Ц.Цэрэнпунцаг: ОУВС–тай  хамтарч ажиллах ёстой

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэнпунцаг: ОУВС–тай  хамтарч ажиллах ёстой

Ц.Цэрэнпунцаг: ОУВС–тай  хамтарч ажиллах ёстой

Эдийн засгийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.


-МАН-ын бүлгийн хуралдаанаар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах талаар ярилцсан гэсэн үнэн үү. Эдийн засгийн байдал тийм муу байгаа гэсэн үг үү?

-Энэ асуудал бүлэг дээр биш УИХ дээр яригдах ёстой. Хамгийн сүүлийн үеийн макро эдийн засгийн үзүүлэлтийг сайн харах хэрэгтэй. Бид нарын ярьж байгаагаас нөхцөл байдал өнөөдөр маш  хурдтай өөрчлөгдөж байна. Жишээ нь инфляци. Цаашдаа гурван сарын дараа эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн хүндрэх талаарх таамаг төсөөллийг мэргэжлийн байгууллага гаргах ёстой. Мөнгөний бодлогыг чуулган дээр тодорхой ярих ёстой. Мөнгөний бодлого, төсвийн бодлого чанга байх ёстой. Энэ хоёр бодлого зэрэг чангарч байж давхар ирж буй эдийн засгийн шокуудыг давж гарна. Ард түмний амьдрал хүнд байна. Иргэдийн цалин хөлс ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын зардалд зарцуулагддаг учраас инфляцийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой. Дараа нь төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд импортод ялгамжтай хандаж юуг импортоор авах уу, юун дээр тэвчиж болох юм гэдгээ ард түмэнтэйгээ ярилцах нь зөв. Өөрөөр хэлбэл, эх оронч нэг сэтгэлтэй байж, хүнд үед нэг цул болон ажиллаж байж эдийн засгийн хямралыг давах ёстой.

ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахыг та дэмжиж байгаа юм  байна. Ямар шалтгаанаар дэмжиж байгаа вэ?

-Нэгдүгээрт, төсвийн сахилга баттай байх ёстой. Өнөөдрийг хүртэл төсвийн сахилга бат хэрэгжиж байгаагүй. Бид хуультай ч хуулиа биелүүлдэггүй. Тэгсэн хэр нь өрийнхөө таазыг өөрчлөөд яваад байгаа. Бид  онцгой нөхцөл байдалд байна. Ялангуяа дайн байлдаантай холбоотой тээвэр логистикт нийлүүлэлтийн талаас үүсч буй саад бэрхшээлээс үүдэлтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг даван туулахад стандартын бус арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл 30 жилд чөлөөт эдийн засагтай ардчилсан нийгмийг байгуулаад амьдрахдаа мөнгөний бодлого явуулахдаа хатуу сахилга баттай ажиллах ёстой байсан. Сахилга бат алдагдаж өдий хүртэл явсан учраас алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хэрвээ төсвийн сахилга баттай байсан бол хүнд нөхцөлд ингэж хүндрэхгүй байсан. Цаашдаа дэлхийн эдийн засгийн байдлаас дүгнэхэд ямар ч болзошгүй нөхцөл байдал үүсч болохоор байна. Тиймээс дотооддоо сахилга баттай, өрийн удирдлагыг сайн хийж, компаниуд орлоготой бол бид зовохгүй. Тиймээс цаашдаа энэ нөхцөл байдалд хариуцлагатай байх ёстой. Иймээс гаднын олон улсын сан шиг байгууллагын зөвлөмжийг сонсч, ойрхон хамтарч ажиллах ёстой.

-Нүүрсний оффтейк гэрээг ил болгох талаар гишүүд ярьж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Нүүрсний гэрээг ил тод болгох асуудлаар бүлэг дээр ярилцсан уу?

-Бүлэг дээр ярилцаагүй. Засгийн газраас нүүрсний гэрээг ил болгох шийдвэр гарч байгаа гэж сонссон. Нүүрсний гэрээг ил болгох ёстой. Далд байдаг, ард түмнээсээ нуудаг хаадаг бизнесийн гэрээ хэлцэл гэж ямар юм байдаг юм. Ялангуяа улс орон бизнесийн гэрээ хэлцэл хийхдээ ард түмнээсээ нууцалж, нууж хаадаг байж болохгүй. Засгийн газрын төрийн өмчит компаниуд гэрээ хэлцэл хийхдээ ямар гэрээ хэлэлцээр хийснийг ард түмэн буюу “эзэд” нь мэдэж байх ёстой.

-Монгол Улс ирэх онд гурван бондын эргэн төлөлт хийнэ. Гэхдээ уг бондуудыг дахин санхүүжүүлэх байдлаар эргэн төлөлтөө хийх тухай ярьж байгаа. Өрийн тааз "тэнгэрт тулчихсан" байдаг. Ахиад л эдийн засагт том дарамт авчрахгүй гэсэн баталгаа байна уу?

-Бид дэлхийн зах зээлээс бондоо гаргаж зээл авах нь бий. Ингэхдээ, дэлхийн зах зээл дээрх хүүгийн ханшаар жишиж авна. Олон улс ялангуяа том хөгжилтэй эдийн засгийн хүчирхэг орнууд тэр дундаа Америк, Европын улс орнууд бодлогынхоо хүүг байнга нэмж байна. Гарцаа байхгүй цаашдаа бодлогын хүү нэмэгдэх чиг хандлагатай байна. Бодлогын хүү нэмэгдэж байна гэдэг нь бидний дахин санхүүжилт хийх мөнгө өндөр хүүтэй болж байгаа гэсэн үг. Энэ бол суурь нь. Үүн дээр нэмэгдээд тухайн улс оронд өөрийн онцлог, найдвартай зээлдэгч эсэхээс шалтгаална. Гадныхан биднийг төсөв алдагдалтай, сахилга бат муутай, үрэн таран байдаг, улстөрчид өөрийн дураар самардаг, авлига хээл хахуултай, төрийн өмчит компаниуд нь засаглал муутай гэж дүгнэж байна. Иймээс эрсдэл тодорхой хувиар нэмэгдэнэ. Өнөөдөр бид бондоо гаргалаа гэхэд сарын дараа хэдэн хувь байхыг зах зээл шийднэ. Хуучин 4-5 хувьтай байсан бондууд өнөөдөр хоёр дахин нэмэгдэхийг бид мэдэхгүй. Монгол Улсыг гаднын хөрөнгө оруулагч эрсдэлтэй, цаашид төлж чадахааргүй байдалд хүрэхээр байна гэж үзээд байна. Тиймээс хариуцлагатай, сахилга баттай төсвөө батлаад, дээрээс нь улстөрчид, Засгийн газар, гадаад хөрөнгө оруулагчтайгаа харьцаагаа сайжруулах хэрэгтэй. Засгийн газар амлалтаа биелүүлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж болохгүй. Энэ мэтчилэн биднээс шалтгаалах маш олон үйлдэл бий.

 -Жилдээ бондын хүүнд хэдэн их наядыг төлж байна вэ?

-Төсөв дээр 1.2 их наядыг өр төлбөрт төлөхөөр тавьж байна. Хүүгийн төлбөрт их наядаар хэмжигдэх төлбөрийг хийж буй. Цаашдаа гадаадад төлөх ёстой авсан зээлийн хүү өсөөд байвал төсөвт ирэх дарамт улам ихэснэ. Тиймээс урт хугацаанд тогтвортой хатуу төсвийн бодлого барих ёстой. Ялангуяа Засгийн газраас эдийн засгийн чиглэлээр хатуу “бодлого” явуулж байж хүнд нөхцөлөөс гарна.

-Ирэх онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор Засгийн газраас оруулж ирсэн. Тиймээс энэ чигээр нь төсвийг батлах уу?

-Бид удахгүй төсвөө боох гэж байна. Ажлын хэсгээс асуудлуудыг цэгцэлсний дараа эцсийн шийд гарна. Хүүхдийн мөнгө халамж уу, тэтгэмж үү гэдэг нь асуудал. Хэрвээ халамж бол бид нэг ч хүүхдийг ялгаварлах ёсгүй. Эцэг, эх нь ажилтай байна уу, мөн гэр бүлийн орлогыг нь тодорхойлохоос эхэлнэ. Хүүхдийн мөнгөний гол агуулга хүн амаа өсгөх бодлого. Бид цөөхүүлээ байна гээд ярьдаг. Үүнтэй холбоотой. Гэр бүлүүдээ эдийн засгийн хувьд дэмжиж өгсөн бодлого. Өөрөөр хэлбэл, олон хүүхэдтэй, олуулаа болъё гэсэн бодлогыг дэмжиж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ямар журмаар олгох асуудал хараахан шийдэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж