Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Тус хорооны Ажлын албыг 11 орон тоотой байхаар өчигдөр /2022.11.02/ баталлаа. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, салбар хоорондын уялдааг хангахад хорооны дэргэд байнгын Ажлын алба ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан тус салбар 2020 онд 58, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн. Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна.
2022 оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад хүргэж, жуулчдаас орох орлогыг нэг их наяд төгрөг хүргэхийг зорьж байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ