Ши Жиньпинийг дэлхийд сурталчлагч

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Ши Жиньпинийг дэлхийд сурталчлагч

Ши Жиньпинийг дэлхийд сурталчлагч

Хятадын Коммунист намын ХХ  их хурлаар намын Улс төрийн хорооны зарим гишүүд солигдсон. Тодруулбал, Хятадын Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга Ян Жечи тус хорооноос гарч оронд нь Гадаад хэргийн сайд Ван И сонгогдсон. Ингэснээр 69 настай Ван И тушаал дэвшиж, Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга болно гэх таамаглал буй. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Хятадын "дайчин чонын бодлогын арга барил"-ыг хэрэгжүүлэгч Ван Иг онцолж байна.


Бээжин хотын уугуул Ван И 1953 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Хан үндэстэн тэрбээр 1969 онд дунд сургуулиа төгсөөд Хятадын Хармөрөн муж дахь Зүүн хойд барилгын армийн корпуст найман жил алба хаажээ. Тус муж нь Өвөрмонголтой хиллэдэг бөгөөд Сибирьтэй ижил тэсгим хүйтэн өвөл болдгоороо алдартай. Зүүн хойд барилгын армийн корпуст тэрбээр  ажилчин, компанийн төлөөлөгч, батальоны сурвалжлагч, сурталчилгааны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч зэргээр дэвшин ажиллажээ.

Тэрбээр 1977 оны арванхоёрдугаар сард буцаж ирээд Бээжингийн олон улс судлалын их сургуульд Ази, Африк хэлний тэнхимд япон хэлний чиглэлээр 1982 онд бакалавр зэрэгтэй төгсчээ.

Ван И япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээрээ алдартай. Их сургуулиа төгсөхөөс нэг жилийн өмнө Хятадын Коммунист намд элссэн байна. Мөн тэрбээр эдийн засгийн мастерын зэрэгтэй.

Их сургуулиа төгссөнийх нь дараа хадам аав нь Гадаад харилцааны яамны /ГХЯ/ Азийн хэлтэст оруулж өгсөнөөр дипломатчаар ажлын гараагаа эхэлжээ. Ван И онцгойрох зүйлгүй гэр бүлээс гаралтай боловч Хятадын гадаад харилцааны чадварлаг мэргэжилтний охинтой гэрлэсэн.

Эхнэр Цянь Вэй нь Хятадын Ерөнхий сайд асан Жоу Энлайн гадаад хэргийн зөвлөхийн охин аж. Тэдний хэзээ гэрлэсэн болон хүүхэдтэй эсэх нь нийтэд тодорхойгүй.

Ван И 1989 онд Япон улсад суух Хятадын Элчин сайдаар томилогдон таван жил ажилласан. 1994 онд Бээжинд буцаж ирээд ГХЯ-ны Азийн хэлтсийн дэд даргаар томилогдож, жилийн дараа дарга болж дэвшчээ. Харин 1997 онд нэг жилийн хугацаанд АНУ-ын Жиоржтаунд Гадаад харилцааны институтад солилцооны мэргэжилтнээр ажилласан байна. Эргэж ирмэгцээ Гадаад харилцааны сайдын туслах, Бодлого судалгааны газрын дарга болж дэвшсэн. Ван И 1999 оны есдүгээр сард Хятадын гадаад харилцааны их сургуульд элсч, олон улсын харилцаа чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Улмаар 2001 оны хоёрдугаар сард Азийн асуудал хариуцсан дэд сайд болж дэвшсэн. Түүнийг хамгийн залуу дэд сайд гэдгээр нь олон нийт илүү мэдэх болжээ.

2004-2007 оны хооронд Япон улсад суух Элчин сайдаар дахин томилогдон ажилласан. Дараа нь Хятадын төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн газрын даргаар 2008 оны зургадугаар сард томилогдсон аж. Ван И 2013 оны гуравдугаар сарын 16-нд Ардын их хурлаар Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Өмнөх хоёр сайдаас ялгаатай нь тэрбээр Жоржтаунд солилцоогоор ажилласан гэдгээс өөрөөр АНУ-тай харилцах харилцаанд туршлагагүй байв.

Гэсэн ч гадаад хэргийн сайдаар өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа Ван И гайхалтай, ур чадвартай дипломатч гэдгээрээ алдаршсан. Мөн түүнийг хэлэлцээ хийх өндөр чадвартай, наймааны ухаантай хүн гэлцдэг.

Ван И японоор төрөлх хэл шигээ ярьж, ойлголцдог бөгөөд Япон улсын талаар гүнзгий мэдлэгтэй. Бүс нутгийн өрсөлдөгч Япон улсад тэрбээр хоёр ч удаа Хятадын дипломат албыг удирдан ажилласан. Гэхдээ энэ нь Японд элэгтэй ханддаг гэсэн үг биш. Ван И бол ясны үндсэрхэг үзэлтэн.

Одоо Хятадын улс төрд гол эрх мэдлийг барьж буй үеийнхний адилаар Ван И Соёлын хувьсгалын үеэр зүүн хойд нутагт тариачны амьдралаас суралцжээ. Тэрбээр түүх, утга зохиолыг бие даан судалсан аж. Их сургуульд суралцаж байхдаа нээлттэй, хичээнгүй оюутан байсныг ангийнхан нь ярьжээ. Ван И ямар ч асуудалд өөрийн гэсэн үзэл бодолтой, ухаалаг хүн гэдгийг нь онцолдог байна.

Ван И өдгөө Гадаад харилцааны сайдаас гадна төрийн зөвлөхийн албан тушаалыг давхар хашиж буй. Гэхдээ гадаад харилцааны гол бодлогыг хариуцсан хүн бол 72 настай Ян Жечи юм. Харин Ян Жечи энэ жил тэтгэвэртээ гарахаар болжээ. Ингэснээр Ван И нь 200 хүний гишүүнтэй намын Төв хорооны гишүүнээс 24 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн хороонд сонгогдон улс төрийн нөлөө бүхий хүрээлэлд орох болов.

Гадаад хэргийн сайдын хувиар Ван И нь Бээжинг "дагахгүй" байгаа улс орнуудад шахалт үзүүлэхийн тулд "дайчин чонын дипломат арга барил"-ыг хэрэгжүүлсэн. Ингэснээрээ тэрбээр Хятадын дарга Ши Жиньпиний итгэлийг олсон гэж үздэг.

Ван Игийн оронд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Цин Ган эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Лю Хайшин томилогдох магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж