Сурвалжлага: Түлэгдэлтийн эмнэлэг 10 жилийн дараа ашиглалтад оров

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Түлэгдэлтийн эмнэлэг 10 жилийн дараа ашиглалтад оров

Сурвалжлага: Түлэгдэлтийн эмнэлэг 10 жилийн дараа ашиглалтад оров

Шил цонх нь гэрэлтэж, шинэхэн будаг ханхалсан энэ барилга бол арван жил гацсан Түлэгдлийн эмнэлэг. Олны хэлж заншсанаар улсдаа ганц Түлэнхийн төв юм. Эмч нар өрөөгөө тохижуулж, төвхнөж байх үеэр очиж таарав. Саруулхан өрөөнд ор засч, өвчтөн хүлээн авахад бэлэн болжээ. Төвийн хоёр, гурван давхарт 30 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байлаа.

Хоёр давхарт гарвал хүүхдүүдийн уйлах чимээ сонсдоно. Ээжүүд хүүхдээ аргадан, тэвэрч тайвшруулна. Тэдний нэг бага насны хүүхдээ сахиж буй М.Элбэгбаяр.  Бүсгүй"Бага насны хүүхэд маань буцалсан усанд түлэгдэж, бид өнгөрсөн Баасан гаригт шинэ Түлэнхийн төвийн байранд ирж хэвтсэн. Шинэ байр нь саруулхан том, цэвэрхэн юм. Эмч нар эмчилгээ, боолтыг сайн хийж байна. Энэ эмнэлэг ашиглалтад орохгүй их удсан. Өвчтөн хүлээн авч байгаа нь сайн хэрэг" гэв.

Б.Бямбажав "Манай охин нэг ой, найман сартай. Халуун усанд гараа түлсэн. Бие нь дажгүй ээ. Эмч нар тариа дусал хийж, боолт хийлгэсэн. Одоо тайвшраад унтаж байна" гэсэн юм.

ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн А блок өнгөрсөн долдугаар сард /2022.07.08/ нээлтээ хийж, ашиглалтад орсон. А блокт нийт 70 ор дэлгэж, 60 орчим эмч, сувилагч ажиллаж байна. Тодруулбал, насанд хүрэгчдийн 30, хүүхдийн 30, эрчимт эмчилгээний 10 ортой, хоёр мэс заслын тасагтай, хүчилтөрөгчийн үйлдвэртэй, хүлээн авах тасаг, амбулаторитой. Цаашдаа нэмээд В блок ашиглалтад орвол 250 ортой, 200 гаруй ажилтантай, зургаан тасаг ажиллах аж.

Харин тус төвийн  зургаан давхар В блок, зургаан тасагтай, 250 ортойгоор ирэх намраас ашиглалтад орно гэдгийг албаныхан хэлж байв.

Түлэгдэлтийн эмнэлэг хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн “Түлэнхийн төв 10 жилийн өмнө энэ хуучин байрандаа ажиллаж байгаад 2012 онд нүүж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөө нэг тасагт үйл ажиллагаагаа явуулсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эмнэлгийн орны тоо, багтаамж багассан ч гэсэн эмч, ажилчид маань ажлаа маш сайн хийсэн.  Бид өнөөдөр 10 жилийн дараа шинэхэн байрандаа ажлаа эхэлж байна.

Анх Түлэнхийн төвийн А, В, С гэсэн гурван блок барихаар төлөвлөсөн юм билээ. Бидний хувьд эмнэлгийн үйл ажиллагаагаа хариуцдаг учраас төсөв мөнгөний асуудлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид өмнө нь бүрэн цэцэрлэгжсэн, автомашины зогсоол сайтай талбайтай байсан. Одоо хэдийгээр шинэ байранд нүүж орж байгаа ч талбай багатай болсон" гэлээ.

В блокын зургаан давхар барилгыг ирэх намраас ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Одоо дотор засварын ажил үргэлжилж байна.

Түлэнхийн төвийн “Нутгийн зам” ХХК-тай холбоотой гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокын гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокын гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллаж байна.

Засгийн газраас нийт 9.6 тэрбум төгрөгийг энэ барилгад зарцуулжээ. Тус төвийн барилга, ашиглалтад оролгүй удсанаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг тасагт өвчтөнүүдээ хэвтүүлэн эмчилж ирсэн байдаг.

ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг байхдаа жилдээ 2900-3000 өвчтөн хүлээн авдаг байна. Тэдгээрийн 1000 гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдний 80 хувь нь бага насны хүүхдүүд эзэлдэг аж. Нэг сард дунджаар 200 гаруй өвчтөн амбулаториор хандаж, өдөрт 50 орчим хагалгаа хийдэг ачаалалтай тасаг гэдгийг эмч, сувилагчид ярилаа.

Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин сүүлийн нэг, хоёр жилд бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх тохиолдол харьцангуй багассан аж.

 7300 МЕТР КВАДРАТ ХҮРЭХ ҮГҮЙТЭЙ ГАЗАРТ 2 БЛОК БАРЬСАН

Түлэнхийн төвийг 2011 онд акталж, нурааснаар 2012 онд "Алтантулга" гэх компанид 4024 м.кв газрыг хууль бусаар шилжүүлсэн болохыг иргэдийн төлөөлөл удаа дараагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв. Үүнээс өмнө 2004 онд А/445 дугаартай тогтоолоор Түлэнхийн төвд зөвлөх эмчээр ажиллаж байсан эмч мэргэжилтнүүд 1200 м.кв газрыг мөн л хууль бусаар авсан гэдэг.

Анх актанд гарах үеэр эмнэлгийн газар 16400 метр квадрат талбайтай байсан бол жил ирэх бүрд агшсаар өдгөө 7300 метр квадрат хүрэх үгүйтэй зайд хоёр блок нь баригдсан.

Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийн нүүр үзсэн тус төвийн А блокын ажлыг нь “Цаст констракшн” компани, В блокыг “Нутгийн зам” групп барьсан. Харин гурав дахь блок нь цогцос хадгалах байрны зориулалттай байсан ч орон сууцны барилга болон хувирсан гэнэ.

ТӨВИЙН ХУУЧИН БАРИЛГЫГ НЬ 2011 ОНД АКТАЛСАН

Улсын Клиникийн нэгдүгээр эмнэлэгт анх Гэмтлийн тусламж үйлчилгээг тасгийг байгуулж байсан ч жил ирэх тусам хүн амын тоо, хөгжил цэцэглэлт нэмэгдэхийн хэрээр осол гэмтлийн тоо ихэсч эмнэлэг болгон өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан.

1972 оны арванхоёрдугаар сард “Сангийн сайдын Зөвлөлийн 478 тоот тогтоол” гарч, Гэмтлийн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэж байжээ. Энэ шийдвэрийн дагуу 1975 онд Нэгдүгээр эмнэлгээс тасарч, хуучин хятад эмнэлгийн барилгад 150 ортой бие даасан Гэмтлийн эмнэлэг байгуулагдсан гэж үздэг. Үүнээс хойш 1991 он хүртэл Гэмтэл согогийн бүх тусламж үйлчилгээг тус барилгад явуулж байгаад 1991 онд Гэмтлийн эмнэлэг шинэ байрандаа нүүж Түлэнхийн эмнэлэг эндээ үлдсэн байна.

1991- 2011 он хүртэл түлэгдлийн төв  хуучин байрандаа Түлэгдэл болон Сэдрэлтэй гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан.

Хуучин барилга нь цаашид үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй болсон учир 2008 онд Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, 2011 онд Түлэгдлийн төвийн барилгыг акталснаар шинэ эмнэлэг барих ажил эхэлсэн.

Түлэнхийн төвийн барилгыг Засгийн газар, Арабын Эдийн засгийн Хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2017 онд байгуулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу барьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж