Буддизмыг ашиглан Шри-Ланкад нөлөөлөхүй

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Буддизмыг ашиглан Шри-Ланкад нөлөөлөхүй

Буддизмыг ашиглан Шри-Ланкад нөлөөлөхүй

Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлийн олон ажил хийдэг. Тухайлбал, Шри-Ланкын боомт, нисэх онгоцны буудал, хурдны зам, цахилгаан станцад асар их хөрөнгө оруулалт хийж, хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч нь болсон.

Тэгвэл Шри-Ланка тэргүүтэй зарим оронд Хятад улс буддын шашны чиглэлээр ажиллаж эхэлсэн нь анхаарал татав. Эхлээд сонсоход хачирхалтай байж магадгүй ч энэ нь Хятадын гадаад бодлого болон тус улсын дэлхийн тавцан дахь өсөлттэй уялдаатай хэд хэдэн чиг хандлагыг харуулж байна. Хятадын коммунист нам сүүлийн жилүүдэд хөршүүдийнхээ амьдралыг сайжруулахаар чармайж буй нинжин сэтгэлт гүрэн гэж өөрсдийгөө харуулах болсон. Ингэснээр гадаадын улс орнууд Хятадын бодлогод шүүмжлэлтэй хандаж, тэдний өсөн нэмэгдэж буй нөлөө, оролцоог багасгахаар хичээхгүй юм. Коммунист нам стратегийн зорилтынхоо хүрээнд зөөлөн хүчээ улам бүр лавшруулсаар байна. Тэгвэл Ши Жиньпиний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл “Бүс бас зам” санаачлага Шри-Ланкын буддизмтай ямар холбоотой вэ?

Шри-Ланкын иргэний дайн 1983-2009 онд үргэлжилсэн. Энэ цаг үеэс хойш Хятадын оролцоо тус улсын эдийн засгийн гол тулгуур байсаар иржээ. “Бүс ба зам” санаачлага 2013 оноос эхлэн хэрэгжсэн. 21 дүгээр зууны Торгоны зам гэж нэрлэгдэх болсон Хамбантота, Коломбо боомтын төслүүд гэх мэтээр тухайн үеэс эхлээд Хятадын гадаад хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэгтэй бодлогын зээл асар их нэмэгдсэн байна. Шри-Ланкын засгийн газар 2017 оны сүүлээр Хамбантота боомтын 70 хувийг Хятадын худалдаачдын группт албан ёсоор шилжүүлж, 99 жилийн хугацаатай түрээслэхийг зөвшөөрснөө мэдэгдсэн. Тус улсыг Хятадын өрийн урхинд орлоо гэх санаа эндээс анх урган гарчээ. Тодруулбал, Шри-Ланка улс уг байгууламжийг барихын тулд Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий боомтын 70 хувийг ийн худалдсан юм. Гэрээний дагуу Хятадын компани тээврийн ачаалал ихтэй тус боомтод 1.12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.

Гэхдээ Хятад улс бол Шри-Ланкад ашиг сонирхолтой цорын ганц том гүрэн биш юм. Шри-Ланкын Энэтхэгийн далай дахь стратегийн байр суурь нь олон улсын ашиг сонирхолтой хамааралтай байдаг. Үүнд бүс нутгийн болон бусад олон улс багтана. Тэр дундаа Австрали, Энэтхэг, Япон, АНУ гэсэн дөрвөлтэй онц хамааралтай. Шри-Ланка дахь Хятадын оролцоог халж, цаашлаад Энэтхэг-Номхон далай дахь нөлөөг нь хязгаарлах хэрэгтэй гэж дөрвөл үзэж байна.

Хятад улс дотооддоо шашны хэлмэгдүүлэлт, хяналт ихтэй. Гэвч үүнийг үл харгалзан улс орнуудтай харилцаагаа зузааруулахын тулд шашны бодлогын талаар эерэг яриаг түгээн дэлгэрүүлэх болсон. Шри-Ланка тэргүүтэй буддын шашинтай орнууд энэ бодлогын гол бай болж байна. Эдгээр улс Хятадын эрх ашгийг дэмжихгүй байсан ч шашнаар дамжуулан гадаад бодлогын янз бүрийн зорилтуудыг нь биелүүлдэг аж.

Буддын шашин нь Шри-Ланкад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд засгийн газрын Буддын шашны зөвлөл болон лам нар тус улсын дотоод, гадаад улс төрд гайхалтай нөлөө үзүүлж байна. Нөгөөтэйгүүр буддизмын илт давуу байдал нь тамил, лалын шашинтнуудад сөрөө нөлөө үзүүлж байна. Тиймээс олон улсын хүний эрхийн агентлагууд болон барууны гүрнүүд Шри-Ланкад зээл, хөрөнгө оруулалт олгохоосоо өмнө хүний эрхийн алдаатай тогтолцоогоо шийдвэрлэх үүрэг даалгавар өгөх болсон. Эцэстээ энэ нь Шри-Ланкыг Хятадаас улам бүр хамааралтай болгожээ. Хятад улс бусад орноос ялгаатай нь “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Шри-Ланкад зээл олгохдоо прагматик бөгөөд хариуцлагагүй хандсан гэж үзэж байна.

Хятад улс буддизм гэх мэт шашнаас улбаатай түүхийг ашиглан хөршүүдийнхээ итгэлийг олж авахыг хичээж байна. Шри-Ланкад Хятад улс шашны хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, бэлэг, хандив тусламж харамгүй өгөх болсон. Энэ бүхнийг буддын шашны өргөн хүрээтэй дипломат ажиллагаа гэж нэрлэж байна. Хятадын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд хоёр улсын хоорондын буддын шашны хувь заяа, хэлхээ холбоо, үнэт зүйлсийг санан дурсахад хүргэдэг аж. Буддын шашны солилцоо нь Хятад, Шри-Ланкын худалдааны харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Бээжин албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн буддизм нь “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааны гол хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Хятад улс буддын шашны номлол, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын нэгэн зэрэг ашиглахыг зорьж байна. Энэ нь шашинлаг орнуудад, ялангуяа ижил стратеги баримтлахыг оролдож буй өмнөд болон зүүн өмнөд Азийн орнууд дахь “Бүс ба зам” санаачилгын ахиц дэвшилд чухал ач холбогдолтой юм. Цаашлаад “Бүс ба зам” санаачилгын ирээдүйн төсөл, хөрөнгө оруулалтуудын замыг дардах болгох, Шри-Ланкын нөлөө бүхий оролцогч талуудын болзошгүй шүүмжлэлийг намжаах зэрэг давуу талуудтай.

Харин нөгөө талд Шри-Ланка улс өөрөө тамил, лалын шашинтай холбоотой хүний эрхийн асуудлаарх шүүмжлэлийг намжаахын тулд буддизмыг гадаад бодлогодоо улам ихээр ашиглаж байна. Хятадтай санаа нэг байснаар Шри-Ланкын засгийн газар олон нийт, улс төрийн элитүүд болон буддын шашны зүтгэлтнүүдийн үнэтэй дэмжлэгийг авч чадах юм.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж