Согтуу жолооч нараар нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлье!

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч нараар нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлье!

Согтуу жолооч нараар нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлье!

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгоно эсвэл жолоодох эрхийг нь хасна. Жолооны үнэмлэхгүй дахин согтуугаар жолоо баривал баривчлах шийтгэл ногдуулна. Гэвч энэ төрлийн зөрчил засрахгүй гарсаар байна. Өөрөөр хэлбэл, тооцох хариуцлага нь хөнгөн байна гэсэн үг.

Нийслэлийн авто замд шүргэлцэж, мөргөлдсөн 200 гаруй осол өдөрт бүртгэгддэг байна. Сүүлийн үед согтуу жолоочоос гадна эрүүл саруул жолооч нар маш ноцтой осол гаргаж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах болсон.

Нэг хүний болгоомжгүй үйлдлээс болж олон хүн хохирч, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч үлдэх нь хэвийн үзэгдэл болох нь ээ.

Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан. Хохирогч нэг хүүхдийн хувьд эмнэлгээс гарсан ч өвдөгнийх нь яс нь цоорч, сэтгэл зүйн хувьд хүнд цочролд орсон талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ. Эмч нар тухайн хүүхдэд урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай гэдгийг хэлсэн байна.

Энэ мэт сэтгэл эмзэглүүлэм жишээ олон. Хариуцлагагүй үйлдлээ мөнгө төлж, “аргалдаг” тохиолдол ч цөөнгүй.

Монголд цусан дахь спиртийн хэмжээ нь 0,19 хувиас их бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Гэвч жолооны үнэлэхгүй дахин жолоо барих, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөөр байгаа нь харамсалтай. Тиймээс бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн жолооч нарт хатуу шийтгэл ногдуулъя.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд ялын таван төрөл байдаг. Үүний нэг нь нийтэд тустай ажил хийлгэх ял. Эрх зүйн ойлголтын хувьд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг нийгмээс тусгаарлахгүй, цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэдэг.

Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн нийт 726 хүний ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас ялыг эдэлж дуусгавар болсон нийт 425 хүн хасагдаж, 301 хүний ял эдлэлтийн байдал хяналт тавин ажиллажээ.

Хорихоос өөр төрлийн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 зүйл, 425 заалтын 235 заалт буюу 55.3 хувь нь торгох ял, 199 заалтад буюу 46.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ял, 65 заалтад буюу 15.3 хувь нь нийтэд тустай ажил хийлгэх ял, 42 заалтанд буюу 9.9 хувь нь эрх хасах ял оногдуулахаар тусгасан байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 240-720 цагаар тогтоодог аж. Ялтан онц байдал, гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах нийтийн хөдөлмөрийн дайчилгаанд дайчлагдан ажилласан цагийг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн хугацаанд тооцдог байна. Хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь ялаас мултарч, мөнгөөр "аргалдаг" эрх зүйн зохицуулалтыг анхаарч, дахин ийм үйлдэл гаргахгүйн тулд нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж