“Б.Энхбаяр аа, попрол чинь хэтрээд байгаа шүү”

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Live“Б.Энхбаяр аа, попрол чинь хэтрээд байгаа шүү”

21 : 47
2022-11-3

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

17 : 35
2022-11-3

“Б.Энхбаяр аа, попрол чинь хэтрээд байгаа шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй болон дэмжлэг хүлээсэн саналуудаар санал хураалгаж байна.

Тухайлбал, Худалдаа хөрөнгө оруулалтын газар байгуулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Гэхдээ санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэхүү саналыг дэмжих боломжгүй гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжих шаардлагатай санал гэв. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ агентлаг бол гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын худалдаа хариуцсан агентлаг. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах ёстой. Солонгосын хөрөнгө оруулагчид Монголд ирээд хөрөнгө оруулмаар байна, хэнтэй уулзах вэ гэж байгаа. Гэтэл энэ асуудлыг хариуцдаг газар байхгүй, гадаадын хөрөнгө оруулагч хаашаа очихоо мэддэггүй. Хуульд өөрчлөлт оруулахдаа гадаадыг хариуцаж байсан агентлагаа алга болгосон. Төсөв мөнгө нь суучихсан юм билээ. Орхигдсон байна гэж үзээд хийсэн. Хөгжлөө бодоод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд агентлагийг байгуулах ёстой. Будаач будаач гэхээр сахлаа битгий буд, Б.Энхбаяр аа. Гүтгэлэг тараана хүн доромжилно. Хэр хэмжээнээсээ хэтрээд яваа шүү. Чамд хүний үг сонсох чих хэрэгтэй. Ойрын үед чиний попрол хэтрээд байгаа шүү.

16 : 53
2022-11-3

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн дэмжсэн болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаж байна. Нийт 100 гаруй саналын томъёоллоор санал хураалгах юм. 

 

14 : 56
2022-11-3

УИХ-ын чуулганыг 30 минут завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолыг хэлэлцэж байгаад 30 минутын хугацаатай завсарлууллаа. Эл тогтоолыг хэлэлцэхдээ 70 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураах шаардлагатай аж. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан завсарлатал чуулганы хуралдааныг түр завсарлуулаад байна. 

14 : 39
2022-11-3

“Хөгжлийн банкны евро бондыг дефольт болгоод хаявал болно”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэн бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эл асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд хариулт авч байна. Энэ цаг мөчид УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байгаа тул Сангийн сайд Б.Жавхланг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулт өгч буй юм. 

УИХ-ын гишүүн: Т.Доржханд: Ирээдүйн өв сангийн эх үүсвэрт төрийн өмчит компанийн ногдол ашгийг татдаг, нөгөөх нь уул уурхайн баялгийнхаа орлогыг татаж авдаг. Уул уурхайн баялгийнхаа орлогыг ирээдүйд ашиглахаар хууль баталсан. Гэтэл өнөөдөр энэ системээ эвдээд эхэллээ. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүүхдүүддээ ашиглана гэсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөв дээрээ татаж авч байгаа нь буруу. Тайлбар шаардлагатай байна. Өнөөдрийн иргэд уул уурхайн баялгийнхаа өгөөжийг нь хүртчихээд 50 жилийн дараа төрөх иргэд өгөөж хүртэхгүй байх юм уу. Төсвийн замбараагүй тэлэлтээ өөгшүүлж хуримтлал руугаа гар дүрж байгаа нь зөв юм уу.

Хөгжлийн банкны хулгайн асуудал байна. Засгийн газраас баталгаа гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх гээд байна гэж Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Зориудаар хулгай хийсэн хүмүүсээс мөнгөө авахгүй улсын төсвөөр санхүүжүүлнэ гэвэл эсэргүүцнэ. Талбай дээр гараад жагсана.

Монголын хамгийн том хулгайн пирамид задарч байна. Энэ нь нүүрсний пирамид. Орлогоо татвар байдлаар төвлөрүүлээд ярихын оронд нууцад оруулдаг.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Ирээдүйн өв сангийн тухай хууль зөвхөн 2023 онд хэрэгжихээр оруулж ирсэн. Эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа шийдье гэж үзээд нэг жил үйлчлэхээр заасан. Санд 2.4 их наяд төгрөг хэвээр байгаа. Хэрэглэчихсэн юм шиг хүмүүс ярьж байна лээ. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирсэн үеэс булхай луйврыг нь гаргаж тавьж ирсэн. 2023 онд Самурай бонд, евро бонд төлөгдөх ёстой. Иений ханш доошоо унасан үед мөнгөө цуглуулаад авч байгаа нь тактикийн хувьд зөв. Евро бондын асуудлыг сангийн яам боловсруулж оруулж ирсэн. Хөгжлийн банкны евро бондыг дефолт болгоод хаявал болно. Гэхдээ бид олон улсын үнэт цаасны зах зээл дээр бага хүүтэй бонд босгох боломжгүй. Гадаад орчинд Хөгжлийн банк буюу төрийн банк нь авсан зээлээ эргүүлж төлөөгүй учраас бондыг нь битгий ав гэнэ. Энэ бонд 2023 оны аравдугаар сард төлөгдөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн тогтоолд шаардлагатай бол гэж оруулж ирсэн. Засгийн газар бүхий л арга чадлаараа ажиллаж байгаа. Зөв болгох гээд оролдож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нүүрсний орлогоо авч чадалгүй 10 жил болсон. Авах үндэслэл нь татвар байгаа. Гэтэл төмөр зам гэх мэт нууцын гэрээ байгуулж байгаад авч байна. Татвараа тавиад, иргэддээ нээлттэйгээр хэлэлцээд юунд зарцуулах вм бэ гэдгээ ил тод болгох ёстой.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Оффтейк дээр Засгийн газрын байр суурь тодорхой байгаа. “Эрдэнэс тавантолгой” компани  дээр онцгой дэглэм тогтоосон. Макро эдийн засгийн тооцоо судалгаа хийх боломжгүй байдаг. Валютын урсгал ямар байх вэ, импорт яаж нэмэгдэх вэ гэдэг тооцоо хийх гэхээр оффтейк дээр очоод гацдаг. Тийм учраас орлогыг гүйцэд авах чиглэлээр онцгой дэглэм тогтоох чиглэлээр ажиллаж байна. Хэсэг хүмүүс бойкот хийх гэж оролдож байгаа, удахгүй ил болно. Хилээр гарч байгаа бүх нүүрс ил болно. Өлөн нүдтэй шуналтай хүмүүст боломж бүрдүүлсэн байсан.

Австрали, Канад зэрэг орнууд нүүрсээ  уул уурхайн биржээр арилжаалдаг. Худалдан авч байгаа хүмүүс нь өрсөлдөж байж Монголын баялаг үнэд орно. Тийм учраас биржээр нүүрсээ зараа гэдэг ажил хийгдэж байна. Валютын урсгал, нөөцийг нэмэгдүүлэх алхмыг Засгийн газар шат дараатай хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортлосон гэсэн бол Хятадын мэдээгээр 2.1 сая тонн нүүрс импортлосон гэж. Хулгайгаар нүүрс гаргаад байна уу.

Хилийн боомтуудаар ачаа, нүүрс тээвэрлэлт болон чөлөөт бүсэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг хянан шалгах түр хороо өнгөрсөн аравдугаар сарын 8-12-нд Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллаад ирсэн. Энэ үед Ховд аймгийн Хөшөөтийн уурхай 1.8 сая тонн нүүрс экспортолсон гэдэг мэдээ өгсөн. Гэтэл Хятадын тал 2.1 сая тонн нүүрс импортолсон талаар мэдээлж байна. Үүний зөрүү 400 мянган тонн нүүрс хулгайгаар гарав уу, улсын төсөвт орох 60 сая ам.доллар болон татварын орлого алдагджээ. Үүнийг шалгаж, нягтлах хэрэгтэй.

12 : 03
2022-11-3

Б.Баттөмөр: Эрдэнэтийн овоолгыг худалдъя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хэрэглээний үнийн индекс найман хувьтай гэж байна. Одоо гэтэл 13-14 хувь байна. Гурилын үнийн 30 хувийн өсөлт иргэдэд дэндүү том дарамт учруулж байна. Найман нэрийн барааны дэлгүүрээр хамгийн их борлогддог зүйл нь гурилан бүтээгдэхүүн байсан.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: Гурил, будааны үнэ сүүлийн 4, 5 жил өсөөгүй, тогтвортой байсан. Үнэ гэнэт 30 хувиар өслөө гэлээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг тавдугаар сард баталсан.Энэ хөтөлбөр 10 хувийн инфляцын хязгаарлалтыг л тогтоож чадна. Гэтэл тариа будааны зардал 50 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд оролцоё гэвэл 50 хувийг нь санхүүжүүлэхэд оролцохгүй бол боломжгүй. Улсаас дэмжлэг үзүүлэхгүй хатуу үнэ баривал энэ салбар дампуурна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль биш Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль гэж баталж болох уу. 2010 оноос хойш нийт 13 удаа энэ хуулийг өөрчилсөн байна. Төсвийн хүрээний мэдэгдлээ гурван жилийн турш өөрчлөхгүй явъя гэдэг ч жил бүр өөрчилж байна. Төсвийн хатуу сахилга батыг мөрдөхгүйгээр явахгүй. Сүүлийн 15 жилд хийсэн судалгааг үзлээ. Төсвийн сахилга батгүй байна, хэн дуртай нь өөрчилж байна. УИХ нь ямар ч мэдэл байхгүй, хэдэн хүн юм оруулаад ирэхээр баталдаг. Цаг зуурын болж хувирсан. Сүүлдээ ковид руу чихдэг. Төсвөө хийхдээ ард иргэддээ хүртээмжтэй батлах ёстой. Зарим аймгийн нэг хүнд ногдох хөрөнгө оурулалт нь тэрбум байхад зарим аймгийн иргэдэд нь байдаггүй. Э.Бат-Үүл хотын дарга байхад эрүүл аюулгүй байдлын үнэлгээ гаргаж, түүний дагуу төсөв хуваарилдаг байсан. Аргентин улс төсвийн хүрээгээ өөрчлөхгүй сахилга баттай байснаар хөгжсөн гэдэг. Хятад улс 30 жилээр төлөвлөдөг.

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн хуульд 2012-2016 оны хооронд найман удаа, 2016 оноос хойш таван удаа өөрчлөлт орсон. Найман өөрчлөлтийн дөрөв нь тусгай шаардлагын өөрчлөлт байдаг. 2023 онд бид өөрчлөөгүй. Төсвийн сахилга батыг хангахын тулд хууль гаргасан. Энэ хүрээн дотроо явъя гэдгээ тайлагнаж байгаа. Төсвийн 2.8 хувийн алдагдлаа хүрээн дотроо барина.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төсөв тэлсэн юм байхгүй. гутранги хүмүүсээр тоо бүү бодуул гэж үг бий. 2023 оны төсвийн орлогыг нэмээд алдагдалгүй баталчих боломж бий. Ингэвэл валютын ханш тогтворжино, инфляци буурна. Далд эдийн засгийг 200 тэрбумаас олно гэж байгаа. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгөөс орж ирэх мөнгийг бууруулсан. Нүүрсний зах зээл дээр бөөн хулгай байгаа. Дэлхийн зах зээл дээрх үнэд хүргэж худалдахаар 700 гаад тэрбум төгрөг орж ирэх боломжтой.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс 564 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж байгаа. Зарим компанийн захирал 3-4 жип уначихсан асар тансаг байна. Орлогыг нь тодорхойлох боломжгүй аж ахуйн нэжүүдээс орлого төвлөрүүлэх асар их боломж байна.

Эрдэнэтийн овоолгыг худалдъя. Урьдчилаад хийсэн гэрээ нууц гэрээнүүдээ засаач. Сангийн яамнаас ингээд ороод ирэхээр ажлын хэсэг дээр засах боломж байаггүй юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Далд эдийн засгийг ил болгох орлогоо дайчлах талд бүх чадлаараа л ажиллаж байна. Уул уурхайн экспортын тээвэр ложистик дээр заримдаа хилээ хаалгах хүртлээ хүнд байдалд ордог. Энэний үр дүнд далд байсан асуудлыг ил болгосон. Тухайлбал, тээвэр ложистик дээр Гашуун сухайт, Цагаан хадны хооронд хийгдэж байсан нүүрс экспортоос олон тэрбумыг алдаж байсан нь ил болсон.

Одоо Монгол Улсын эрдэс баялгийн экспортын арилжаа ил болно. Нүүрсээ хилийн үнээр худалдаж эхэлсэн. Ойрын хугацаанд мэдэгдэхүйц үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Төсвийн орлого төлөвлөлт дээр болгоомжтой байх ёстой. Зардалдаа зориулж орлого тавьдаг байсан нь алдагдал зөрүү их үүсгэдэг байсан. Энэ буруу хандлагыг давтаж болохгүй. Тийм учраас орлого бодитой байх ёстой.  Том зардлуудаа шингээх гээд юм уу орлогоо буруу төлөвлөж боохгүй. Орлогоо бид хамгийн бодитой оруулж ирсэн. Газрын төлбөр зэрэг нь орон нутгийн орлого. Орон нутгийн орлогыг ч бодитой төсөвлөж өгөх ёстой. Их багадаа гол нь биш.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын их баялаг гараад байдаг, ард иргэдэд наалддаггүй. Эрдэнэтийн овоолгыг энэ компаниуд ягаад үнэгүй авч ашиглаад байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Оффтейк гэрээнүүд дээр ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосон. Компанийн хэмжээнд судалгаа үр дүн, шинжилгээ хийх боломжтой болж байна. Нийт гэрээний 30 хувь нь Хятад улсын томоохон оролцоотой төрийн өмчит компаниудынх байгаа, 70 хувь нь 100 гаруй гэрээ бий. Бага багаар гэрээ нь олон нийтэд ил болох ёстой.

Асуулт хариулт дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн байсан УИХ-ын тогтоолуудын танилцуулгыг сонссоны дараа чуулганы хуралдааныг завсарлуулав. 

Одоо УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх болсон тул чуулганыг түр завсарлуулаад байна. 

10 : 54
2022-11-3

Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн зөндөө гүтгэлээ, доромжиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлантай маргалдав. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис банкинд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан ч өнөөдөр алга болсон. Чи хаана банк, сан байна, тэр бүгд рүү гар дүрдэг. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан бүгд рүү.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ахмадууд аа, арваннэгдүгээр сарын 8-нд 12:00 цагт Сүхбаатарын талбай дээр ирж тэтгэврээ нэмүүлэх жагсаалд оролцохыг уриалж байна. Долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгохыг хүсэж байгаа Монгол Улсын иргэд талбайд ирж жагсаал хийж хуулиа урагшлуулахгүй бол болохгүй нь. Эрх баригчид энэ хуулийг явуулах сонирхолгүй байна. Хамтдаа тэмцэл өрнүүлж байж тэтгэврээ ядаж 100-150 мянган төгрөгөөр нэмүүлж авцгаая.

Эрх баригч нар дотроо асуудлаа сайн ярь. УИХ руу оруулж ирээд байх юм. Та бүхэн Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга юм уу, сайд болгочихгүй яасан юм. Дотроо хэрүүлээ хийхгүй УИХ дээр яриад.

Сангийн сайд Б.Жавхлан: Ц.Даваасүрэн гишүүн зөндөө л гүтгэлээ, доромжиллоо. Олон удаа парламентад суусан, сайн үлгэр үзүүлэх ёстой гишүүн гэж боддог. Парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдогийг харуулж байгаа. Шударга үнэнийн туйлд тоглоод яваад байдаг. Гэтэл цаана нь харамсмаар зүйл их болж байгаа шүү. Тиймээс хэлэхээс аргагүй нь. Гишүүн маань Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүх гэж залууг Дарханы арьс ширний төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилуулсан. Монгол Улс жилдээ 600 мянган үхрийн шир боловсруулдаг, 130-140 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэтэл жилдээ 10 сая арьс боловсруулна гэсэн үйлдвэр маань 4.4 сая болж буураад хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нь 159 сая евро болсон.

Ц.Даваасүрэн гишүүн эрчим хүчний хүн. Одоо гэнэт арьс ширний хүн болсон. Энэхүү арьс шир боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт дээр баталгаа гаргая гээд ороод ирсэн. ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэдэг хариуг өгнө. Таны яриад байдаг үнэлэмжээр үнэн шударга байдал энэ үү. Бүгдийг нь та хийж байгаа. Нэг хэсгийг нь би хэлж байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйл ярьж байна гэж үзэн микрофоныг нь хаав.

Ингээд Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. 

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн. 2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна. 

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ. Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна.

Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер юм. 

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэхүү зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэн байсан юм. 

УИХ-ын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураахад олонх нь дэмжсэн тул С.Ганбямбыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томиллоо. 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

10 : 21
2022-11-3

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж