Польш улс өчигдрөөс /2022.11.02/ Оростой хиллэдэг хилийн зурвасынхаа дагуу төмөр утас татаж, хана босгож эхэлжээ. Польш, ОХУ хоёр Калининградаар хиллэдэг. Тус улс аюулгүй байдлынхаа төлөө хилээ битүүмжлэх шаардлагатай байгаа гэж Батлан хамгаалахын сайд Мариуш Бласчак хэлэв. Түр хаалт 210 км үргэлжлэх бөгөөд 2.5 метр өндөртэй, гурван метр өргөнтэй. Мөн цахим хяналтын систем, камертай.
Калининградын нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Александр Корытный өнгөрсөн сарын эхээр Арабын нэгдсэн Эмират, Катар тэргүүтэй Персийн булан болон Азийн орнуудын агаарын тээврийн компаниудыг татахыг эрмэлзэнэ гэж мэдэгдсэн. Ойрхи Дорнод, Хойд Африкаас Калининград руу нислэг үйлдэх Оросын нисэхийн албаны шийдвэрээс улбаалаад хилийг битүүмжлэх болсон гэж Бласчак хэллээ.
Польшийн Виштинец тосгонд цэргүүд хилийн дагуу утас татаж эхэлснийг орон нутгийн хил хамгаалах албаны төлөөлөгч ярьжээ. Виштинец нь Польш, ОХУ, Литвийн хил залгаа тосгон юм.
Өнөөдрийг хүртэл хилийн дагуу ямар нэг саад тотгор үүсээгүй бөгөөд зөвхөн хилчид л ойр ойрхон эргүүл хийж байгаа аж. Польш, Беларусийн хилийн хувьд олон тооны хүн хууль бусаар хил нэвтэрсээр л байна. Өнгөрсөн жил хоёр улсын хил цагаачлалын томоохон хямралын голомт болсон учир Польш улс зургадугаар сард мөн хилийн зурвас дагуу ган хана барьж дуусгажээ. Польш болон Европын холбооны бусад орон цагаачлалын асуудалд Беларусийн засгийн газрыг буруутгасан. ОХУ-ын холбоотон Беларусь улс эвслийн 27 орны дунд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд зориуд цагаачлал зохион байгуулсан гэж тэд үзэж байна.
Эх сурвалж: TIME