Цахим спортын "CS:GO” төрлийн хамгийн том тэмцээн болох Мэйжор Бразилын Рио де Жанейро хотод үргэлжилж байна.
1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд бүс бүрээс шалгарсан шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсийг төлөөлж, Монголын “IHC Esports” баг өрсөлдөж буй.
Тэмцээний эхний өдөр тааруу тоглож, төгсгөл муу хийсэн манай залуус өнөөдөр/2022.11.02/ хожигдох эрхгүй тоглолтыг эзэн орны “00Nation” багийн эсрэг хийлээ. Тус багийн бүрэлдэхүүнд “CS:GO”-ийн амьд домгууд гэж хэлж болохуйц 2016, 2017 оны дэлхийн шилдэг тоглогч, Мэйжорын хоёр удаагийн аварга “Coldzera” Марсело Дэвид, мөн Мэйжорын аварга “Taco” Эпитасио де Мело тэргүүтэй тоглогчид бий.
Бараг таван цаг үргэлжилсэн гурван газар бүхий тоглолтын эцэст “IHC Esports” баг 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулав. “00Nation” баг өөрсдийн сонгосон “Ancient” дээр ялалт байгуулсан ч манай залуус “Inferno” дээр хариугаа авч эцэст нь “Overpass” дээр илүүрхсэн юм. Сүүлийн хоёр газар дээр “IHC Esports” сайн эхлэлийг тавьсан ч урьдын адил төгсгөлөө тааруу хийн эсрэг багтаа боломж олгон хожигдох дөхөв.
15 мянган хүний суудалтай Ёнес арена Бразилчуудаар дүүрч, тэд багаа уухайлан дэмжсэн. Гэвч манай залуус ялалт байгуулж, Бразилчуудыг чимээгүй болгож чадлаа.
Энэ өдөр “IHC Esports” багаас “Blitz” Б.Гарьдмагнай гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн бол чухал үед арвин туршлагатай “kabal” буюу Б.Бат-Энх хэрэгтэй буудалтуудыг хийлээ.
Ийнхүү манай залуус нэг хожил, хоёр хожигдолтойгоор аяллаа цааш үргэлжлүүлэхээр болов. Мэдээж одоо тэдэнд одоо хожигдох эрхгүй тоглолтууд үлдсэн.