“Сургалтын төлбөр, дотуур байрны мөнгөөрөө бооцоо тавьж, покер тоглоод дууссан. Одоо гэр рүүгээ ч буцаж чадахгүй, найзындаа амьдарч байна. Уг нь анх 500 мянган төгрөгөө гурван сая болгоод амьдарч болох юм шиг санагдсан” гэж тэрбээр ярив. Түүнийг Б гэдэг. Энэ жил тэр гуравдугаар дамжаанд сурч байх ёстой байсан ч сургалтын төлбөрөө сургуулиасаа буцаан авч, спорт бооцоонд тавиад зогсохгүй дотуур байранд амьдрах мөнгийг үрэн таран хийжээ. Ингээд сурах сургуульгүй, орогнох байргүй болсон тэрбээр хөдөө амьдардаг эцэг эхдээ худал ярин найзынхаа гэрт хоног төрүүлэн оюутны өвлийн амралт эхлэхийг хуруу даран хүлээж байна.
Энэ бол сүүлийн жилүүдэд олон хүнд тохиолдож буй явдал. Түүн шиг чонын шагай, азын тоондоо найдсан бооцоо, покерт донтогсдыг их сургуулийн гудамжнаас эхлээд хотын өндөр шилэн оффисоос ч олж болохоор. Сүүлийн жишээ гэхэд сагсан бөмбөгийн ирээдүйтэй тамирчин, томоохон банкны ажилтан залуу мөрийтэй тоглоомд алдсан мөнгөө үйлчлүүлэгчийнхээ данснаас авсан нь ил болж, өдгөө “аавынд” сууж буй билээ.
Ерөнхийдөө дан оюутнууд, залуучууд гэлтгүй нас тогтсон, гэр бүлтэй болсон ахимаг насныхан, тэтгэврийнхэн ч янз бүрийн ТВ сугалаа, сургалт нэртэй луйвар, өндөр ашиг амласан коин, саналуудад мөнгөө алдсаар байна. Өгөөш үмхэж буй гол шалтгаан нь амархан баяжих, их мөнгөтэй хүсэл нь. Сарын цалин нь идэж уухаасаа илүү гарахгүй байгаа учир бидний монголчууд нэмэлт орлого, “үнэгүй” мөнгөний эрэлд гарсан. Бусад хэрэгцээгээ хангаж, ганган хувцас, сүүлийн үеийн ухаалаг гар утас барихыг хүсч байна. Энэ л баяжих хүсэл нь тэднийг хувхай хоосолж буй мэддэг ч зоосонд сохорсон ухамсар нь “Дахиад нэг, дахиад нэг” гэж хорхойг нь хүргэсээр хавцлын ирмэгт хүргэнэ. Олдог мөнгөө алдсаныхаа дараа мөнгө болох бүхнээ зарж, барьцаалж эцэстээ бусдаас зээлж нэг л мэдэхэд байсан, байж болох бүхнээ алдаад дуусна.
Монголчуудын дунд мөрийтэй тоглоом, спорт бооцоо, коин, форекст мөнгөө алдсан хүн цөөнгүй байх болов. Нас, хүйс энд хамаагүй. Арван жилийн сурагч хүү найзынхаа утсыг ломбарданд барьцаалж спорт бооцоонд, гурван хүүтэй эцэг машинаа зарж форекст, ач зээгээ хараад гэртээ суудаг эмээ хүртэл тэтгэврээ ТВ сугалаанд баржээ.
Таксины явдаг, нас тогтсон, нэрээ нууцлахыг хүссэн нэгэнтэй ярилцав. Тэрбээр жийпээ 45 сая төгрөгөөр зарж, форекст хүч үзсэн гэнэ. Ганцхан шөнийн дотор бие засаад ирэхийн хооронд алтан дээр 22 мянган ам.доллар алдаж, эхнэр нь гэрээсээ хөөжээ. Тухайн үед өөрийгөө долларын саятан болчих юм шиг л санасан аж. “Эгчийндээ долоо хоног амьдарч байгаад дансанд үлдсэн жаахан мөнгөө эхнэртээ аваачиж өгч, уурыг нь гаргасандаа. Тийм их мөнгө алдсан хүн чинь дахиж тийм зүйл рүү зүглэх зориггүй болчихдог юм байна лээ” гэлээ. Форекс бол хөрөнгийн зах зээл, санхүүгийн мэдлэгтэй, эрсдэл даах чадвартай, гадаад хэлтэй хүмүүсийн хийх зүйл гэдгийг тэр яс махандаа шингэтэл ойлгосон аж.
Түүнийг Болд гэдэг, тэтгэврийн насных. Сардаа 500 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авчихна. Хүүхдүүд нь сарын хэрэглээг нь бэлдээд өгчихдөг учраас тэтгэврийнхээ мөнгөөр сугалаа сугална. Гэвч олохоосоо алдах нь их. Сугалаандаа бүр донотсон, ТВ сугалаа бүхэнд оролцдог тухай нь хүү нь харамсангуй ярив.
Үнэндээ хамаг бүхнээ шавхаж, энд тэндээс мөнгөө олоод коин авч, форекс хийсэн ч санасандаа хүрсэн хүн тун цөөхөн байна.
"Бэлтэс мөрөн"-д хамаг мөнгөө залилуулж, амьдралаа сүйрүүлэх дээрээ тулсан иргэн А "Манай гэр бүл анх удаа өөрт байгаа бүх мөнгөө шавхаж өгөөд хохирсон. Нөхрийн маань биеийн байдал одоо маш муу байна. Гэр бүлийн хүн маань хоёр удаа элгээ тайруулсан, уушгиндаа үсэрхийлсэн хавдартай учраас байнга химийн эмчилгээнд ордог. Өдөрт нэг удаа химийн эмчилгээнд авч явах шаардлагатай болдог. Эмчилгээний ганц эм нь 850000 төгрөгийн үнэтэй. Гэтэл одоо хамаг мөнгөө алдаад химийн эмчилгээнд нь оруулж чадахгүй явна. Зөвхөн уух эмийг нь л аргацааж байна. Тухайн үед "Бэлтэс мөрөн" компанид итгэж нөхрийнхөө нэр дээр 30 сая, дахиад ээжийнхээ дүүгийн нэр дээр 10 сая, ээжийнхээ нэр дээр долоон сая төгрөг хийгээд хохирсон. Нөхрийнхөө эмчилгээнд нэмэрлэе гэж бодсон ч хамаг мөнгөө алдаад одоо эмчилгээнд нь оруулж чадахгүй явна. Манай гэр бүл жижигхэн хувийн бизнес эрхэлдэг. Одоо бизнесээ хөдөлгөж ч чадахгүй болчихоод арга барагдаад байна. Ганц удаа хамаг мөнгөө шавхаж хийгээд л байхгүй болчихлоо" хэмээн халаглан ярьж байсан.
Энэ мэтээр амар хялбар аргаар мөнгөө өсгөх, мөнгөтэй болох гэсэн хүсэл, шуналаасаа бол эргээд насаараа эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс олон. Спорт бооцооны “1xBet” гэх Кипр улсад бүртгэлтэй Орос эзэдтэй спорт бооцооны компани саяхнаас Монголд зар сурталчилгаагаа ихээр явуулж, олон үйл ажиллагаа, аж ахуй нэгж, хувь хүмүүсийг ивээн тэтгэж байгаагаас харахад монголчууд тус компанийн байнгын үйлчлүүлэгч, чухал хөрөнгө оруулагч нар бололтой. Харин мөрийтэй тоглоомын сайтуудыг монголчууд өөрсдөө бүтээж, тоглуулж буй. Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд хамтран мөрийтэй тоглоомын сайтуудыг хаадаг ч удалгүй нэрээ солиод буцаад л гараад ирдэг гэнэ.
"Nbcnews.com" сайтын мэдээлснээр АНУ-ын насанд хүрэгчдийн ойролцоогоор 1 хувь нь буюу 2.5 сая нь мөрий, бооцоо тавих донтой байдаг гэнэ. Мөнгөө алдсан хүмүүс ихэвчлэн зээлийн карт, хадгаламж, тэтгэврээ ашиглан шархаа нөхөх гэж дахин азаа үздэг аж.Мөн "Debt.org" сайтын мэдээлж буйгаар 23 сая Америк мөрийтэй тоглоомноос болж өрөнд орсон бөгөөд дундаж алдагдал нь 55 мянган ам.доллар гэнэ.
Монголд ч энэ мэтээр судалгаа хийвэл сэтгэл сэрдийлгэм тоо гарах биз.
Чимээгүй дон гэгдэж буй спорт бооцоо, покер нь сэтгэл зүй, биемахбодийн болон санхүүгийн хохирол дагуулдаг. Цагдаагийн байгууллага чадах чинээгээрээ хууль бус мөрийтэй тоглоом, онлайн покерын сайтуудтай тэмцэж байгаа ч өдөр бүр шинээр хэдэн арван ийм төрлийн сайт нэр, загвараа өөрчлөн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөнгө олж байгаа нь арав боловч алдаж байгаа нь хэдэн мянгаараа тоологдож байна.
Мөрийнд донтсон хүмүүс барагтай бол гарч чаддаггүй. Алдах тусмаа улам шунадаг нь тэднийг амьдралгүй болгоход хүрдэг аж. Тэд зөвхөн мөнгөө алддаг юм биш ажил, орлого, амьдрал, амиа хүртэл алддаг.
Холбоотой мэдээ