Хятадын Тиангон сансрын станц өчигдөр /2022.11.01/ үүрээр гурав дахь буюу эцсийн модулиа үндсэн бүтэцдээ амжилттай залгалаа. Энэ нь Хятадын сансар судлалын салбарын чухал алхам болж байна. Мэнгтиан буюу тэнгэрийн мөрөөдөл гэсэн утгатай нэртэй уг модулийг Даваа гаригт Хайнань арал дээрх Вэнчан хөөргөх төвөөс хөөргөжээ. Улмаар Мягмар гаригийн өглөөний 04:27 цагт Тяньгон сансрын станцад хүрсэн байна. Хөөргөх болон залгах үйл явц бүхэлдээ 13 цаг орчим үргэлжилсэн.
Хятад улс тойрог замд хөлгийн багийнхнийг тогтмол байлгахын тулд 10 гаруй жил хүчин чармайлт гаргажээ. “Сансрын станц угсрагдаж дууссанаар Хятад улс одоо АНУ, ОХУ, Европтой сансар огторгуйн талбарт эрх тэгш тоглогч болсон. Шинэ тоглогч нэмэгдэхийг харах үргэлж сайхан байдаг. Өрсөлдөөн инновацийг хурдасгах болно” гэж Хятадын сансрын шинжээч Чен Лан хэллээ.
Тиангон сансрын станцын нийт жин 90 тонн байна. Энэ нь 1980-2001 оны хооронд дэлхийг тойрон эргэлдэж байсан ЗХУ-ын Мир станцтай ижил хэмжээтэй гэсэн үг юм. Мөн Олон улсын сансрын станцын дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээ аж. Тиангон дотор зургаан хүн багтах хангалттай өрөөтэй. Одоогоор багт гурван гишүүн байгаа бөгөөд арванхоёрдугаар сард өөр нэг баг томилолтоор очих магадлалтай байна.
АНУ 2011 онд НАСА-г Хятадтай харилцахыг хориглосон. Цаашлаад Олон улсын сансрын станцаас Хятадыг хассан юм. Тиймээс Хятад улс энэ салбарт АНУ, ОХУ-ыг гүйцэхээр өрсөлдсөөр байна.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ