Хуулийг нь засахгүй бол хулгайчид нь засрахгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Хуулийг нь засахгүй бол хулгайчид нь засрахгүй

Хуулийг нь засахгүй бол хулгайчид нь засрахгүй

“Эрдэнэс Тавантолгой” компанид Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат өчигдөр /2022.11.02/ Засгийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө тус компани дөрвөн оффтейк гэрээ байгуулсны хоёр нь улсын маш нууцад хамаарч байгааг хэлжээ. Үндсэндээ, “маш нууц” нэрийн цаана манай улстөрчид хулгай, луйвраа амжуулсан гэсэн үг. Хэн нэгэн этгээд хулгай, луйврыг нь  задруулбал төрийн нууц задруулсан хэргээр ял шийтгэл авна.  Хэн “шүгэл” үлээж , төрийн дайсан болохыг хүсэх билээ.

Ц.Нямдорж урьд нь яг ийм арга заль ашиглаж байгаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг шоронгоос суллачихсан юм. Өнөөдрийг хүртэл С.Зоригийн гэх хэргийг “төрийн нууц”-аас бүрэн гаргаагүй. Хүмүүс асуухад төрийн нууцаас гаргачихсан л гэдэг. Хуульчид нь хэргийн материалтай танилцъя гэхээр “төрийн нууц аа” гээд амыг нь таглачихдаг.

Улстөрчдийн удаах арга заль нь хуулийн хулгай. Хууль, журмыг нь өөрсдөдөө зориулж өөрчилж байгаад хулгай хийх нь бараг жирийн үзэгдэл, жишиг явдал болсон доо. Жишээ нь, ЖДҮ, Хөгжлийн банкны луйвар байна. 2011 онд Хөгжлийн банк байгуулагдснаас хойш хугацаанд 74 удаагийн зээл олгосны 53 хувь нь чанаргүй зээл болчихсон. Олон нийтэд ил тод зарлаж, хууль, шүүхээр айлгасны ачаар оны сүүл гэхэд нэг их наядын зээл эргэн төлөгдөх төлөвтэй байгааг Сангийн яам тооцжээ. Ч.Ундрам, Ц.Анандбазараас эхлээд зарим нь “улс төрийн арга хэмжээ авна” гэх сургаар тэр дор нь цүнхтэй мөнгөө бариад төлцгөөсөн байдаг.

Төлөх боломж нь байсаар байхад төдийгөөс өдий хүртэл төлөхгүй яваад байсан шалтгаан нь ойлгомжгүй. Банк бусаараа дамжуулан багагүй мөнгө угаасан гэдэг  нь  үнэний ортой байх. Овоо босгоогүй бол шагшрах шаазгай гарахгүй шүү дээ.

Тэрчлэн Хөгжлийн банкийг тонож идэхдээ эхлээд МАН-ынхан хуулийг нь өөрчилсөн байдаг. Өргөн барьсан гишүүн нь өнөөх “муу нэрт” Б.Ундармаа.  Ард нь “үлдэгсэд” нь хүний гараар могой бариулаад өөгүй, цэвэрхэн мултарсан нь худлаа биш. Анх 20 гишүүн санаачилж, Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөхөөр болсон тухайгаа “Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилснээр банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болж олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ” гэсэн хаана байхав. Харин ч нийт активынх нь тал хагасыг тонож идээд, улсаа бараг дампууруулах шахсан. Хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч Б.Элдэв-Очир хууль батлагдсаны дараа хамаарал бүхий компаниараа дамжуулан 28 тэрбумын зээл авсан байдаг.

Гэх мэтчилэн албан тушаалаа ашиглаад зээл аваад мурисан нэгэн байна. Атал авсан зээлээ ажлын байр, бүтээн байгуулалт болгосноороо буруутан, ялтан болчихсон компаниуд ч бий. Манай хэвлэлийн “мангаа” нар хүртэл яллаад өг, шийтгээд өгч гэж хашгирч байсан нь саяхных.  Зүй нь баялаг бүтээгч ба банк тоногч хоёроо ялгахгүй бол үндэсний бүтээн байгуулалт, төр, хувийн түншлэл гэж ярих шаардлагагүй. “Зээлээ төлөөгүй” шалтгааныг нь олж тодруулах, яриа хэлэлцээ хийхгүйгээр шууд ял зэм яриад, буутай цэрэг, камертай сэтгүүлч дагуулж очоод өмч хөрөнгийг нь дээрэмдээд байвал хэн үйлдвэр барьж, том төсөл хэрэгжүүлэх юм бэ. Аж ахуйн нэгжүүд чинь бүгд айдастай, дарамттай болчихсон байна шүү дээ. Тиймээс л төр, хувийн хэвшлэлийн түншлэлийн хүрээнд /Төр үнэхээр хувийн хэвшлээ дэмжмээр байгаа бол/ тэдэнтэйгээ ярилцах, ойлголцох шаардлагатай.

Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөхгүйгээр хулгай, луйвартай нь тэмцэх боломжгүй.

Хөгжлийн банкны хуульд 5.5.1-д заасан  "Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд байна", 8.8.2-т  заасан "Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна” гэснийгээ л хэрэгжүүл. Хуулийг нь засахгүй бол хулгайчид нь огт засрахгүй гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж