"Монгол Улсын засаг захиргааны хамгийн том нэгж болсон"

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын засаг захиргааны хамгийн том нэгж болсон"

"Монгол Улсын засаг захиргааны хамгийн том нэгж болсон"

 Сонгинохайрхан бол Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг. Тус дүүргийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай ярилцлаа.


-Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажилд анхаарал хандуулж ажиллав?

-Нийт сонгинохайрханчууддаа түүхт ойн баярын мэндийг хүргэн мэндчилье. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтээ ханган ажиллаж байна. 4-5 багц асуудлыг голлох бодлого болгон дорвитойхон шинэчлэлт өөрчлөлтийг гаргахаар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан цар тахлын гамшигт үе тохиосон ч эрүүл мэнд, боловсрол, гэрэлтүүлэг гээд хөгжлийн асуудлуудаа сайн урагшлуулж чадлаа гэж бодож байна. Бид гэр хорооллоо гэрэл гэгээтэй болгож, зам харгуйг нь шинэчлэх, өргөн гудамжинд хатуу хучилттай зам тавьж, төв замтай нийлүүлэх, агаар болон хөрсний бохирдлоос ангижрах асуудалд анхаарч, ажилласаар байгаа.

Манай дүүрэг хуучны угсармал барилга ихтэй учраас дулаан алдалт ихтэй байдаг. Үүнийг шийдэх тодорхой шийдлийг гаргаж, иргэдийн амьдрах орчныг таатай болгоход идэвхийлэн ажиллаж байна. Мөн цахим шилжилтийг хийж, төрийн үйлчилгээг анхан, дунд шатанд чирэгдэлгүй хүргэхийг зорьж байна.

Бид “Иргэн таныг сонсъё” аяныг эхлүүлсэн. Дүүргийн ажил, амьдралыг эртнээс мэдэх хүний хувьд хугацаа алдалгүй өдөр хоногтой ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүрэг маш том дүүрэг. Гучин жилийн өмнө 24 мянган өрхтэй, 115 мянган иргэнтэй байсан бол өнөөдөр 92 мянган өрхтэй, 350 мянган иргэнтэй Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж болсон байна. Үүнийгээ дагаад шийдэх асуудал ч их. Гэхдээ үе шаттайгаар бүх түвшинд асуудлуудаа боловсруулж, шийдвэрлэж байна.

“2020 ОНООС ХОЙШ ШИНЭЭР 3 ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО”

-Сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ. Дүүргийн хэмжээнд хэчнээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр бариад байна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хувьд сүүлийн гурав, дөрвөн жил чамлахааргүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцгой анхаарлаа. Тодруулбал, дүүргийн хэмжээнд нийт 62 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн хамрагдалт 90-ээс дээш хувьтай болж, ерөнхий боловсролын 28 сургуулиас 10 барилгад өргөтгөл хийж, шинээр долоон сургууль барьж байна.

Цэцэрлэгийн хувьд 62 цэцэрлэг дээр нэмж шинээр 11 цэцэрлэгийг барих ажлыг 2021 оноос эхлүүлсэн. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орвол сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хувьд 2020 оноос хойш шинээр гурван эмнэлэг ашиглалтад орлоо. Тухайлбал, Баянхошуу бүсэд байрлах Ахмадын сувилал амбулатори 150 орны хүчин чадалтай, Жишиг эмнэлэг 300 орны хүчин чадалтайгаар тус тус ашиглалтад орсон бол Эрүүл мэндийн төвийн өргөтгөл 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд үйл ажиллагаагаа нээх гэж байна.

Ингэснээр 2020 онд нийт 350 орны хүчин чадалтай байсан эрүүл мэндийн байгууллага өнөөдөр 30 жилийн босгон дээр 870 орны хүчин чадалтай болж, чанар хүртээмж, орчин үеийн тоног төхөөрөмжийн хүртээмж дээшлэн үйл ажиллагаа нь өргөжих юм. Ирэх жил шинэ бүтээн байгуулалтын ажил гэхээс илүү нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг хороодын цогцолбор байр, дутуу тавьсан замын ажлуудаа дуусгахад анхаарч ажиллана.

-Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутгийн иргэд олноор шилжин суурьшдаг. Түр оршин суугчдын тоо хэд хүрч байна вэ?

-Манай дүүрэг шилжин ирэгсэд ихтэй. Сүүлийн жилүүдэд томоохон хотхон баригдаж, төвлөрөл ихээр үүсэж байна. Зургаан сараас дээш хугацаагаар дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 45 мянган иргэн байна.

-Томоохон бүтээн байгуулалтаас гадна гэрэлтүүлэг, газар чөлөөлөлт, нийтийн гудамж талбай гээд дэд бүтцийн асуудлыг орхигдуулахгүйгээр хийж байгаа харагдсан?

-Сонгинохайрхан дүүрэг нийт 43 хороотой. Үүний 33 нь гэр хороолол. Үлдсэн 10 нь орон сууцны хороолол. Үндсэндээ 33 хорооны гэрэлтүүлэг 92-95 хувьтай хийгдээд дууслаа. Зарим хороод 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон. Анх намайг ажлаа хүлээж авахад Сонгинохайрхан дүүрэгт нийт 13,200 гэрэлтүүлэгтэй байсан бол өнөөдөр 21,094 гэрэлтүүлэгтэй болсон. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийхээс гадна улс, нийслэл, дүүргийн төсөв дээр хийж буй гэрэлтүүлгийн ажлууд ч бий. Энэ оны хувьд нийслэл болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 650 гэрэлтүүлэг нэмж хийнэ. Гэр хороолол ихтэй манай дүүргийн тухайд гудамжны гэрэлтүүлэг гэдэг бүхэлдээ бага насны хүүхдүүд, иргэдийн аюулгүй байдлын томоохон шийдэл болж байгаа юм.

“1234 ХУУЧИН ГАРААШИЙГ БУУЛГАЖ, НОГООН БҮС БОЛГОНО”

-Хуучны гараашуудыг буулгаж, тохижуулах ажил Сонгинохайрхан дүүргээс эхлэлтэй гэсэн үү?

-Өнгөрсөн 2021 оны гуравдугаар сард хуучин гарааш буулгах ажил эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороолол, Таван шар бүсийн 64 байршилд 1559 хуучин гарааш байсан. Өнөөдрийн байдлаар Нэгдүгээр хорооллын зам дагуу болон орон сууцны хороолол дундах 1234 хуучин гараашийг буулгасан. Гарааш буулгасан талбайд явган хүний зам, дугуйн зам, хүүхдийн сагсан бөмбөгийн талбай, ахмад настан, хүүхэд салхилах чийрэгжүүлэлтийн талбайн тохижилтыг ажлыг хийж байна.

Орон сууцны хороолол дунд аль болох ногоон бүс байгуулж, авто зогсоолыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ. Нэгдүгээр хороолол 1985 оноос ашиглалтад орсон бөгөөд анхнаасаа олон тооны автомашины зогсоолыг төлөвлөөгүй. Тиймээс энэ цаг үед орон сууцны хорооллын дунд авто зогсоолын асуудал нэн тулгамдаж буй. Үүнийг бид шийдвэрлэхээр хичээн ажиллана.

Ирэх жил дүүргийн 12, 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх үлдсэн гараашуудаа үе шаттай буулгаж, тохижилтыг хийнэ. Энэ ажлыг хийх үеэр иргэдийн зүгээс хувийн өмчид халдаж байна гэж ханддаг. Газрыг нь яг судлаад үзэхээр ямар нэгэн үл хөдлөхийн гэрчилгээ, зөвшөөрөлгүй байдаг. Бид иргэний өмчлөлтэй газрыг шалгаж, уян хатан хандан, зөвшилцөж байгаа. Хуулийн хүрээнд ажлаа хийж, аж ахуйн нэгж, иргэдийнхээ өмч хөрөнгийг хамгаална.

-Засаг даргын хувьд дүүргийнхээ ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Сонгинохайрхан Монгол Улсын хүн амын 12 хувь, нийслэл хотын хүн амын 24 хувийг эзэлдэг том дүүрэг. Хүн ам ихтэй дүүрэг учраас нөөц боломж ч их бий. Бид жижиг,  дунд үйлдвэрлэлийг дэмжин, улам эрчимжүүлж байгаа. Дүүрэгтээ Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Ахмадын хөгжлийн төв, Гар урлал, инновацын төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог байгуулж, бичил бизнесийг дараагийн шатанд гаргахаар зорьж байна.

Мөн дүүргийнхээ мал аж ахуй болон газар тариалангийн бүсэд гадаадын хоёр том төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна. Дүүргийн 21 хорооны нутагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эко бүсийг бий болгон, гэр хороолол болон нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах эко парк байгуулах ажил ирэх хавраас эхэлнэ.

Сонгинохайрхан дүүрэг маань хүүхэд залуучуудын дүүрэг. Тэр ч утгаараа дүүрэгт Улсын хүүхэд, залуучуудын театрыг байгуулж буй. Өнгөрсөн 2020 оноос хойш хэрэгжиж байгаа энэ бүтээн байгуулалт он дамнан ашиглалтад орно. Толгойт чиглэлд задгай стадион талбай шинээр байгуулж байна. Нэгдүгээр хороололд усан спортын төвтэй байсан бол одоо Толгойт орчимд дахин шинээр усан спортын төв нэмж барих ажлууд эрчимжээд явна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Толгойт, Баянхошуу дэд төвийг байгуулах ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвийн 5.5 га газрыг чөлөөлж, энэ бүсэд усан спорт цогцолбор, Ханын материал орчимд орон сууцны хороолол барих дэд бүтцийн асуудал шийдэгдсэн. Мөн үерийн эрсдэлтэй бүс учраас судалгаа тооцоог хийсний үр дүнд үерийн далан барих ажлыг эхлүүлнэ.

Дүүргийн наймдугаар хороонд энэ жил 20 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон. Цаашаа бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилнэ. Дүүргийн хэмжээнд 2009 оноос хойш гэр хороолол дунд төв зам руу нийлсэн 70 орчим километр авто замыг шинээр ашиглалтад оруулсан. Бид ирэх онд гэр хорооллын 33 хороо тус бүрээс хамгийн өргөн гудамжийг сонгон авч, хатуу хучилттай авто зам болгохоор судалгааны ажлаа эхлүүлээд байна.

-Эхлүүлсэн болон хийхээр төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаандаа хийх амжуулаарай гэж хүсье. Хамгийн их гэр хороололтой, хүн амтай дүүрэгт мэдээж хэрэг ачаалал их байдаг байх. Таныг МАН-д маш залуугаасаа элсэн ажиллаж эхэлсэн гэж сонссон. Намын ажлын тань талаар сонирхож байна?

-Тийм ээ, МАН-ыг МАХН байх үеэс нь л гишүүнээр элсэн нэгдэж байлаа. Анх Улс төр судлалын ангийн оюутнууд дадлага хийх болоход би МАН буюу тухайн үеийн МАХН-д хуваарилагдан ирж тэр цагаасаа хойш өнөөг хүртэл улс төрийн ажилтнаас эхлээд шат шатны бүхий л ажлуудыг хийж иржээ. Нийслэлийн намын хорооны гурван ч даргын туслах, улс төрийн ажилтан хийж байлаа. Хувь хүний маань үзэл санаа намын үзэл баримтлал, чиг баримжаатай нийцсэн тул тухайн үед сонголтоо хийж байлаа. 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дэд даргаар ажиллаж, 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажилласан.

Ингээд 2018 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН олонх болж, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Намын ахмадууд, үе үеийн дарга, удирдлагуудаас ихийг сурч авсан. Мэдээж саад бэрхшээлгүй дардан зам гэж хаа ч байхгүй. Хамгийн том дүүргийн зовлон хамгийн том л байдаг. Гэхдээ ажлыг хийе гэсэн сэтгэлтэйгээр захаас нь эхлээд зүтгээд гараас гаргаад байхад урагшилж л таарна шүү дээ. Би ингэж бодоод өмнөх ажлаа л чимээгүйхэн хийхийг илүүд үздэг. Ажлыг хийе гэсэн хандлагатай хүмүүсээр багаа бүрдүүлэхийг хичээсэн.

Дүүрэгтэйгээ ажил, амьдралаа холбоод хэдийн 20 жил өнгөрчээ. Анх 2002 онд хотод оюутан болж ирэхдээ Баянхошуунд ахындаа амьдрахаар ирж байлаа. Ингээд нийт сонгинохайрханчууддаа 30 жилийн ойн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж