан. Тэдний хамгаалалтад Кристенсен, Андерсен, Симон Кьер, Ниссен, төвийн шугамд Делейни, Кристан Эриксен, Хёйбьерг, Даниел Уасс, довтолгоонд нь Долберг, Дамсгард, Олсен зэрэг тамирчид байна. Сүүлд л гэхэд Данийн шигшээ баг үндэстнүүдийн цомын тэмцээнд Францын шигшээг 2-0 гэсэн харьцаатай хожжээ.

Сербийн шигшээ багийн шинэ цаг үе айсуй. Тэдний довтолгоо ямар ч багийн хамгаалагчдыг сандаргах нь дамжиггүй. Англид бужигнуулж буй Александар Митрович, Италид дуутай шуутай яваа Душан Влахович, Нидерланд төдийгүй Европт нэрээ цуурайтуулсан Душан Тадич дээрээс нь саяхан л Реал Мадридад нэгдэж байсан Лука Йович гэсэн дөрвөн довтлогч бий. Мөн төвийн шугамд нь Сергей Милинкович-Савич байгааг мартаж үл болно.

Дарсыг олон жил хадгалах тусам амттай, үнэтэй болдог шиг Хорватын шигшээгийн алтан үеийнхний нас ахих тусам тоглолт нь чамбайрах болов. Өнгөрсөн удаад финалдсан тэднийг энэ удаад өндөр амжилт үзүүлнэ гэж олон хүн хүлээхгүй байх шиг. Гэхдээ л Перишич, Брозович, Модрич, Ловрен нарт сүүлийн удаа тавих ганц сум байгаа.

АЗИ – ЯПОН

Японы шигшээ багийг энэ жил дээгүүр үзнэ гэж тивийнх нь 4.5 тэрбум хүн харж байна. 2018 онд хүчирхэг Бельгийн шигшээг бараг л хожчихсон тоглолтод сүүлийн мөчид өөрсдийн яарсан шийдвэрээс болж ялагдал хүлээсэн. Энэ жил Кавашимагийн оронд Даниель Шмидт гэж 1.97 метр өндөртэй залуу хаалган дээр байх учир хоёрдугаар давхарт гоол алддаг тааруу үзүүлэлт нь багасах нь лавтай. Японы шигшээгийн урьдчилсан бүрэлдэхүүнийг харахад л ихэнхи тамирчид нь Европын томоохон лигүүдэд хүчин зүтгэж байна. Ганц, хоёр хүн дээр тулгуурлах бус бүтэн багаараа хөлбөмбөг тоглодог Японы шигшээгээс энэ жил өндөр амжилт хүлээж байна.

Ази тивээс хамгийн сүүлд Өмнөд Солонгосын шигшээ 2002 онд дөрөвдүгээр байрт орж, түүхэн амжилт үзүүлж байв.

ЛАТИН АМЕРИК – УРУГВАЙ

Уругвайн энэ жилийн шигшээ баг туршлага, ур чадвар, эрч хүч хосолсон дэндүү ганган бүрэлдэхүүнтэй. Кавани, Суарез гэж хал үзэж, халуун чулуу долоосон хоёр дээр сүүлийн үед формоо олоод буй залуухан Дарвин Нуньес нэмэгдэх бол төвийн шугамд нь Реал Мадридын гол хүн болоод буй Федерико Вальверде, Тоттенхем Хотспурын Бентанкур тэргүүтэй сайчууд байна.

АФРИК – СЕНЕГАЛ

Алиу Сиссегээр удирдуулсан Сенегалчууд ирэх ДАШТ-д тэсрэлт хийнэ гэдгээ 2018 онд харуулсан. Тэд 2019 онд тивдээ үзүүрлэж, 2021 онд тивийнхээ аварга болсон. Шигшээ багийнх нь бүрэлдэхүүнд Эдуард Менди, Калиду Кулибали, Идрисса Гейе, Садио Мане нар багтаж байна. 2002 онд Сенегалын шигшээ шөвгийн наймд шалгарахад Алиу Сиссе тус багийн бүрэлдэхүүнд тоглож байв. Харин энэ удаад тэр дасгалжуулагчийн дүрээр дахин эргэн ирж байна. Ирэх дэлхийн аваргын хамгийн үзүүштэй багуудын нэг яахын аргагүй Сенегал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж