Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээж нарын төлөөлөл өнөөдөр /2022.11.03/ Г.Байгал төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Системийн өвчнөөр шаналж байгаа хүүдээ эмчилгээний зардал цуглуулахаар төрийн 20 байгууллага болон өөрийн тойргоос сонгогдсон зургаан гишүүнд хүсэлт илгээсэн байна. Тэд төсвөөс тойрогт зарцуулагдах мөнгө зөвхөн бүтээн байгуулалтад зориулагддаг гэх хариу ирүүлжээ. Тэрээр төр хүнийг өвчилнө гэж тооцоолон төсөв бүрдүүлээгүй юм байна гэлээ.
Иргэн Г.Байгал:
-Миний хүүхэд одоогийн байдлаар хөдөлгөөнгүй 100 хувь асаргаанд байна. Хөл унжвал дагасан хялгасан судаснуудаа гэмтээж, судсаа дагаж уураг алдалтад хүрэх аюултай. Тиймээс хөдөлгөөнгүй асаргаанд, хараа болон тархиндаа нөлөөлөл өгсөн, унаж татаж, цус алдаж хүнд байдалтай өдрийг өнгөрүүлж байна. Холбох эдийг гэмтээдэг өвчнийг системийн өвчин гэж нэрлэдэг. Учир нь хүний биеийн үе болгонд холбох эд байдаг тул үе байгаа газар болгонд байрлах холбох эд гэмтэж, үрэвсэх боломжтой байдаг. Биеийг бүхэлд нь хамардаг тул системийн өвчин хэмээн нэрлэдэг байна. Энэ өвчин манай улсад эмчлэгдэх боломжгүй. Тиймээс Солонгос улсын жижиг дөрвөн эмнэлэг рүү хандсан боловч хүүхэд эмчлэх боломжгүй, Сөүлийн их сургуулийн хүүхдийн эмнэлэг рүү ханд гэх хариуг өгсөн. Тус эмнэлгийн эмчилгээний зардал нь 600-700 сая төгрөгийн үнэтэй. Тус улсын агаар нь цэвэр, хүнс болон эм чанартай, хяналт сайн учраас эмчлэгдэх боломжтой. Миний хүсэлтийг төрийн гурван өндөрлөг болон тойргоос сонгогдсон гишүүд маань харж үзэн туслаач хэмээн хүсэж байна гэлээ