Ерөнхий сайд хаашаа л явна, хэнтэй уулзана, “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулдаг “уламжлал”-тай болов. Санаа нь хөрөнгө оруулалт татах тухай. Алсын зорилго нь Монголыг хөгжүүлэх том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Тэрбээр Монгол ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд өчигдөр оролцохдоо ч зургаан багц Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулжээ. Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн түрүүнд боомтоо өргөжүүлэх, нэмэгдүүлэх, экспорт, импортын гарц гаргалгаагаа сайжруулахад анхаарч буй.
Үндсэндээ Монголын эдийн засаг ганцхан Эрээнээс хамааралтай олон жил явсан. Эрээн үүдээ хаангуут Монголд хомсдол нүүрлэдэг, үнэ өсдөг бараг хэвийн үзэгдэл болсон. Эрээн өнөөдөр ч хилээ хэзээ нээх вэ гэж бүгд хүлээсэн, харсан байдалтай байна. Гэтэл Хятад нь “Тэг-Ковид” бодлогоо хэрэгжүүлнэ гээд зарлачихлаа. Тиймээс Монгол гарц, гаргалгаагаа хайх хэрэгтэй болж байна.
Засгийн газраас зарласан Боомтын сэргэлийн хүрээнд Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зорилт тавьсан. Өнгөрсөн намар Гашуунсухайтын төмөр зам нээлтэй хийсэн. Ханги-Мандалын төмөр замыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаа Ерөнхий сайд амалсан билээ.
Төмөр замын шинэ төслүүд ашиглалтад орсноор 5600 км төмөр замын сүлжээ бий болно.Монголчуудын төмөр замын сүлжээтэй болох гэж олон жил ярьсан. Олон их наяд төгрөгөө алдсан. Даанч, гадаад, дотоодын улстөрчид, захиалга даалгавраас нь болоод 14 жил алдсан байдаг.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч өнгөрсөн 2021 онд НҮБ-ын чуулганд оролцохдоо “Транзит Монгол” болохоо олон улсын өмнө зарласан. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа. Хилийн боомтуудыг хурдны замаар холбохоор Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаар болсон. Энэхүү хурдны замын ТЭЗҮ хэдийнэ бэлэн болсон агаад Ерөнхий сайд энэ талаараа БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тэрчлэн Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяртай байгаагаа дуулгаад энэхүү тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км автозамын холболтын хэсэг болохыг онцолсон байна. Энэ бол Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж буй явдал.
Цаашлаад Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барьж ашиглалтад оруулах юм бол монголчуудын эртний мөрөөдөл биелэнэ. Ази, Европын холбосон транзит улс болж чадна. Зам дагаж мөнгө гэдэг нь үнэн юм бол гурван улсын холбосон транзит зам Монголын эдийн засагт валют оруулж ирнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх гэж ихэд амбицилж харагддаг. Аргагүй ч биз, бүхэл бүтэн улс орон байж Хятадын захын боомтоос, Эрээнээс эдийн засаг нь бүхэлдээ хамаардаг, ханиадаг байж болохгүй. Дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд, мөн эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд ШХАБ-ын орнуудад тавьжээ.
Үүний өмнө Ерөнхий сайдад хийх нэг ажил бий. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хүмүүст хариуцлага тооцоход анхаарах ёстой. Ингэж чадвал Монголын төр дээрэмчин нэрнээсээ сална, хөрөнгө оруулагчид мөнгөө бариад өөрсдөө хүрээд ирдэг болно.
Б.БАТ