ЗГ: Эмнэлэг, цагдаа, онцгойгийн байгууллагад 509 машиныг тараана

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

ЗГ: Эмнэлэг, цагдаа, онцгойгийн байгууллагад 509 машиныг тараана

ЗГ: Эмнэлэг, цагдаа, онцгойгийн байгууллагад 509 машиныг тараана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.11.02/ танилцууллаа.


Засгийн газрын ээлжит 53 дугаар хуралдаанаар 21 асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Амартүвшинг томилсон. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Амарсанааг томилох шийдвэрийг гаргалаа. Эдгээр албан тушаалтнуудыг салбарын сайд нарын хүсэлтээр чөлөөлж, шинээр томилсон байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын авто баазын шинэчлэлтэй холбоотой товч мэдээллийг хүргэе. Энэ оны 204 дүгээр тогтоолоор Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах , бүтцийг оновчтой болгох арга хэмжээг авах үүрэг чиглэл өгсөн. Миний бие ахалсан ажлын хэсэг үндсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөхөөр боллоо. Авто бааз нь 164 тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан албан хаагчтай, жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсныг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулах болно. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтыг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэй байгуулж байна. Орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулна.

Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан албан хэрэгцээндээ автомашин хэрэглэхийг хориглосон. Ирэх оны төсөвт автомашины зардлыг хэмнэж, зайлшгүй шаардлагатай автомашин унах албан тушаалтанд Улаанбаатар хотод төрийн авто баазаас болон хувийн хэвшлийн дуудлагын такси үйлчилгээг хэрэглэх боломжтой болж байна. Жишээлбэл, яамны газрын дарга сардаа автомашин хэрэглэж, жолооч болон машины шатахуунд зориулж, хоёр сая орчим төгрөгийн зардал гардаг байсан. Харин Хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр 100-200 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар дуудлагын үйлчилгээг албан хэрэгцээндээ хэрэглэх юм.

Төсвөөс гарч буй автомашинд зориулсан урсгал зардлыг 90 орчим хувиар хэмнэх боломж бүрдэж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт нийт 250 автомашиныг хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд нэмж 250 машиныг төвлөрүүлнэ. Нэг ёсондоо 509 машиныг хураана. Хэмнэлтийн хуулийн дагуу эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах ерөнхий газар, гааль гэсэн газруудад тарааж өгнө. Төрийн байгууллагууд авч ашиглах боломжгүй автомашиныг дуудлага худалдаагаар худалдана. Нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдааны үнэлгээ 370 сая төгрөгт хүрсэн. Үлдсэн автомашиныг орон нутаг болон төрийн байгууллагад шилжүүлнэ. Ингэхдээ УИХ-аар оруулж, баталсны үндсэн дээр шилжүүлэх юм.

Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим машин татан төвлөрүүлнэ. Эдгээр машины үзлэг оношлогоог хийж, хэрэгцээтэй 700 орчим автомашиныг шилжүүлж, дотоодод нь зохион байгуулна.

"Эрдэнэс Тавантолгой" компани энэ оны эцэст 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Энэ компани 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өр төлбөртэй, гэрээний урьдчилгаа гэж хоёр их наяд төгрөгийг авсан байна гэдгийг Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлсэн. Нийт 82 гэрээгээр нүүрс борлуулж байгаагаас дөрөв нь оффтек гэрээ байдаг. Тус компанид онцгой дэглэм тогтоож, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороог өнгөрсөн Баасан гаригт хуралдуулсан. Урт, дунд, богинын тээврийн уялдааг сайжруулж, Хятадын хил орчмын халдаргүйжүүлэлтэд эрсдэл учруулахгүйгээр ажиллах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Цагаанхад хүртэл 600 гаруй машин нүүрс тээвэрлэж байна. Бидний зүгээс Цагаанхаданд буусан нүүрсийг хил гаргахад анхаарч, тоо хэмжээг нэмэхээр ажиллаж байна.

Засгийн газар валютын орлогоо нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буй. Дэлхийн нийтээрээ эдийн засгийн хүндрэлийг өөрсдийн арга барилаараа даван туулж байна. Эдийн засгийн эрсдэлд орохгүй нь тулд нүүрсний борлуулалтын үйл ажиллагааг ил тод болгохоор зохицуулалтыг хийж байгаа. Цаашдаа урьдчилсан нөхцөлтэй гэрээг хийх боломжгүй болно. Нүүрс худалдаалж, тээвэрлэлт хийж, зарж борлуулах нь өөр асуудал болчихоод байна. Бид өөрсдөө хилээр нүүрсээ зарж борлуулдаг болъё. Дан ганц "Эрдэнэс Тавантолгой" компанийн асуудал биш.

Мэргэжлийн хяналтын байгууллага бол 1200-1400 байцаагчийг ажиллуулж, 13 төрлийн хяналтыг явуулж байсан. Дахин мэргэжлийн яамдууд 1400-1600 байцаагч нараар хяналтыг давхардуул, иргэн аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа юм. Мэргэжлийн хяналт мэргэжлийн түвшинд болж байна. Засгийн газар дотоод хяналт шалгалтынхаа агентлагийг бий болгож байгаа. Ерөнхий сайд хуулийн хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэгтэй. Засгийн газрын хүний нөөц, дотоод хяналт явуулах эрхийг ЗГХЭГ хүлээж байдаг. Өнөөдөр энэ үүргээ хангалттай хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй "маш муу" байж ирсэн. Энэ нь төрийн дутагдал болж ирсэн.

"378 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ЦААШ НЬ БОРЛУУЛЖ, МОНГОЛД 15.8 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ОРУУЛААД БАЙНА"

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат:

-Миний бие аравдугаар сарын 26-наас ЭТТ компанийн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд ам.долларыг Монголд оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлаа тавьсан. 500 гаруй машин нүүрс тээвэр хийхэд хүндрэлтэй байдал үүссэн байсныг зохион байгуулж, уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслийн тоог бууруулж чадлаа. Бид 378 мянган тонн нүүрсийг цааш нь борлуулж, Монголд 15.8 сая ам.долларыг оруулаад байна. Энэ байдлаар энэ ондоо багтан 500 сая ам.долларыг оруулж ирэх боломж байна. Намайг ажил авахад 200-300 тээврийн хэрэгсэл 20-30 мянган тонн нүүрсийг гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөртөө гаргалаа. Бид цаашдаа 500 сая ам.долларт хүргэхийн тулд өдөртөө хамгийн багадаа 84 мянган тонн нүүрс, сардаа 2.5 сая тонн нүүрсийг гаргах шаардлагатай.

Тус компани дээр оптек гэрээ дөрөв байна. Эдгээр гэрээг ил болгох асуудлыг Засгийн газраас тавьсан. Нөгөө талтайгаа ярилцаж, хуулийн хүрээнд ажиллана. Би аравдугаар сарын 26-нд томилогдсон. Гэтэл аравдугаар сарын 25-нд нэг гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 20 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр орж ирэхэд нь нягталж үзэхэд компанийг эрсдэлд оруулахуйц, барьцаагүй хувийн хэвшлийн компанид давуу байдал өгсөн байсан. Тиймээс Санхүүгийн албаны дарга, Худалдан авалтын дарга, Ерөнхий нягтлан, Уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын газрын дарга гээд таван хүнийг хуулийн дагуу шалгаж, АТГ-т хүсэлт өгсөн.

Валютын нөөцийг нэмэгдүүлэх үүргийг аравдугаар сарын 5-нд Засгийн газраас тогтоол гаргаж байхад "Эрдэнэс Тавантолгой" компани аравдугаар сарын 17-ны байдлаар 200 машинаар 19.8 мянган тонн нүүрс гаргаж байсан. Засгийн газрын тогтоолыг оновчтой зохион байгуулах ажлыг удаашралтай хэрэгжүүлж байсан гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж