Цагаан захтнуудын ХЭРЭГ ба албан тушаалтнуудын ДУУЛИАН

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Цагаан захтнуудын ХЭРЭГ ба албан тушаалтнуудын ДУУЛИАН

Цагаан захтнуудын ХЭРЭГ ба албан тушаалтнуудын ДУУЛИАН

Сүүлийн сард олон нийтийн анхаарлыг татаж буй дуулиант хэргүүдийг хэрхэн  шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” /ЭТТ/ ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Учир энэ онд багтаан 500 сая ам.долларыг улсад төвлөрүүлэх, нүүрсний хулгайг цэгцэлж, хулгайчдад хариуцлага тооцох гэж буй. Онцгой дэглэм тогтоосноор “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт /2022.10.27/ ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараагаар тус компанийн таван даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг аравдугаар сарын 31-нд гаргасан.

Энэ талаар тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" компанийн таван даргыг хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үнэн" гэсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Ариунзаяаг чөлөөлсөн. Харин хоёр хоногийн дараа  Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ. Эдгээр албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй байгаа аж.

Одоогоор тус албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.

АТГ ДАРХАНЫ ЗАМЫН АСУУДЛААР ХОЛБОГДОХ ХҮМҮҮСИЙГ СААТУУЛЖ, ШАЛГАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан талаар өнгөрсөн аравдугаар сарын 6-нд мэдээлсэн. Тодруулбал, АТГ-аас 2021 оны Азийн хөгжлийн банкнаас зээл олголттой холбоотойгоор зам барих багцын ажил. Мөн 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор шалгалт хийж буй.

Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байгаа бөгөөд одоогоор гурван хүнийг саатуулаад байгаа аж.

Дарханы замтай холбогдуулан тендер шалгаруулсан бүх албан тушаалтнуудыг шалгана гэдгийг АТГ мэдэгдсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын хяналтан дор баривчлах үндэслэл тогтоогдсон тохиолдолд саатуулж байгаа аж.

Одоогоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж, найман хүнийг нь яллагдагчаар татсан байна.

Ж.Бат-Эрдэнийн тухайд саатуулах үеэр гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө олдсон мэдээлэл гарсан. Гэвч үүнд АТГ тайлбар өгсөнгүй. Ямартай ч ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд баривчлах үндэслэл тогтоогдсон учир прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай баривчилж, суллажээ.

Б.БААСАНЦОГТЫГ 4.4 ЖИЛ ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Баасанцогт нарын  гурван шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 11-13-ны өдөр хянан хэлэлцэгдэж шийдвэр гаргасн байна. Шүүх хуралдаанаар:

  • Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хахууль өгөх/,
  • Мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /биеэ үнэлэхийг зохион байгуулах/, /орон байраар хангах/  гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хахууль авах/ гэмт хэрэгт,
  • Шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
  • “Улаанбаатар импекс” ХХК-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан /хахууль өгөх/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэлэлцээд,

Нийслэлийн прокурорын газраас “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан гэм буруутайд тооцож, нэг жил 8 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил найман  сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4.4 жил болгосон байна.

Шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.5 сая  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн 7.5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.

Түүнчлэн Б.Баасанцогтоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох таван сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

“ЖАСТ ГРУПП” ХХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН Ш.БАТХҮҮ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан.

Шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж