АН-ын эвлэрлийн ЦЭГ ба хагарлын ЭЗЭД

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

АН-ын эвлэрлийн ЦЭГ ба хагарлын ЭЗЭД

АН-ын эвлэрлийн ЦЭГ ба хагарлын ЭЗЭД

Энэ хорвоо дээр үүрдийн юм үгүй. Улс төрд ч мөн адил.  С.Эрдэнэ, Х.Баттулгатай эвлэхэрээр болсон  нь бас цаг зуурынх юм. Хатуу сонсогдож байгаа болохоос О.Баасанхүүгийн хэлсэнчлэн “гахайг угаавч эргээд шавартайгаа хутгалддаг. Нохойг хоолловч бөөлжисөө долоодог” нь үнэн.  Гэхдээ хоёрхон сарын өмнө Оросын тагнуул, гахай, нохойгоороо дуудалцаж явсан Женко, С.Эрдэнэ хоёр ардчилалд хайртайдаа, Ардчилсан намыг бодсондоо “эвлэрч” байгаа юм  биш.  Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ эргэж уулзаж байгаа юм бүр биш ээ.

Эргэж уулзах нүүргүй болтлоо бүтэн хоёр жилийн турш тоосоо гөвөлцсөн тэд тосоо гартал тэврэлдэх болсон шалтгаан нь нэн ойлгомжтой. Албан тушаал, ашиг сонирхол. Ой санамжаа алдчихаагүй бол С.Эрдэнийн хэлсэн үг, Х.Баттулгын хийсэн үйлийг харахаар тэд тэврэлдэх нь байтугай, ярилцах ч нүүргүй мэт.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Өнөөдрийн Ардчилсан намд хамгаас чухал ганц зүйл нь эв нэгдэл мөн хэдий ч улс төрийн зохиомол, механик эв нэгдэл тэдэнд зохихгүй, тэнд удахгүй.  Ардчилсан намд, Монголын ардчилалд илүү хортой.  Тэдний механик нэгдэл цаг хугацааны хувьд их удаж ирэх 2024 оны сонгуулийн дараа, илүү наашилбал ирэх хавар С.Эрдэнэ, Женко хоёр АН-ыг ахиад талцуулна, гарцаагүй. Ийм эвлэрлээс илүү  Ардчилсан нам ороо нь ороогоороо, жороо нь жороороо ялгараад явах нь Монголд, Монголын ардчилалд нэмэртэй, хэрэгтэй.

Монголчууд нохой нүцгэн, гахай явган гэдэг.  УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш Ардчилсан намын хувьд яг ийм нөхцөлд  байдал орсон. Эрх мэдлийн хувьд ч, үзэл баримтлал, үнэт зүйлийн тухайд ч тэд нохой нүцгэн, гахай явган байгаа.  Атал ийм байдалд оруулсан эзэд нь өнөөдөр “эвлэрэх, нэгдэх” тухай яриад явж байгаа нь эмгэнэл. Ардчилсан нам ийм ой санамжгүй, ой ухаангүй байх нь Ардын намд ашигтай.

С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын өнөөдрийн хамтралыг “эв, нэгдэл” гэж хэлэхгүй.  Ижил зовлонтой /хэн, хэн нь хууль, шүүхээр шалгагдаж байгаа/,  адилхан амбицтай учраас өнөөдөртөө гар барьж харагдаж байна. Гэхдээ  хэн хэн нь тэдний энэхүү “нөхөрлөл” нь удахгүй, удаан оршин тогтнохгүйг сайн мэднэ. Наанаа андын “тангараг” тавилаа гэхэд цаанаа тонгорог ханцуйлаад зогсож байж мэдэх "нөхөрлөл" гэсэн үг.

Нөгөө талаар гахай, нохой хоёр нэг хороонд амьдарч болох ч Ардчилсан нам, Монголын ардчилал явган, нүцгэн хэвээр үлдэнэ, ойлгомжтой Энэ нь хэдийгээр С.Эрдэнэ Женкотой, Женко нь С .Эрдэнэтэй гар барилаа гээд Ардчилсан нам эвтэй, бас хүчтэй болохгүй гэсэн үг. Үнэт зүйл, үзэл баримтлалтай институци болж чадахгүй. Эсрэгээгрээ хулгайч, луйварчдын үүр овоохой болж дуусна.

НЭГ.

Ардчилсан намыг Төрийн ордноос гудамжинд гаргасан хүмүүс бол мэдээж, С.Эрдэнэ, Женко хоёр. Тэдний хэрүүл, талцал Ардчилсан намыг намыг гурав хуваасан нь бодит үнэн. Үүнээс  нь болоод 2020, 2021 оны сонгуульд Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь Ардын намын сайных биш Ардчилсан намын муугаас, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын зодооноос болсныг олон нийт харахтайгаа, дүгнэхтэйгээ.  С.Эрдэнийх нь Х.Баттулгаа шүүмжилсэн, буруутгасан, муулсан үг болгон нь өнөөдөр хэвлэлийн хуудаснаа бий. Зарим нь бараг “шарлаж” амжаагүй байгаа. Атал гэнэт эвлэрэх, нэгдэх тухай зар улс төрд түгээсэн нь магадгүй С.Баярцогтын ил гарч ирсэнтэй холбоотой биз.

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, дөрвөн улсын хууль шүүхийнхэн түүнийг гэм буруугүй болохыг тогтоосон тухайгаа зарласан.  Чингэхдээ”хувь хүний биш хуулийн засаглал тогтож буйд баярлаж байгаагаа хэлсэн”-ээс харвал энэхүү мэдэгдэл нь их улс төрд орох сценарийнх нь эхлэл биз.  Өөрөөр хэлбэл, С.Баярцогт гэм буруугүй болохыг Монголын шүүх төдийгүй,  Хонгконг, Австрали, Швейцарийн хууль, хүчнийхэн тогтоочихлоо. Нэрээ цэвэрлэсэн тэрбээр намаа цэвэрлэхээр зориг шулууджээ гэж түүний хэвлэлийн хурлаас харагдсан, уншигдсан.

С.Баярцогт экс Ерөнхийлөгч Х.Баттулга шиг хар массын дэмжлэг байхгүй нь үнэн. Хэвлэл болон олон нийтийн сүлжээнд хэдэн зуун тролл ажиллуулдаггүй ч байх. Хэрэвзээ хэдэн зуун троллтой байсан бол хэдийнэ Х.Баттулга шиг хар массын “хайртай улстөрч” байх байсан гарцаагүй. Түүнд нэг том авах чанар байна, тэр Х.Баттулга шиг хулчийгаад зугатаагааүй, гутлаа, тослоод зангиагаа зүүгээд хууль, шүүхээр үнэн зөвөө тогтоолгож чадлаа. Харин Х.Баттулга яалаа, Баянголынхоо өрөөнд, бөхчүүд, хүүхнүүдийн ард нуугдаад “үлдсэн” нь болсон явдал, бодит үнэн.

С.Баярцогт С.Эрдэнэ шиг муйхар, зөрүүд хүн биш. Хэнтэй ч хэлэлцээрийн ширээний ард сууж чадах тэсвэр тэвчээр, харилцаа, хандлага бол бий нь үнэн. Энэ өнцгөөс нь харвал өнөөдрийн Ардчилсан намд С.Баярцогт хэрэгтэй байна. АН-ыг, Монголыг бодсон ч С.Баярцогт улс төрд байх ёстой кандитат мөн.

ХОЁР.

Ардчилсан намыг С.Эрдэнэ авч явж чадахгүй болохоо өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Ардчилсан нам бол МАН биш. Босоо тогтолцоогоор, хатуу гараар Ардчилсан намынхныг зангидаж, удирдаж болохгүй С.Эрдэнийн гэх он жилүүдэд олон нийт харлаа. Үнэндээ Ардчилсан нам засгийн эрхийг барьж байсан, парламентад суудалтай хүчин гэхэд ХҮН-ийн Т.Доржхандын зэрэгт хүрч улстөржиж чадахгүй байгаа бас худлаа биш.

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн хэлж, хэвлэлийн бага хурал болгоноор "зарлаж" ирсэн гол мэдээлэл нь Оросын гар хөл Х.Баттулга Ардчилсан намыг авах гээд байгаа тухай. Хэрэвзээ С.Эрдэнэ ой санамжаа одоо алдчихаагүй бол Х.Баттулга гэх хүн түүний хувьд ХАДНЫ МАНГАА нь байсан, хамгийн муу, муухай хүн явсан. Ингэж хэлбэл С.Эрдэнийн гүтгэсэн, харлуулсан болохгүй байх.

ГУРАВ.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга С.Эрдэнэтэй уулзах нүүртэй байсан юм аа гэхнээ Ардчилсан намд алхаж орох нүүргүй хүн. МАН-тай нийлж Ардчилсан намыг хагалан бутаргасныг захын чавганц ч гадарлана. Албан тушаал, эрх мэдлийн төлөө намаа, журмын нөхдөө зарахаас сийхгүй болохыг нь өнгөрсөн хугацааны үг, үйдлүүд нь харуулчихсан.  Тэр ч бүү хэл улсаа зарж идэхээс буцахгүй болох нь Монголыг ШХАБ-д элсүүлэх тухай мөрөөдөл нь.  Өнгөрсөн хавар, Оросын дайныг илтэд дэмжээд Жуковын хөшөөнд цэцэг өргөөд явж байсан хүн шүү дээ. С.Эрдэнийн хэлснээр Оросын гар хөл Ардчилсан намыг “авах” юм бол Монголын ардчилал аюул заналхийлнэ гэсэн үг.

Хойноо Царьтай, урдаа Хуандитай болсон Монголын аврал, амьд явах боломж нь ардчилал. Ардчилал устах юм бол тусгаар тогтнол үгүй болж мэднэ.  Ардчилсан намын зовлон өнөөдөр Монголын зовлон болсон.

Атал Ардчилсан намын зовлон нь С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр байсан, байгаа. Тэдний эрэмдэг эвлэрэл Ардчилсан намыг аврах биш эсрэгээрээ алж мэдэхээр байна. АН-д ашиг сонирхол дээр нэгдсэн "тэврэлт" биш үнэт зүйл үзэл баримтлал дээр тулгуурласан эв нэгдэл хамгаас чухал хэвээр байгаа нь хамгийн гол үнэн нь юм. Ангал руугаа улам бүр унасаар байгаа АН-ын хувьд эвлэрлийн, авралын цэг нь С.Баярцогт, эвдрэлийн, талцалын эзэд нь Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж