Пёньяны пуужин Японы эрэгт унаснаар Токио сэрэмжлүүлэг гаргав

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Пёньяны пуужин Японы эрэгт унаснаар Токио сэрэмжлүүлэг гаргав

Пёньяны пуужин Японы эрэгт унаснаар Токио сэрэмжлүүлэг гаргав

НЭМЭЛТ: 11:00 цаг

Хойд Солонгос өнөөдөр гурван пуужин харвасны нэг нь тив алгасах баллистик пуужин байсан тул Япон улс иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ. Пёньяны харвасан пуужингуудын нэг нь Японы эрэгт унасан аж.  Улмаар Японы засгийн газраас зүүн хойд нутгийн иргэдээ болзошгүй пуужингийн дайралтаас сэрэмжлүүлсэн байна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хэлэхдээ, "Хойд Солонгосоос харвасан пуужингуудын нэг нь тив алгасах баллистик пуужин байх магадлалтай. Тус улс сүүлд өнгөрсөн тавдугаар сард тив алгасах баллистик пуужин туршсан. Энэ нь цөмийн зэвсгийг АНУ-ын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэх  зориулалттай" гэж мэдэгджээ.


НЭМЭЛТ: 09:35 цаг

Хойд Солонгос улс өнөө өглөө Зүүн тэнгис рүү богино зайн тусгалын хоёр, тив алгасах баллтистик пуужин нэгийг тус тус харвалаа.  Тив алгасах баллистик пуужинг Пёньяны ойролцоох Суан орчмоос 07:40 цагийн орчимд харвасан ба дараа нь 8:39 цагийн орчимд Пёнган мужийн Кеэчон хотоос богино зайн тусгалын хоёр пуужин харвасныг  Сөүлийн Жанжин штабын мэдээлжээ.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан өргөн хэмжээний цэргийн сургуулилалтаас үүдэн хойгийн нөхцөл байдал өчигдрөөс хойш хурцдаад байна. Пёньяны талаас цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн БНСУ, АНУ-ыг цөмийн зэвсгээр заналхийлсэн.


Хойд Солонгос өчигдөр /2022.11.02/ дор хаяж 23 пуужин харвасны нэг нь Өмнөдийн эргээс 60 км хүрэхгүй зайд унажээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл үүнийг нутаг дэвсгэрт нь халдсан үйлдэл гэв. 1945 оноос хойш Өмнөдийн усны ойролцоо анх удаа баллистик пуужин унасан нь энэ бөгөөд нэг өдрийн дотор Умардаас хамгийн олон пуужин харвасан тохиолдол байлаа. Өмнөд Солонгос агаарын дайралтаас сэрэмжлүүлэг өгч, хариуд нь өөрийн пуужинг харважээ.

Пуужин Өмнөд Солонгосын усан хилийн гадна буюу Солонгос хоорондын маргаантай далайн хилээс өмнө зүгт унасан.  Өмнөд Солонгосын байлдааны онгоцууд хариуд нь агаар-газар ангиллын гурван пуужин харважээ. Ингэхдээ АНУ-д үйлдвэрлэсэн, 360 кг жинтэй, 270 км зайд тусах чадвартай пуужин харвасан. Зарим пуужин маргаантай далайн хилээс өмнө зүгт 26 км-т, Өмнөд Солонгосын Сокчо хотоос 57 км-ийн зайд, зүүн эрэгт, Уллеунг арлаас 167 км-ийн зайд тус тус унасан гэх мэдээлэл байна. Уллеунг мужийнхан өглөөний 08:55 цагийн үед дуут дохиог сонссон бөгөөд хонгил дахь хоргодох газар руу буужээ. Пуужин задгай далайд унасныг сонсоод 09:15 цагийн үед дээшээ гарсан байна. Түүнчлэн Умард тал зүүн эргээс цэргийн хамгаалалтын бүс рүү 100 гаруй удаа их буугаар буудсан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.

“Пуужин өмнөдийн нутаг дэвсгэрт шууд буугаагүй, харин манай харьяанд байдаг эдийн засгийн онцгой бүсэд буусан, тиймээс саатуулах пуужин харваагүй" гэж БНСУ-ын өндөр албан тушаалтан хэлэв.

"Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчин сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй пуужин харваж байна. Энэ удаад ийм олон пуужин харвасан нь урьд өмнө байгаагүй зүйл" гэж НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж