"Хүүхэд насны минь цирк одоо ч сэтгэлд хоногшин үлдсэн"

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

"Хүүхэд насны минь цирк одоо ч сэтгэлд хоногшин үлдсэн"

"Хүүхэд насны минь цирк одоо ч сэтгэлд хоногшин үлдсэн"

Монголын циркийн урлагийг үндэслэн байгуулсан Ж.Раднаабазар, Д.Гомбо, Л.Нацаг нарын цэл залуухан хөрөг түүх өгүүлнэ. Тэдний шүд, духан дээрээ шаттай хүн тогтоож буй тулах тэнцвэрийн үзүүлбэр анх үзэгчдийг гайхашруулж, алмайруулж байсан гэдэг. Энэ гайхамшигтай урлагийн үндэс суурийг тавихад ахмад уран бүтээлчдээс нөр их хөдөлмөр, зүрх сэтгэл, ур чадвар шаардаж, эдүгээ цагтай золгосныг Монголын театрын музейд дэлгэсэн "Циркийн Л.Нацаг" гэрэл зургийг үзэсгэлэн харуулах аж.

Алтан шаргал эмжээртэй, цэнхэр торгон дээл Л.Нацаг агсных. Тэрээр тоглолтын хувцас, хөгжим, хэрэгсэл, ширээ сандлаа бүгдийг нь өөрөө урладаг гарын ур дүйтэй, ховор авьяастай хүн байжээ.

Бие жижиг, насаар хамгийн залуу Л.Нацаг бол циркийн урлагийг үндэслэгч тулгын гурван чулууны нэг. Тэрээр 12 настайдаа Монгол циркийг үүсгэн байгуулж, анхлан санаачилсан, уран биеийн тамирын багш Ж.Раднаабазартай уулзсанаар циркчин болох гараа нь эхэлсэн гэдэг. Тэгээд Ж.Раднаабазар, Д.Гомбо нартай ОХУ-ын Москва хотод Бүх холбоотны циркийн урлагийн сургуульд суралцахаар 1936 онд Москваг зорьсон байдаг. Тэд хоёр жилийн дараа сургуулиа амжилттай дүүргэж, эх орондоо ирээд улсын наадмын урлагийн үзлэгт оролцож эхэлсэн түүхтэй.  Мөн Монголын урлаг соёлын төлөөлөгчдийн хамт эх орноо төлөөлөн Дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадам болон олон орны тоглолтод оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан удаатай.

Үүний дараагаар 1940 онд циркт хүүхдүүд сонгон шалгаруулж аваад, тэдэнд өөрсдөө зааж сургаснаар 1941 онд анхны жүжигчид нь бэлэн болсон байдаг. Ийнхүү анхны тоглолтоо 1941 оны долдугаар 9-нд Яармагийн дэнжийн наадмын талбайд хийж байжээ.

Түүнчлэн Л.Нацаг багш нартайгаа хамтран өөрийн төрсөн нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд  Ардын циркийг байгуулсан. Ингэхдээ мод боловсруулах үйлдвэрийн дэргэд  ажилладаг  залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс шалгаруулж авсан байдаг. Өдгөө ч шавь нар нь циркийн урлагийг хөгжүүлж, үргэлж холбоотой байдаг тухай том охин Н.Цогсүрэн ярьж байлаа.

Л.Нацагийнх Н.Цогсүрэн, Н.Болдбаатар, Н.Ганболд, Н.Баяраа, Н.Мөнхбаяр, Н.Энхбаяр, Н.Навчаа гэх найман хүүхэдтэй. Айлын ууган болон отгон охин нь багш мэргэжилтэй хэдий ч үр хүүхдүүд нь аавынхаа мэргэжлийг өвлөн гэр бүлээрээ урлагийн авьяастай, спортоор хичээллэдэг аж. Л.Нацаг агсан урлагийн төрмөл авьяасаас гадна шүхрийн спортод "хорхой"-той хүн байж. Тэрээр 51 насандаа дөрвөн хүүгийн хамт шүхрээр бууж байсан тухай том охин нь дурсан ярьсан юм.

Том охин Н.Цогсүрэн "Циркийн урлаг ямар ч насны хүнийг татаж, огшоож чаддаг маш сайхан урлаг. Миний хүүхэд нас циркийн район дотор өнгөрсөн. Гэхдээ надад циркийн жүжигчин болох авьяас заяагаагүй. Би багш мэргэжилтэй хүн. Гэхдээ хүүхэд насны минь тэр сайхан циркийн үзүүлбэрүүд одоо ч сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. БНМАУ-ын Гавьяат жүжигчин Г.Эрдэнэцэцэг буюу Ирина, С.Чилхаажавын акробатын “Анчин ба шувуу” үзүүлбэр одоо ч тодхон санагдаж байна. Тэрэн шиг гоё үзүүлбэр хаана ч байхгүй. Тэр үед С.Чилхаажав ах яг л супермэн шиг, Г. Эрдэнэцэцэг эгч маань сайхан бүсгүй байсан" хэмээн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцлаа.

Румын улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 1971 онд Улсын циркийн барилгыг барьж, ашиглалтад оруулахад агаарын зай эзэлсэн том хэмжээний үзүүлбэр хэрэгтэй болжээ. Тиймээс циркийн урлагийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын үзүүлбэрийг Монголд нэвтрүүлэх ажлыг Л.Нацагт хариуцуулж өгсөн байдаг.

"Аав маань Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг тэргүүтэй залуу жүжигчидтэй Румынд очиж, 45 хоногийн турш үзүүлбэрийнхээ бэлтгэлийг хийж байсан гэдэг. Тэд  Румынаас ирснийхээ дараа “Үүрийн цолмон” нэртэй агаарын политын үзүүлбэрийг Монголдоо үзүүлж байсан. Энэ нь Монголын  циркийн урлагийн  түүхэнд бичигдэх чухал үйл явдал болсон" тухай Н.Цогсүрэн онцолж байв.

Тэрбээр аавынхаа 100 жилийн ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэнг анх удаа олон нийтэд дэлгэн харуулж  байгаагаа хэлсэн юм. Ингэхдээ үзэсгэлэнгээрээ дамжуулан залуу хойч үеийнхэндээ циркийн урлагийн сайхныг мэдрүүлж, таниулахыг зорьсон гэлээ. "Монгол Улсад өнөөдөр цирк гэдэг зүйл байхгүй болсон. Циркийн байрны асуудлаар олон жил ярьж, олон хэлэлцүүлэг хийлээ. Энэ асуудлыг ерөөсөө ойлгохгүй юм. Циркийн урлагийн үндэс суурийг тавьсан уран бүтээлчийн хүүхдийн хувьд сэтгэл дундуур явдаг. Тэглээ гээд энэ гайхамшигтай урлагийг галыг бөхөөж, унтраахгүйн тулд хичээллэж, эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа залуу хойч үеийнхнээрээ бахархаж явдаг" гэдгээ хэлсэн юм.

 

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж