Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Эрх баригч нам бүлгийн хуралдаанаараа 2023 оны төсвийн төслийг хэлэлцээд, төсвийн алдагдлыг 1.4 их наяд болгож бууруулах боломжтой гэж мэдээлсэн. Үүнээс ч илүү хэмнэлт хийх боломжтой гэж та бодож байна уу?
-Covid-ийн жилд төсвийг дөрөв дөрвөн их наядын алдагдалтай батлаад явсан. Түүний горыг бид амсаж л байна. Энэ жилийн хувьд төсвийн алдагдлыг багаар гаргах байсан. Гэхдээ яах вэ, өмнөх жилүүдээс харьцангуй бага зардал гарч байх шиг байна. Төр талаас хэмнэлт хийж чадахаа байсан. Одоо бидний хамгийн хэцүү асуудал аж ахуйн нэгж, гэр бүлийн санхүүгийн байдал улам доройтоод байна. Ялангуяа аж ахуйн нэгжид зээл гарахаа байсан. Үнэтэй олдож байна. Covid-ийн бараг гурван жил хөдөлмөрийн хамт олныг авч үлдэх чиглэл рүү Засгийн газар арга хэмжээ авах ёстой байсан, төсвийн төсөл дээр энэ талаар огт харагдаагүй.
-Ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй. Энэ бол гэнэн асуудал биш. Бизнес, аж ахуй эрхлэгч нар 2013 оноос хойш бараг есөн жилийн хямрал дунд явлаа. Өнөөдөр нийгмийн эд эс бол эдийн засгийн хувьд аж ахуйн нэгж байдаг. Аж ахуйн нэгж нь ердийн хүн л байхгүй юу. Хүн амьд байхын тулд хооллодог, ундалдаг. Түүнтэй адил зах зээл дээр эд эс нь болсон аж ахуйн нэгж амьд үлдэхийн тулд, ялангуяа сүүлийн гурван жилд бүх нөөцөө шавхчихлаа шүү дээ. Тийм учраас яагаад төр засаг аж ахуйн нэгжүүдэд зориулсан өршөөлийн хууль гаргаж болохгүй юм бэ. Хоёрдугаарт, нэгэнт төсөв хэлэлцэж байгаа энэ үеэр төсвийнхөө зардлыг багасгахын тулд авлигыг багасгах ёстой. Авлигыг багасгахын тулд төр өөрийн авч буй буцаалтын НӨАТ-ыг 100 хувь авах хэрэгтэй.
-Үүний үр дүн нь юу байх вэ?
-Тендер, концессоор дамжуулж нийтийн санхүүгээс хулгайлдаг хулгай багасах ёстой. Үүнийгээ хийж чадахгүй харагдаад байгаа юм. 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд Covid-ыг дуустал аливаа нэг бизнесийн татварын хяналт шалгалтын асуудлыг бүгдийг нь зогсооно гэж мэдэгдсэн боловч тухайн үеийн Сангийн сайд Татварын хуульд ямар ч өөрчлөлт хийгээгүй. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд тэр хүнд үеийг давж гарсныхаа төлөө бүгд НӨАТ-ын бүртгэлийн өрөнд орсон, дээр нь тендерээр авсан ажил, үйлчилгээний мөнгө Сангийн яамнаас орж ирээгүйн төлөө банк, банк бус санхүүгийн байгууллагуудад байгаа хөрөнгөө барж байна. Би сая энэ асуудлаар хүмүүстэй уулзаад ирлээ. Ялангуяа барилгын салбар тэр аяараа барьцаалсан хөрөнгө нь одоо бараг дуусч байна. Ийм байдал хавтгайдаа, зөвхөн нэг, хоёр биш. Зөвхөн барилга гэхэд дөрвөн их наяд төгрөг эргэлдэж буй том салбар.
-Бусад бизнес ч мөн адил байгаа болов уу?
-Тийм ээ, адил. Тэгэхээр бид том утгаараа гурван жилийн хүндийг давж гарсан тул Covid-ийн өршөөлийн хууль хэрэгтэй. Гэтэл бодит амьдрал дээр аж ахуйн нэгж, хөдөлж байгаа болгоныг татварын газар, Захиргааны хэргийн шүүх цар тахал болоогүй юм шиг аяглаж, бүгдийг хяргаж байна. Энэ талаар танхим, холбогдох байгууллагууд дорвитой дуугарахгүй бол зүгээр нэг попорч буй улсуудыг дагаад явж болохгүй л дээ.
"ОРЛОГО БОЛГОНООС АВДАГ ХАРГИС ТАТВАРААР ДАРЧИХААР ЗӨВХӨН БҮРТГЭЛИЙН ӨРӨНД ОРЧИХООД БАЙНА"
-Улсын төсөвт зардал талдаа хэмнэлт хийж чадаагүй, төр улам данхайчихлаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Ялангуяа Ардын нам төсвийн зардлыг хүчээр их нэмсэн. Жишээ нь, 220-иод мянган хүн ажиллаж байгаа төрийн институтийг 1.2 сая татвар төлөгч нар тэжээж чадахаа больсон. Дээр нь Covid цар тахал, дайны дараа ямар ч өршөөл байхгүй учраас компаниуд том, жижиггүй л хүнд байна. Мөнгө, ажиллах хүч алга байна.
-Аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад ойрхон нь нэгэнт тодорхой байтал Засгийн газар хэрэглэсэн хэмжээнээс хамаарч цахилгааны тарифыг нэмэх шийдвэр гаргасан нь өнөөдөр (2022.11.01)-өөс хэрэгжиж эхэллээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд дарамт нэмэх болов уу?
-Цахилгааны хувьд, уучлаарай, Covid-ийн үед нэг их наядыг "Эрдэнэт"-ээс аваад өгчихсөн шүү дээ. Дайн байлдаан, ер нь ямар ч үед тодорхой процесст тохирсон төлбөрөө төлөөд явдаг ёстой. Гэхдээ манай Ардын намын нөхөд сонгуульд гоё орох гэж, Covid-оор далимдуулж, нэг их нийгмийн халамжтай эцэг, эх болох гэж дүрдээ хэт итгээд, ард түмэндээ үнэгүй цахилгаан хэрэглүүлнэ гэсэн. Үнэгүй юм дараа нь үндсэн салбараа устгадаг байхгүй юу. Өнөөдөр цахилгаан, дулааны үнэ зах зээлийн бодит үнэдээ очоогүй. Төрийн хэт их хайр халамжийн ивээл дор явж байгаа нэртэй, өнөөдөр энэ алдагдлыг төлөхөөс өөр аргагүй байдалд аваачсан. Энийг аргацаана гэсэн асуудал байхгүй. Нэг их наяд төгрөг "Эрдэнэт"-ээс аваад, ард түмэндээ өгч байгаа нэртэй эрчим хүчний салбараа унагачихсан. Бодит үнэн энэ. Манай аж ахуйн нэгжүүд цахилгааны төлбөр дээр гайгүй ээ, бас учраа олно.
-Иргэдийн, гэр бүлийн санхүү хэцүү байна. Тиймээс төр засаг бодлогоо эргэн харах цаг ирснийг хэлэх хүн ч олон бий. Таны бодлоор ямар зохицуулалт дутагдаж байна вэ?
-Үнэхээр хэцүү байна. Буцаад л НӨАТ руу орно. НӨАТ-ын хэмжээгээ багасгаж чаддаггүй юм бол НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн сууринд оруулах хэрэгтэй. Мөнгө авах үед хийгддэг татвар. Одоо жишээ нь, барилгын компани барилгынхаа улаан шугамыг тавиад, бариад хоёр жилийн дараа дуусдаг. Тэр үед НӨАТ-ын асуудал яригдах ёстой. Тэгэхгүй бол орлого болгоноос татвар авдаг харгис татвараар дарчихаар зөвхөн бүртгэлийн хий өрөнд орчихоод байна. Төрийн албан хаагчтайгаа нийлээд 1.3 сая иргэн 11 их наяд төгрөгийн цалин авч байна. Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн капиталын үнэ, сард нэг их наяд төгрөг гэсэн үг. Энэ мөнгөө барьж ороод, шууд эндээсээ НӨАТ төлдөг. Цалин дээрээсээ бүх даатгал, татвараа төлсөн цэвэр мөнгө байхгүй юу. Цэвэр мөнгөө аваад, ажил үйлчилгээ явуулахад дахиад 10 хувийн татвар төлж байгаа учраас иргэдээс авч байгаа харгис татвар л даа. Тийм учраас үүний 70, 80 хувийг буцааж өгөөч ээ гэж жилийн өмнө хоёулаа ярилцахад би ярьж байсан даа. Иймэрхүү зүйлүүдийг зоригтой хийх хэрэгтэй. Төр өөрийнхөө НӨАТ-ыг авна.
-Төсвийн хэлэлцүүлгүүд өрнөж байна. Ер нь танаж, хэмнэе гэсэн чин хүсэл огт харагдахгүй юм. Өргөн барьсан хуулийн төсөл бараг тэр чигээрээ батлагдах биз дээ гэсэн байр суурийг зарим эдийн засагчид хэлж байна. Та тэдэнтэй адил бодолтой байна уу?
-Ерөнхий сайд ч өөрөө нэг их анхаарахгүй байгаа юм биш үү. Гадаад л яваа байдлыг нь харахад. Энэ жил Үндсэн хуулиа гишгэлэн байж УИХ-ын гишүүдийг Засгийн газарт өргөн олноор оруулж ирсэн учраас төслийн хэлэлцүүлэг дээр хэн ч дуугарч чадахаа байсан. Үгүй яах вэ, хэвлэл мэдээллийнхэн, олон нийтээс ганц нэг хүнийг үг хэлүүлсэн болоод… Нэг ч үг авахгүй л дээ. Ордонд төсвийн хуулийг хэлэлцэж байхыг ажихад ямар ч асуудал шийдэхээргүй л байна лээ. Одоо хийж байгаа зүйлдээ олон нийтийг хамруулж буй юм шиг дүр эсгээд, цаанаа нийтийн мөнгийг хязгааргүй үрээд. Татвараа цуглуулахаас гадна улсын үйлдвэрийн газруудын зардлыг дээр үеэсээ ч хянаагүй явж ирсэн. Жишээ нь, "Эрдэнэт үйлдвэр" нэг их наяд төгрөгийн татвар өглөө гэхэд цаана нь дахиад 3 их наядын цэвэр ашиг үлдэнэ. Тэр мөнгийг Ерөнхий сайд мэдэж байгаа байхгүй юу. Бараг улсын төсөв шиг мөнгө. Энэ мэтчилэн монопол байдалтай байгаа улсын үйлдвэрүүдийн татвараа өгсний дараах ашгийг хэн захиран зарцуулж, юунд ашиглаж байна вэ гэдгийг ард түмэн бүгдээрээ мэдэж байх ёстой.
-Эрх баригч нам төсвийн төслийг хэлэлцээд, орлого доод тал нь 30 тэрбумаар нэмэгдэх боломжтой гэсэн тооцоолол хийсэн байна. Тэдний хэлж байгаачлан Монголбанкинд тушаах алтны хэмжээг 20 тоннд хүргэх боломжтой гэж үзэж байна уу?
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2018 онд мэдэгдэж байсан. 40 тонн алт гарснаас 20 тонныг л Төв банкинд тушаасан байна. үлдсэнийг нь олж авна гэж хэлж байсан. Одоогоор сураггүй л байна. Түүнээс хойш албан ёсны 20 тонн нэмэгдээгүй байна. Хулгайгаар нүүрсэн дотор “юм” гаргахгүй юм бол. Гэхдээ хил хаалттай байгаад жаахан нэмэгдсэн байх. Ер нь алт ч бай, нүүрс ч бай, жонш ч бай ард түмний өмч юм бол яагаад төр засаг эрдэнэс баялгийн грамм болгоныг нь тооцож, татвараа авч чадахгүй байгаа юм бэ. Авч чадахгүй бол тэрийг ашиглах шаардлага байхгүй. Том том ажлууд хийгээд байна гээд яриад. Ний нуугүй хэлэхэд, жишээ нь, 1.5 тэрбум ам.долларын шатах тослох материал хэрэглэж байна, нэг тэрбумыг нь уул уурхайд хэрэглэж байна. Энэ зардлаар компаниудын хаана, хэдэн кг алт, зэс олж байгааг бүгдийг нь гаргаж болох юм шүү дээ. Энийг яагаад хүсэхгүй байна вэ? Улсын төсөв, жишээ нь нүүрсээ алдчихлаа. Ингэж хулгайд юмаа алдах бол олборлолтоо зогсоох хэрэгтэй. Хулгайчийг байлгахгүйн төлөө л төр байдаг. Төрийн үндсэн үүрэг иргэнийхээ эрүүл мэнд, аж ахуй, эд хөрөнгийг хамгаалах. Гэтэл өөрийнх нь буюу төрийн өмчийг хулгайлаад байхад арга хэмжээ авч чадахгүй байна.
"СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ 4 ИХ НАЯДЫГ ХЭВЛЭСНИЙ ГОР ГАРСАН"
-Хэд хоногийн өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг боллоо. Тус хуульд тендер шалгаруулалтыг цахимжуулна гэж тусгасан байна. Зөв зүйтэй заалт болов уу гэж бодож байна. Та энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Би ярианы эхэнд маш тодорхой хэлсэн. Төр өөрийнхөө НӨАТ-ыг 100 хувь буцаагаад авчих. Одоо иргэн 20 хувь буцааж авч байгаа шүү дээ. Төр 3 их наядын төсвийн хөрөнгө оруулалт, 4 их наядын зардал байлаа гэхэд 7 их наядаас НӨАТ-аа буцаагаад л авчих. 100 хувь гэхээр ойролцоогоор 600 тэрбумыг буцааж авна. Үүнийг дагаад хахууль шингэсэн санхүүгийн луйврууд бүгд зогсож байгаа юм. Гэхдээ яг энэ механизмыг одоогийн Сангийн сайд ч ойлгохгүй, худлаа мэдэн будлиад байна. Мөнгөний дахин зарцуулалтыг төр өөрөө хийж байна. Нэг нь ч энэ заалт дээр хяналт тавья гэсэн оролдлого хийдэггүй. Яагаад гэвэл төр өөрөө хяналтгүй зарцуулах сонирхолтой байдаг. Ялангуяа эрх мэдэлтнүүд. Тендерийн НӨАТ-ыг 100 хувь буцаагаад авчихвал тэр тендер доторхи бүх санхүүгийн баримт НӨАТ-аар цуглана. Тэнд нэг ч төгрөгийн хахууль өгч чадахаа байчихна. Энэ механизм 2020 оны хуулиар бүрдсэн. Бид бүх зардлыг НӨАТ-ын баримт гэж бичээгүй л дээ. Улсаас нэг удаа олгодог дахин давтагдашгүй дугаартай баримтыг үндэслэн зардал тооцно гэсэн шинэ концепц 2020 оноос хэрэгжиж байна. Яг энэ концепцоор төрийн ажил, үйлчилгээний тендер, концессын бүх бүртгэлийг НӨАТ-ын баримтаар хийчихвэл, дээр нь төр өөрөө буцаалтаа авчихвал голоос нь нэг ч төгрөгийн хулгай, нэг ч төгрөгийн хахууль гарахгүй.
-Та түрүүн барилгын салбарынхан уулзсан тухай цухас дурдаад өнгөрлөө. Эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарт хамгийн хүндээр тусч буй. Одоо байдал ер нь ямаршуу байна вэ?
-Барилгын компаниудынхаа зовлонг ярья л даа. Covid-ийн үеэр бараа, материалын үнэ нэмэгдлээ гээд 680 бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тооцож, тендерийн нэмэлт санхүүжилтэд тусгасан журам гаргасан. Гэтэл доод тал нь 4800 бүтээгдэхүүн байж байж барилга босдог. Нийт 680-ын жагсаалт гаргаад, үлдсэн 4150-ынх нь үнэ хэд дахин өсчихсөн. Өнөөдөр сургууль, цэцэрлэг, ялангуяа нийтийн, ашиг олдоггүй объект барьсан бүх газар алдагдалтай ажиллаж байна. Төр ялангуяа Covid-ийн хил хаалттай хоёр жилд яагаад зохицуулалт хийсэнгүй вэ. Нийт 6600 компани, 78 мянган барилгачин бий.
-Урд хөршийн “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой болсон. Ийм үед инфляцийг Монголбанкны зорилтот түвшинд аваачих боломж бий юу?
-Инфляцийн талаар гоё таамаглалууд гарч байна. Инфляцийг өсгөсөн гол зүйл нь Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсны дараа буюу 2020 оны сонгуульд зориулж 10 их наядыг хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор 4 их наяд төгрөг хэвлэсэн. Хэвлэсэн цаасных нь гор гарсан. Төгрөгийн ханш 2650-3500 болж унаж байгаа байдал Оюун-Эрдэнийн өмнөх хэлсэн үгийн сөрөг үг дагавар. Би тухайн үед хэлж байсан, хэн ч тоогоогүй. Хэвлэсэн мөнгийг бүгд хувааж авах сонирхолтой байсан. Яг тэр үед иргэдийн хадгаламж 10 их наяд төгрөг байсан. Түүнийг барьцаалж, мөнгө хэвлэсэн байхгүй юу. Тэр хэвлэсэн хэмжээгээр төгрөгийн ханш унасан. Үүний хариуцлагыг Монголбанк ч, Ерөнхий сайд ч үүрэхгүй байна. Инфляци өндөр байна гэдэг нэг ёсондоо иргэн, аж ахуйн нэгжийн нэг жилд хийсэн ажил огт ашиггүй болчихож байгаа юм.
-Төр инфляцийг бууруулах чиглэлд ямар алхам хийх ёстой гэж хэлэх вэ?
-Төр макро бодлогуудаа л жигд барих хэрэгтэй. Төр, Төв банк хоёр нь нийлээд инфляцийг ийм өндөр болгочихоод, дахиад ч өндөр болно гэж айлгаад. Өндөр болсон инфляциас хамгийн аюултай нь төр татвар аваад эхэлчихсэн. Төгрөгийн ханш 30 хувь уналаа гэж бодъё. 2020 оны шинэ хуулиар 1.5 тэрбумын орлоготой аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлж байна. Одоогийн ханшаар 1.9 тэрбум. 400 сая төгрөгөөс илүү татвар авчихаж байна. Дахиад 10 хувийн татвар. Инфляциас татвар авдгаа төр зогсоох ёстой. Энэ нь хий байхгүй мөнгөнөөс татвар өгөөд эхэлсэн гэсэн үг. Инфляциас татвар авдаг мөртлөө инфляцид идэгдсэн цалин хөлсөө нэмэхгүй байна. Энэ хоёр нийлэхээр аж ахуйн нэгжээ инфляцийн татвараар, иргэдийн гар дээрээ авч буй мөнгөний үнэлэмжийг нэмэхгүйгээр хоёуланг нь гуйлгачин болгож байна. Инфляцитай уялдаж татварын хуулинд байгаа мөнгөн дүнгээр тавьсан тоонуудыг өөрчлөх хэрэгтэй. Энийг хийхгүй бол маш том гамшиг авчирна. Энэ талаар хүмүүс дуугарахгүй байгаад би гайхаад байх юм. Оюун-Эрдэнийн хэвлэсэн хоосон мөнгөнөөс хишиг хүртээд баларч яваагаа мэдэхгүй байна.
-Нөхцөл байдлаас харахад ирэх онуудад эдийн засаг хүндхэн байна шүү гэсэн дохиог хангалттай өгч байх шиг?
-Хамгийн наад зах нь Засгийн газрын өөрийнх нь 8 тэрбум ам.долларын өр байгаа шүү дээ. Засгийн газар ядаж тэр өрөө л төлөөд баймаар байна. Төсвөө хэмнэдэг бол хэмнээд, бүсээ чангалаад, ойр төлөх 500 сая ам.доллараа төлөх хэрэгтэй. Дэлхий дээр мөнгө гэдэг зүйл өөрөө үнэтэй болсон. Өвөг дээдсээс заяасан газрын хэвлийн баялаг үнэтэй байгаа үед дотоод нөөцөө шавхаад, ядаж өрөө төлчихөөч ээ, Засгийн газар минь.
Холбоотой мэдээ