SPEAK OUT: Нүүрсний хулгайг шалгаж, ард түмэнд мэдээлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгай

SPEAK OUT: Нүүрсний хулгайг шалгаж, ард түмэнд мэдээлэх ёстой

SPEAK OUT: Нүүрсний хулгайг шалгаж, ард түмэнд мэдээлэх ёстой

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож,  Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон,  түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг. Тэрбээр өчигдөр /2022.11.02/ Засгийн газрын хуралдааны үеэр Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой" ХК дөрвөн оффтейк гэрээ байгуулсны хоёр нь улсын нууцад бий” гэх мэдээллийг өгсөн. Эргэн сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар “нүүрсний мафитай тэмцэнэ” хэмээн мэдээлж байсан удаатай. Энэ үг ажил хэрэг болж, нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Намайг нүүрсний асуудалтай холбоотой гэдэг мэдээлэл гарч, тухайн үед нь тайлбар өгч байсан. Нүүрсний борлуулалттай холбоотойгоор намайг харлуулж, өөрсөд рүүгээ ирж байгаа галыг өөр тийш нь чиглүүлэх асуудал байгаа юм билээ. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард Засгийн газрын сайдын ажлаа хүлээлгэн өгч, тухайн үед холбогдох хүмүүс нь надтай холбоотой асуудал байвал шалгаж тогтоох хүсэлтийг албан ёсоор тавьж байсан. Намын удирдах зөвлөл, Засгийн газарт хүсэлтээ өгч байсан. Тийм учраас надтай холбоотой нэг ч асуудал байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг  шалгаж, мөрдөн байцаагаагүй. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандаж байгаа. Нүүрстэй холбоотой асуудал ярихаар намайг гүтгэж ирсэн. Тухайн үед 800 ам.долларын үнэтэй л цаг зүүж байсан. Тэрийг 170 мянган ам.долларын цаг зүүлээ гэж дайралт ирж байсан. Сая ч гэсэн энэ цагны асуудал хөндөгдөж байна.

Сүүлийн үеийн мэдээллээр МАН-ын бүлэг, төсвийн ажлын хэсэг дээр ярьсан. Нүүрсний гэрээг ил болгох хэрэгтэй. Дөнгөж сая УИХ-ын төсвийн ажлын хэсэг дээр өөрөө санал гаргаж, байгалийн баялагтай холбоотой гэрээнүүдийг ил тод болгож, УИХ-ын байнгын хороо, УИХ-д мэдээллийг тайлагнадаг байх ёстой гэдэг заалтыг УИХ-ын тогтоолын төсөлд оруулахаар санал гаргаж, дэмжүүллээ.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Нүүрсний оффтейк гэрээг ил болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр УИХ-д хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулж ажиллах шаардлагатай. Зөвхөн оффтейкээс гадна хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг шалгах хэрэгтэй. Нэгдүгээрт, зураг төсөвтэй юу үгүй юу, төсвөө хэрхэн яаж бодсон юм. Гэрээлэгч нартай хэрхэн гэрээлж, ажлыг нь өгсөн юм гэх асуудалд бүгдэд нь шалгалт оруулах шаардлагатай. 4.5 их наяд буюу зөвхөн нэг оны хөрөнгө оруулалтын асуудал ярьж байна. Гэтэл улсын төсөвт хөрөнгө оруулалт нь 2.7 их наяд төгрөг байгаа. Тэгэхээр улсын төсвөөс давсан хөрөнгө оруулалтын зөвхөн нэг төрийн өмчит компани дээр явагдаж байгаа хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр шүү дээ. Тиймээс нүүрсний гэрээг шалгаж, ард түмэнд нээлттэй мэдээлэх ёстой. Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааны эзэн. Нэг ёсондоо юу гэж хардаж болох вэ гэхээр, Засгийн газар ард түмэнд ногдох ногдол ашгийг өгөхгүйгээр ашгаа урьдчилж аваад хөрөнгө оруулалт хийгээд байна гэж харж болохоор байна. Тиймээс 1072 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг олгуулах тал дээр УИХ-аас санаачилж үүнийг ярих ёстой болов уу.

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Засгийн газраас нүүрсний гэрээг ил болгох шийдвэр гарч байгаа гэж сонссон. Нүүрсний гэрээг ил болгох ёстой. Далд байдаг, ард түмнээсээ нуудаг хаадаг бизнесийн гэрээ хэлцэл гэж ямар юм байдаг юм. Ялангуяа улс орон бизнесийн гэрээ хэлцэл хийхдээ ард түмнээсээ нууцалж, нууж хаадаг байж болохгүй.

Засгийн газрын төрийн өмчит компаниуд гэрээ хэлцэл хийхдээ ямар гэрээ хэлэлцээр хийснийг ард түмэн буюу “эзэд” нь мэдэж байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж