"Хүнсний хувьсгал" -д Хэнтий аймаг манлайлан оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

"Хүнсний хувьсгал" -д Хэнтий аймаг манлайлан оролцоно

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт албан ёсоор эхлүүлж, эрчимжүүлэх зорилготой "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг 21 аймагт зохион байгуулж байна.-


УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдтэй танилцлаа.

Хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлж буй "Мэтагро" компани

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чандганы талд Мэтагро компани газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан цогцоор нь хөгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компани нийт 10 мянган га талбайд үр тариа, тосны болон олон наст таримал, тэжээлийн ургамал тариалахын зэрэгцээ жилд 15.0 мянган үхэр шахан бордож, зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна.


Ажлын хэсэг тус компанийн байгальд ээлтэй, тав тухтай байдлаар шийдэж буй аж ахуйн тохижилт, орчин, ажилчдын байрны бүтээн байгуулалттай танилцлаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун "Монголын шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг М-Си-Эс группийн охин компани хөдөө аж ахуйн салбарт зориглон орж байгаа нь тус салбарын хөгжилд түүчээлж, үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй" гэдгийг онцолсон юм.

Хэнтий аймаг "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийллээ 

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний Хэнтий аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа (Хүнсний хувьсгал зөвлөгөөн)-нд Сайд Х.Болорчулуун биечлэн оролцож, энэхүү хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө салбар яамнаас шуурхайлан ажиллаж байгаагаа онцлоод дараах бодлого, зорилтуудыг танилцуулав.

1. Ирэх 4 жилийн хугацаанд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангана.
2. Дотооддоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, үнэгүйдээд байгаа арьс, шир, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ.
3. Махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс”-ийг Монгол орныхоо баруун, зүүн, хойд, бүсэд байгуулна.
4. Ирэх оноос угаасан бус хялгасыг нь ялгаж “самнасан ноолуур” экспортлох боломжийг бүрдүүлсэн эрх зүйн зохицуулалтыг Засгийн газраар батлууллаа. Ингэснээр дотооддоо нэмүү өртөг шингээж, 4400 ажлын байрыг шинээр бий болгож, борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм.

Энэхүү зөвлөгөөнд аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, иргэд, малчид, хөдөлмөрчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

"Хөвчийн жонон" компанийн нэрийн хуудас болсон "Буриад талх"

Аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болох буриад талх, нарийн боов үйлдвэрлэдэг “Хөвчийн жонон” компанийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Тус компани 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 6 төрлийн талх, 8 төрлийн нарийн боов үйлдвэрлэн 80 гаруй супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж