Уэльсийн нисэх онгоцны буудлаас Мягмар гаригт хөөрсөн онгоц аянганд цохиулжээ. “Airbus Beluga” тийрэлтэт онгоц орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Флинтшир мужийн Хаварден нисэх онгоцны буудлаас хөөрсөн. Уг тийрэлтэт онгоцыг дэлхийн өнцөг булан бүрт бусад онгоцны хэсгүүдийг тээвэрлэхэд ашигладаг. Гэнэтийн ослын дараа онгоц Германд аюулгүй газарджээ. “Airbus Beluga” нь дэлхийн хамгийн том нисэх онгоцуудын нэг юм. Онгоц аянганд цохиулах үед гэрэл гялс хийж, чанга дуу гарсан тухай цахим сүлжээнд иргэд мэдээлжээ.
“Өнөөдөр 13:00 цагт Хаварден нисэх буудлаас хөдөлж байсан “Beluga XL5” аянганд цохиулсан. Энэ бол нисэхийн салбарт ердийн үйл явдал бөгөөд онгоц төлөвлөсний дагуу Гамбург руу аяллаа. Стандарт ажиллагааны журмын дагуу онгоцыг дараагийн нислэгээс өмнө үзлэгт хамруулна” гэж “Airbus” компани мэдэгджээ.
“Airbus Beluga”-ийн нислэгийн гол чиглэл нь Флинтшир мужийн Бротоноос Тулуз хүрдэг. Бротонд А350 онгоцны далавчийг үйлдвэрлэдэг бол Тулузад онгоцыг угсардаг юм.
Эх сурвалж: BBC