Сурвалжлага: Нийслэлчүүд энэ жил "гал" алдахгүй өвөлжих үү?

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нийслэлчүүд энэ жил "гал" алдахгүй өвөлжих үү?

Сурвалжлага: Нийслэлчүүд энэ жил "гал" алдахгүй өвөлжих үү?

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, хөрсөн дээрээ цочир хүйтрэхдээ зэрэгцээд гэр хорооллынхон шахмал түлшний “эрэлтэд” гарч эхэллээ. Энэ жил гал алдахгүйн тулд “Тавантолгой түлш" компани есдүгээр сараас эхлэн 650 цэгээр түлш борлуулж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Тэрчлэн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байгаа аж. Иймд шахмал түлшний цэгүүдийг зорьж, нөөц худалдан авалт ямар байгааг сонирхохоор Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Шахмал түлшний нөөц хэвийн байгаа ч түлшний цэгээр үйлчлүүлэх хүн бараг байсангүй. Энэ талаар борлуулагчаас тодруулбал “Үнийн хувд нэмэгдээгүй, борлуулалт сайн байна. Хүмүүс ихэвчлэн орой ажлын цаг тарах үед их авдаг. Чанар, түлшний үнэр энэ жил гайгүй, хүмүүс юм хэлэхгүй байна. Ер нь үнийг 3850 төгрөг гэдгийг иргэд ойлгочихсон байгаа” гэлээ. Хэдийгээр түлшний үнэ  хямдарсан ч иргэдийн худалдан авах чадвар буурч цаасан хайрцаг, дугуйны хаймар гээд шатаж болох бүхнийг түлж гэрээ  дулаацуулдаг айл өрх цөөнгүй байгаа нь нууц биш юм.

Өнөөдрийн байдлаар  сайжруулсан шахмал түлш 112 мянган тонныг нөөцөд бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгааг албаныхан хэлэв.

ДОЛОО ХОНОГТ ЗУРГААН ШУУДАЙ ХҮРЭЛЦДЭГГҮЙ 

Үнийн хувьд шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3875 төгрөгөөр зарагдаж байна. Иргэдээс түлшний үнэ, чанарын талаар тодруулбал “Долоон хоногт зургаан шуудай  түлш хүрэлцдэггүй.  Ес эхлэхээр шахмал түлшний хэрэглээ улам бүр нэмэгдэнэ. Тэр үед яах болж байна” гэх  хүмүүс цөөнгүй байв.  Энд нэг шуудай хар мод 7000, нарс мод 6000 төгрөгөөр зарагдаж байна. Шахмал түлш гэхээс илүүтэй мод үнэтэй байна гэдгийг иргэд хэлж байна.

Шахмал түлш стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байгаа бөгөөд чанарын хувьд түлш стандартаа барьж байгааг мэдээлсэн. Энэ тухай НМХГ-ын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 буюу түлшний чанар маш сайн байгаа” гэсэн юм.  Өнөөдрийн байдлаар "Таван Толгой түлш” ХХК нь хотын өвлийн хэрэгцээнд 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна. Чиглэл өгсөн хугацаанд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлын явц ямар байгаа талаар “Таван Толгой түлш" ХХК-аас тодруулахад “Түлшний нөөц одоогийн байдлаар 100 мянган тонн байна. Засгийн газраас түлшний нөөцийг 200 мянган тоннд хүргэх чиглэлийг өгсөн. Гэвч агуулахын хүрэлцээ Улаанбаатар хотын хэмжээнд муу байна. Тиймээс 200 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх боломж одоогийн байдлаар алга. Сайжруулсан шахмал түлш монгол улсын стандартыг бүрэн хангасан. Баруун болон зүүн бүсийн үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа учраас нийслэлийн хэмжээнд түлшний хэрэгцээг бүрэн хангаж чадна” гэлээ. Хил гаалын хаалттай байдлын улмаас дотоодод өнгөрсөн жил шахмал түлшний шуудай хомсдож, шуудайны эрэлт өнгөрсөн жил нэмэгдэж байв. Тэгвэл энэ жил шахмал түлшний шуудай ховордоогүй болохыг албаныхан мэдээллээ. Гэхдээ уг шуудайг дотоотод үйлдвэрлэвэл 11 тэрбум төгрөг гадагш урсахгүй аж.

ХЯТАДААС  ГЯЛГАР БҮРМЭЛТЭЙ ШУУДАЙ АВЧ БАЙНА

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.БУЯНЖАРГАЛ:

-"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэгчээ тасралтгүй хангах зорилго тавьдаг. Цаашдаа хэрэглэгчээ угаарын хийн хордлогод өртүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж байна. Нийслэлийн долоон дүүрэгт 197000 мянган өрх сайжруулсан шахмал түлш түлж байна. Энэ жил Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон. Иймд шинэ хэрэглэгчид учир анхаарал тавин ажиллаж байна. Тус дүүрэгт 7620 өрх шахмал түлш түлнэ гэсэн судалгаа гарсан. Бид Налайх дүүрэгт борлуулалтын цэгээ байрлуулсан. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 30 хүнтэй баг бүрдүүлэн ажиллуулж байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс юуг анхаарч ажиллаж байна вэ гэхээр угаарын хийн хордлогоос иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Анх түлш 2019 онд хэрэглээнд орж байхад 2700 гаруй иргэн угаарын хийн хордлогод өртсөн байсан. Манай төв байгуулагдсанаар нийтдээ 600 орчим гэрээт ажилтан авч, зөв галлагааны горимыг танилцуулж, заавар зөвлөмж өгсөн.

2022 оны галлагааны улирал эхэлснээр 253 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Бид угаарын хийн гэдэг асуудлыг ойрын хоёр жилийн хугацаанд 90 орчим хувиар бууруулж чадсан. Одоо 60 мянган өрхөд угаарын хийн мэдрэгч дээр дамжуулагч суурилуулсан.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга  Х.ГАЛЫМБЭК:

-Баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн бүсэд 233,938 тонн мидлинг нөөцлөөд байна. Барьцалдуулагч бүтээгдэхүүний 1269 тоннын нөөцтэй. Өнөөдрийн үйлдвэрийн хэмжээгээр 16 өдрийн хэрэглээ юм. Барьцалдуулагч бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авахаас гадна дотооддоо "Доломит" хэмээх бүтээгдэхүүн ашиглан үйлдвэрлэж байна. Туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд үүнийг хэрэглээнд нэвтрүүлбэл сайжруулсан түлшинд агуулагдах хүхрийн агууламж 2-3 дахин буурах боломж бүрдэх юм. Мөн 25 кг-ын шуудай 14 хоногийн нөөцтэй байна. БНХАУ-аас гялгар бүрмэлтэй шуудай авч байгаа бол дотоодын үйлдвэрлэгч компаниудаас цагаан шуудай худалдан авч, түлш савлаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж