Украины тэргүүн хатагтай Олена Зеленска Мягмар гаригт Европын хамгийн том технологийн арга хэмжээний нээлтийн ёслолд цахимаар оролцжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Украины асуудал хурцаар тавигдах бөгөөд 100 мянга хүртэл зочид төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэ дунд Украинаас 60 орчим төлөөлөгч байгаа бөгөөд бүгд гарааны бизнес эрхлэгчид юм. "Web summit 2022" арга хэмжээ Лиссабонд болж байна.
Зеленска цахим илтгэлийнхээ үеэр техник технологийг Украины ард түмэнд туслахаас илүүтэйгээр Оросын террористуудын цохилтод ашиглаж байгааг онцоллоо.
“Таны сонгосон мэргэжил яг одоо Украины эсрэг дайнд ашиглагдаж байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудаас л уншдаг хүний амь насыг үгүй хийх аюул заналхийлэл бидний бодож байгаагаас ч ойрхон байна. Бид Украинд үүнийг мэдэрсэн. Орос улс технологио терроризмд ашиглаж байна. Хүн төрөлхтөнийг устгах бус тэдэнд туслах, аврахын тулд технологийг ашиглах ёстой гэдэгт би итгэдэг. Ийм технологи бол ирээдүй. Хэрэв тийм биш бол итгэж хүлээх ирээдүй гэж байхгүй. Та бол дэлхийг хөдөлгөж буй хүч. Украинд тусалснаар та дэлхийг зөв чиглэлд хөдөлгөж чадна гэдэгт би итгэлтэй байна. Бидний том ялалт жижиг ялалтуудаас бүрддэг” гэж Зеленска хэллээ.
Мөн тэрбээр Оросын дайралт эхэлснээс хойш нисгэгчгүй онгоц, пуужингийн цохилтод өртөж амиа алдсан, тахир дутуу болсон хохирогчдын мэдээллийг хуваалцсан юм. ОХУ нь Украины чухал дэд бүтцийг онилсоор байна. Цахилгаан станцууд пуужингийн цохилтод өртсөн учир улс даяар тоггүй болов. “Одоо бид өдөр бүр цахилгаангүй, харилцаа холбоогүй, олон цагаар интернетгүй байна” гэж тэргүүн хатагтай хэлэв.
Украины Шадар сайд бөгөөд Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров мөн дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Тэрбээр өнөөдөр /2022.11.03/ оролцогчдод хандан үг хэлнэ.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ