Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Үе үеийн матаачид

Үе үеийн матаачид

БЭЛТГЭСЭН МАТААЧ МОНГОЛЫН УДИРДАГЧ БОЛСОН НЬ

Лхүмбийн хэргээр 126 хүнийг ялган хойшоо авч явжээ. Гэмтнээр тодорсон тэдний дотор Х.Чойбалсан ч орсон аж. Очсон хойноо Х.Чойбалсан хамт очигсдоо харгисаар байцаан ял тулгаж эхэлжээ. Үүнээс таван жилийн өмнө, 1926 онд Моксвад очсон Монголын төлөөлөгчдийг К.Ворошилов нарийн судлуулсан байх юм. Тийнхүү судалсны үндсэн дээр туйлбаргүй, хүний үгээр, засрах найдваргүй, ямар ч нөлөөгүй, бусдын нөлөөнд автахдаа амархан, архи уудаг… гэх мэтээр тодорхойлогдсон Х.Чойбалсанг Москвад эмчлэх санал тавив. Энэхүү эмчилгээний дараа Монголын удирдагчдын зан байдлын талаар К.Ворошиловт мэдээлж байх үүрэг хүлээжээ. Үүнээс хойш таван жилийн дараа Орост очмогцоо эздийнхээ даалгаврыг биелүүлж, элэг нэгтнүүдээ хилс хэрэгт ял тулгаж, зэрлэгээр “байцаав”.   Хавар нь явсан Х.Чойбалсан 1934 оны арваннэгдүгээр сарын 15-нд Сталин, Гэндэн нарыг уулзахад дахин гарч ирсэн бөгөөд Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогчоор томилох саналыг Сталин тавьсан аж. Ингээд Монголд ирсэн хойно нь Сталин Х.Чойбалсанд 20 ширхэг суудлын машин явуулж байсан бол Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор дөрвөн винтов, 30 мянган сум Чойбалсангийн нэр дээр ирүүлсэн нь их хэлмэгдүүлэлтийг эхлүүлэх даалгавар байсан гэлтэй. Монголчуудын батлан хамгаалахыг хариуцсан Цэргийн сайдад бус Дотоод яамны сайд Х.Чойбалсанд нэр цохож явуулсан нь дотоодын дайсантайгаа тэмцэхийг бэлгэдсэн бололтой. Захиас, даалгавраа авсан тэрбээр гурван сарын дараа жанжин Г.Дэмидийг К.Ворошиловт матжээ. Түүний матаасаар К.Ворошилов жанжин Г.Дэмидийг цэргийн сургуульд урив. Г.Дэмидийг Сибирийн тайгад хөнөөв. Ийнхүү хуульгүй, шүүхгүй их хэлмэгдүүлэлт эхэлжээ. Төрийн эрхэнд гарсан цаг хугацаандаа монголоо Орост матаад замаасаа зайлуулсан олон арван баримтыг энд дурдаж болно. Энэхүү хэлмэгдүүлэлтэд хамгийн их хүчин зүтгэсэн хүмүүс бол матаачид. Өөрөө амьд үлдэхийн тулд санасан нэрээ, зүс таних хүнийхээ нэрийг хэлээд л дайсан болгоод хэлмэгдүүлчихсэн бодит баримтууд өнөөдөр архивт байж л байна.

ИХ ЗОХИОЛЧОО МАТСАН НЬ

1931 оны арванхоёрдугаар сарын 31. Их зохиолч Д.Нацагдорж хэсэг сэхээтнүүдийн хамт европ маягаар “ёолк” тэмдэглэснийг баримтжуулсан гэрэл зургийг Берлин хочит Бат-Очир гээч матаач “Тайж Нацагдоржийн банкет” гэсэн тайлбартайгаар Дотоодыг хамгаалах яам руу явуулжээ. Үүний дагуу Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 18-нд баривчлан хорив. Ийнхүү монголын сор болсон сэхээтэн, уран бүтээлч, зохиолчдыг матаачид нар харах эрхгүй болтол нь матсаар иржээ. Билгүүн номч Б.Ринчен гуай “Мангаа Доогийн эцсийн зүүд” өгүүллэгтээ До яамны “Мангас” хочит Доржийг бичсэн бөгөөд зохиол өрнөж буй цаг хугацааг Манжийн үе болгон зальдсан аж.

МАЛЧИН ХӨӨРХИЙ

Дотоод явдлын яамны орлогч сайд Б.Жамбалдорж гээчийн бузар харгислалын талаар нүд сохолж, чих дүлийрэм аймшигт хэргүүд бишгүй бий. Түүний хар хуулийн балгаар олон зуун малчин шийтгүүлсэн бөгөөд матаачдын балгаар бишгүй хүн хэлмэгджээ. Увс аймгийн Ховд сумын Мянгат малчин Б.Янжив гэхэд л 38-хан кг ноос дутаасан хэрэгт унаад 4 жил хорих ял авч, 119 толгой малаар торгуулсан баримт байх. Ийнхүү барьж шийтгээд, буудан хороогоод байсан учраас аргаа барсан малчид үстэй дээлнийхээ үсийг хайчлан ноосондоо нийлүүлж байсан гунигт түүх Монголынх.

ШИНЭ ЦАГИЙН МАТААЧ

Жолоочдын буруутай үйлдлийг таслан зогсоохын тулд “E Police” аппликейшнийг бий болгов. Иргэд зөрчлийг/явган хүний зам талбайд машинаа байрлуулсан гэх мэт/ баримтжуулан уг аппликейшнд явуулснаар торгуулийн 20 хувийг авах юм. Энэ мэдээллийг сонссон иргэдээс 40300 нь “E Police”-ийг татан авчээ. Өмнө нь 1100-1200-хан л зөрчлийн талаар мэдээлэл ирдэг байсан бол ганцхан өдрийн дотор 4200 зөрчлийн мэдээлэл ирсэн байх юм. Хэдийгээр зөрчлийн тухай мэдээлэх нь зөв ч яваандаа энэ үйлдэл нь иргэдийг матаач, баталгаагүй зүйлсээр биенээ хохироох эрсдэл рүү түлхэх вий.  Монголд матаач болох ямар олон хүн байгааг бидний ялих шалихгүй урамшуулал, хөнгөлөлтөд шунадаг явдлаас бишгүй харж болно. Үүнээс гадна Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлыг хуульчлах төслийг ид УИХ-аар хэлэлцэх гэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хуучны матаасны тогтолцоотой үүнийг адилтгаж болохгүй. Энэ бол цэвэр олон нийтийн хяналт руу чиглүүлж байгаа асуудал" гэсэн ч тухайн хуульд нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээж болохгүй. Нөгөөтэйгүүр нэгнээ намнах гэсэн улстөрчид өшөө авах эсвэл шантааж хийх боломжийг нээж өгөхгүй гэсэн баталгаа алга. Цахим гүтгэлгээ шийдэж чадахгүй байж матаачдыг урамшуулах л хууль яваад байх шиг. Авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх нь нэг хэрэг. Гэхдээ тэмцсэн шиг тэмцэх ёстой болохоос матаачдыг өөгшүүлсэн байдлаар хуульжуулмааргүй байна. Ингэхдээ зөвхөн нийтийн ашиг сонирхол гэсэн хязгаараар хязгаарлах нь төрийн албан хаагчдыг, иргэдийг матаач л болгохоос өөр зүйлд хөтлөхгүй.

-Хумсанд хир нэг бузар
Хулгайд гар нэг бузар
Хуулинд хахууль нэг бузар гэдэг байх аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж