Бууны өөдөөс "илгээгдэж" буй буриадууд

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Бууны өөдөөс "илгээгдэж" буй буриадууд

Бууны өөдөөс "илгээгдэж" буй буриадууд

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлэхэд фронтод хамгийн түрүүнд илгээгдсэн цэргүүд нь буриадууд байсан. Украинд амь үрэгдсэн цэргүүдийн эхнийх нь ч тэд байв. Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Сибирийн жижиг Бүгд Найрамдах Буриад улсын сая орчим хүн амын гуравны нэг л буддын шашинт буриад үндэстэн.

Буриадад сарын дундаж цалин нь ОХУ-ын нийслэл Москва хоттой харьцуулбал гурав дахин бага. Тиймээс залуусын хувьд ОХУ-ын арми бол сонирхол татахуйц ажил олгогч юм.

Харамсалтай нь Украинд тулалдахаар очсон буриадуудад байлдааны бэлтгэл сургуулилалт дутмаг, зэвсэг техникийн хангамж муу байснаас хэдхэн хоногийн дараагаас л цэргүүд амь үрэгдэж эхэлжээ. Дайнд амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах ёслол Улан-Үдэ хотын төв дэх спорт цогцолборт гуравдугаар сарын эхээр болсон байна. Уг ёслолын тухай сурвалжлахаар   Эрхүүгээс Улан-Үдэд сэтгүүлч Елена Трифонова, Ольга Мутинова нар очжээ. Тэд Люди Байкал гэх цахим платформд ажилладаг аж. 46 настай Елена Трифонова ямар ч хариуцлага хүлээсэн бай, буриадуудын түүхийг нийтэд хүргэхээр зорьсон байна. Гэхдээ Оросын засгийн газрыг эсэргүүцсэний үр дагавар нь маш хүнд байх болно гэдгийг мэдэж байв. 

Түүнийг оршуулах ёслол болж буй спорт цогцолборын гадна ирэхэд замын цагдаа нар автомашин орох хаалгыг нь битүүмжилсэн байжээ. Дотор дөрвөн цэргийн оршуулах ёслолыг хийсэн аж. Оросын армид эмнэлгийн мэргэжилтнээр ажиллаж байсан 24 настай Найдал Зиренов саарал дүрэмт хувцастай, нэг гар нь боолттойгоор модон авсанд үүрд нойрсчээ. Түүний хажуугийн авсанд 5-р хуягт бригадад алба хааж явсан 35 настай Булат Одоев жирэмсэн эхнэр, балчир охиноо орхиод тэнгэртээ дэвшсэн байв. Түүний хажууд хоёр охин, жирэмсэн эхнэрээ тэжээхийн тулд Оросын армид алба хааж явсан 38 настай Шаргал Дашиевын шарил байрлажээ. Харин дөрөв дэх авсанд асрамжийн газарт өсч, насанд хүрээд цэрэгт татагдсан 20 настай Владислав Кокориныг тавьжээ. Тэнд цугласан ар гэрийнхэн нь лам нарын буяны номын айлтгалд алга хавсран залбирч буй дүр зураг сэтгүүлчдийн гэрэл зургийн хальсанд буусан байна. Тэдний гурвыг нь буддын шашны жаягаар оршуулсан бөгөөд талийгаачдын хойдын төрлөө олоход нь саад болно гэж цээрлэн ар гэрийнхэн нь нулимсаа дотогш залгин зогссон гэж сэтгүүлч бичжээ. 

Буриадууд Оросын бага ястанд хамаардаг бөгөөд славянчуудаас илүү хүлцэнгүй номхон бас ядуу. Тэд барагтаа л  гомдоллодоггүй учраас л Украин руу фронтод хамгийн түрүүнд илгээгдсэн гэдэг нь тодорхой байсныг сэтгүүлч дурдав. Хайртай хүнээ алдсан ар гэрийнхний олонх нь гашуудаж буй энэ мөчдөө ч Оросын засгийн газрыг буруутгаагүй аж. Гэвч энэ нь сэтгүүлч Елена Трифоновад маш шударга бус санагдсаныг нийтлэлдээ бичжээ.

Тэрбээр бичихдээ, "Засгийн газар Москва эсвэл Санкт-Петербургээс цэрэг татаж, фронтод илгээж зүрхлэхгүй. Харин эсэргүүцэл бага үзүүлэх буриад, тува, дагестанчуудыг үхэл рүү нь илгээсэн" гэжээ. 

Харин Буриадын засгийн газрын орлогч дарга Баир Цыренов хэлэхдээ, "Амь үрэгдсэн цэргүүд Оросын агуу байдлын төлөө, Украинд цус урсгах явдлыг зогсоохын төлөө амиа алдсан" гэсэн бол Улан-Үдэ хотын дарга Игорь Шутенков "Тэд манай эх орны ирээдүйг хамгаалахын тулд амь үрэгдсэн" гэж мэдэгджээ. 

 ЗХУ 1991 онд нуран унасны дараа Орост идэвхтэй, олон ургальч хэвлэл мэдээллийн талбар хөгжиж эхэлсэн.  Шинэ сэтгүүл, өдөр тутмын сонинууд гарч ирж, зарим нь засгийн газрын суртал ухуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байв. "Известия" шиг засгийн газрын сонин хүртэл 90-ээд онд мэдээлэл сайтай, уншууртай байв.

Гэвч Владимир Путин засгийн эрхэнд гарч ирснээр ялгаатай үзэл бодлоо илэрхийлэхэд бэрхшээл учирч эхэлсэн. Засгийн газрын дүрэм журмаар  хэвлэл мэдээллийнхэнд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлсэн.

Чечений дайныг сурвалжилсан Новая Газета сонины сэтгүүлч Анна Политковская /2006 онд нас барсан/ шиг олон сайн сэтгүүлч ОХУ-д амь үрэгдсэн. Эцэст нь Оросын засгийн газраас цөөн үлдсэн хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудын лицензийг цуцалж, хаасан. Сүүлд батлагдсан шинэ хуулиар Украин дахь тулааныг дүрслэхийн тулд тодорхой үгсийг ("дайн", "довтолгоо") ашиглахыг хоригложээ. Люди Байкалд ажиллахаасаа өмнө Елена Трифонова, Ольга Мутинова нар Эрхүүд төвтэй Восточно-Сибирская Правда сонинд 10 гаруй жил ажиллажээ. Тус сонин нь 1917 оны Октябрийн хувьсгалын дараахан байгуулагдсан эртний сонин боловч сүүлийн хэдэн жил засгийн газрын хатуу шахалтад үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон аж.

Улмаар ОХУ-аас Украинд дайн эхлүүлсний дараа тэд Люди Байкал руу шилжиж, редактороор ажиллаж эхэлжээ. Тэд дайнд амь үрэгдэж, шархтсан цэргүүдийн мэдээллийг хүргэж, цэрэг татлага, авлигын талаар ч сурвалжлан бичдэг байна. Елена Трифонова хэлэхдээ,"Засгийн газраас  албан ёсны суртал ухуулгаар хүмүүсийн тархийг хэдэн сарын турш угааж, яагаад бид Украинтай дайтах ёстойг давтсаар ирсэн. Украиныг нацистуудаас цэвэрлэж, Донбассын хэлмэгдэгсдийг чөлөөлж, Оросуудыг дээрэлхэж болохгүй гэдгийг барууныханд харуулахын тулд энэ ажиллагаа шаардлагатай гэж байнга ярьдаг. Гэвч өдгөө амь үрэгдсэн цэргүүд, тэдний зовлон зүдгүүрийг нуух боломжгүй болж, ард иргэд улам бүр сэрж байна" гэж тайлбарлав.

Дайны талаар мэдээлсэн олон мянган сэтгүүлч армийн талаар "худал" мэдээлэл тараасан гэх хэргээр мөнгөн торгууль, таваас хэдэн жилээр шоронд хорих шийтгэл хүлээжээ. 

Улан-Үдэд болсон оршуулах ёслолд оролцсон сэтгүүлчдийг цагдаа нар дуудаж, байцаалт авсан байна. Тодруулбал, Елена Трифонова, Ольга Мутинова нарыг Эрхүүд буцаж ирснийх нь дараа цагдаа нар баривчлан гавлаж, гурван цаг орчим байцаалт авсан гэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж