Улсын эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс валютын нөөц бүрдүүлэх нь чухал. Дэлхийн орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэгцээгээ хангах, эсвэл нэг жил дотор хүлээгдэж буй гадаад өр төлбөрөө хаах хэмжээний валютын нөөцтэй байх “алтан дүрэм” баримталдаг.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны тавдугаар сард түүхэн дээд хэмжээнд буюу таван тэрбум ам.доллар орчимд хүрсэн ч түүнээс хойш тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Валютын нөөцийн хүрэлцээт түвшинг авч үзвэл, гадаад валютын албан нөөц өнгөрсөн есдүгээр сарын эцсийн байдлаар 2,794.6 сая ам.доллар байсан нь 3.5 сарын валютын төлбөртэй барааны импортын хэрэгцээг хангах түвшин юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа нь чамлалттай. Үүнээс гадна Монгол Улс ирэх хоёр жилд хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө.
Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний арван сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. 2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар төлнө. Энэ мэт шалтгааны улмаас нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа билээ.
Импорт 2022 оны хувьд 40 хувийн өсөлттэй байгаа нь валютын нөөцөд дарамт болж буй. Импортын хэрэглээ, эсвэл үнэ нэмэгдэх, гадаад зээл бонд төлөгдөх, монгол иргэд гадагшаа сурах, эмчлүүлэх, аялах зэргээр валют гадагшлах тоолонд валютын нөөц буурдаг. Жишээ нь, ердийн үед монголчууд жилдээ 500-600 сая ам.долларыг суудлын автомашинд, 1-1.2 тэрбумыг шатахуунд, нэг тэрбум орчмыг аяллын зорилгоор зарцуулдаг байна.
Хэдийгээр экспортын түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж буй ч Монгол Улсын валютын гол орлого болох нүүрсний экспортын биет хэмжээ ердийн үеэс (жилд 36 сая тонн) эрс бага, улмаар оны эхний саруудад валютын орох урсгалыг хязгаарласан.
Экспортын орлого сайн, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн захаас шинээр татсан эх үүсвэр буюу зээл, бонд их, Монголыг зорьж ирэх жуулчдын тоо олон байх тусам нөөц нэмэгдэхэд эерэг нөлөөтэй.
Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуултад “Цаашид экспортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилбэл нөөц нэмэгдэнэ” гэж албаныхан хариулж буй юм. Хятадын “Тэг ковид” бодлого үргэлжилж, хил гааль хаалттай хэвээр, экспортын хэмжээ нэмэгдэхгүй бол валютын нөөц барагдах бодит эрсдэл бий. Иймд энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй бөгөөд төр засаг дэндүү оройтож анхаарал хандуулж байна гэж иргэд шүүмжилж байна.
Засгийн газар хэдхэн хоногийн өмнө Валютын нөөцийг нэмэх тухай тогтоол баталсан. Энэ талаарх мэдээллийн үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар экспортын бүх орлого орж ирэхгүй байгааг мэдээлсэн билээ. Тэрбээр нүүрсний зарим орлогыг гэрээ байгуулан урьдчилж авсныг мэдэгдээд, "Нэг компаниар жишээ авахад, 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортлож, 500-600 сая ам.долларын орлого хүлээн авсан байна. Мөн 2018-2019 онд худалдсан нүүрсээ одоо л хилээр гаргасан аж ахуйн нэгжүүд байна. Нүүрсний амны үнэ, хилийн үнэ хоорондоо ялгаатай. Бид уурхайн амнаас нэг тонныг 71 ам.доллараар, хил үнээр бол 129 ам.доллараар худалдаж байна. Тээврийн улмаас тонн тутамд 58 ам.долларын зөрүү үүссэн. Валютын нөөцөө нэмэхийн тулд цаашид нүүрсээ хил үнээр л худалдана” гэж мэдээлснийг энд эргэн сануулъя.
Учир мэдэх зарим хүмүүс хэлэхдээ, гэрээ байгуулж, урьдчилж төлбөр авсан гэх асуудал “но”-той бөгөөд “Эрх баригчид энд манипуляци (хувийн ашиг сонирхлын үүднээс бусдыг чадварлаг ашиглах, хянах, бусдад нөлөөлөх) хийж байна” гэж хардаж буйгаа илэрхийлсэн юм.
Төр засгийн удирдлагууд, эсвэл тодорхой бүлэг хүмүүс байна уу булхай, луйвар хийж, экспортын орлого, валютын орох урсгалд саад учруулж, нөөц буурахад сөргөөр нөлөөлсөн л бол хууль журмынхаа дагуу шалгагдаж, гэм буруугийн шийтгэлээ хүлээх нь зүй.
Эдийн засагч С.Түмэнцэнгэлийн мэдээлснээр, дэлхийн улс орнуудын хувьд ханшийг хатуу барьж, дан ганц валютын нөөцөөрөө “шок”-ын ард гарах гэж оролдоод алдсан тохиолдлууд цөөнгүй байдаг аж. Монгол Улс Шри Ланкийн араас “морио эмээллэх”-ийг хүсээгүй л бол валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах зайлшгүй шаардлагатай.
Эрх баригчдын хувьд валютын нөөц нэмэгдэхэд экспортын хэмжээ өсөх, “Оюутолгой”-гоос орж ирэх орлогод гол найдлагаа тавьж буй. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан "Оюутолгой" компанийн хамгийн үр өгөөжтэй жил 2028-2030 он байна. Ирэх жилээс тус компанийн ашгийн 100-175 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орж ирнэ. Энэхүү үр өгөөж хоёроос гурав дахин нэмэгдэх шатандаа орсон" гэж хэлсэн билээ.
Эдийн засагч С.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа, экспортын орлогоос олсон валютыг юунд зарцуулж байгааг хянах ёстойг онцолсон юм. Тэрбээр "Валютын хэмжээ нэмэгдэж байвал ханш тогтвортой байна. Зарим нэг хүний хэлж байгаа шиг ханшийг барих оролдлого хийж, валютын нөөцөө баривал гадаад валютын албан нөөцгүй болно. Тухайлбал, 2006-2021 оны байдлаар манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Одоо хоёр тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байна.
Гадаад валютын нөөц буурч буй гол шалтгааны тухайд, Монголбанкны Валютын хуулийн дагуу экспортлогч компаниуд бүтээгдэхүүн экспортолж, олсон орлогоо 60 хоногийн дотор Төв банкинд бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын бүх орлого бүртгэгдэж байж дотоодын валютын албан нөөц нэмэгдэнэ гэж хэлсэн юм.
Нүүрсний орлого Монголбанкинд бүртгэгддэггүй. Цаашид эдийн засаг, ханшийн өсөлтийг тогтвортой байлгах, ханшийн инфляцид үзүүлэх нөлөөллийг бууруулах, төлбөрийн тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангахын тулд, валютын албан нөөцийг бүрдүүлэхэд Монголбанкны хуульд заасан эрхийг нь эдлүүлэх ёстой. Монгол Улс экспортын орлогоо албан ёсоор валютын нөөцдөө бүртгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Экспортын бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хил гааль дээр баримт бичгийг дутуу боловсруулах үзэгдэл гардаг. Иймд Монгол Улсын гадагшаа гаргаж буй цөөн тооны бүтээгдэхүүний орлогыг бүрэн оруулж ирэхийн тулд холбогдох хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар боловсруулж, уг асуудлыг анхааралдаа авах ёстойг С.Дэмбэрэл эдийн засагч хэлсэн юм.
Одоогийн байдлаар Монголбанкинд гадаад валютын нөөцөө хянах ямар ч эрх мэдэл байхгүй учраас нөөц өдрөөс өдөрт багасч байна.
Холбоотой мэдээ