Их Британийн шинэ ерөнхий сайдаар Риши Сунак сонгогдоод хэдхэн хоног өнгөрч байна. Түүнийг ерөнхий сайд болмогц хөрөнгө орлогынх нь тухай мэдээлэл олны анхаарлыг татсан. Риши Сунакийн эхнэр Акшата Мурти нь Энэтхэгийн Билл Гейтс гэгддэг тэрбумтан Н.Р.Нарайанагийн охин юм. Эцгийнхээ бизнест хувьцаа эзэмшдэг Сунак, Мурти нар нь хөрөнгийнхөө хэмжээгээр хатан хаан II Элизабет, хаан III Чарльзаас ч илүү баянд тооцогдож байна. Тодруулбал, тэдний нийт хөрөнгө нь 730 сая фунт стерлинг гэх мэдээлэл бий. Тэд Кенсингтонд долоон сая фунт стерлингийн нэг байр, Лондонгийн чинээлэг дүүрэг Челсид нэг байр, АНУ-ын Калифорнид хоёр байртай.
Хур баян хөрөнгө нь Риши Сунакийг Британийн улс төрд ховорхон байдаг чамин хувцасны шүүгээтэй болгожээ. Ерөнхий сайдын сонгуулийн үеэр Лиз Трасс “Claire’s Accessories” брэндийн 4.50 фунт стерлингийн үнэтэй ээмэгээр гангарсан. Харин Риши Сунак 450 фунт стерлингийн үнэтэй “Prada” гутал, 3500 фунт стерлингийн үнэтэй костюмаар гангарсан байна. “Prada”-ийн гутал өмссөн нь олны шүүмжлэлд ч өртөөд амжсан. Энэ нь Риши Сунак үнэтэй, загварлаг хувцаслалтаараа олны анхаарлыг татсан анхны тохиолдол ч бас биш юм.
Английн Вестминстерийн ордон хэзээнээсээ загварын чиг хандлагад онцгой анхаарал хандуулж байгаагүй. Харин Риши Сунак үүнийг өөрчилсөн гэхэд болно. Тэр Цахиурын хөндийнхний л таалалд нийцэх “Common Projects” брэндийн гутлаар гангардаг. Энэ гутал нь алтлаг серийн дугаарыг товойлгож сийлсэн байдаг онцгой ганган эд юм. Риши Сунакийн дүр төрхийг янз бүрээр дүрсэлсэн байдаг. Тухайлбал, Европын санхүүч, Эммануэль Макрон, загвар өмсөгч, миллениал үеийн загварын бэлгэдэл гэх зэрэг хоч түүнд бий. Хэрвээ улс төр түүнд саад болоогүй бол “Brunello Cucinelli”, “The Row” зэрэг брэндийг сонгох байжээ.
Риши Сунакийн хувцаслалтыг ерөнхий сайд асан Борис Жонсонтой харьцуулахад эрс ялгаатай. Тухайлбал, Борис Жонсон хэзээ ч хувцсаа индүүддэггүй гэдгээрээ алдартай бол Риши Сунакийг өө сэвтэй, үрчгэр хувцастай харна гэж бараг л үгүй болов уу.
Риши Сунак цамцаа “Traveling Artisan” загварын агентлагаар урлуулдаг. Энэ нь захиалгаар цамц урладаг Итали компани юм. Харин костюмаа ихэвчлэн “Savile Row” компанийн оёдолчин Хенри Хербертэд даатгадаг аж. Хенри Хербертийн ажлын хөлс 1295 фунт стерлингээс эхэлдэг. “Daily mail” хуудас 2021 онд Риши Сунакийн хувцаслалтыг онцолж байсан. Тухайн үед тэр 160 фунт стерлингийн үнэтэй гар урлалтай цамц, 1300 фунт стерлингийн костюм өмссөн байжээ.
Эрэгтэй хувцасны стилист Жеймс Смит шинэ ерөнхий сайдын загварын мэдрэмжийг сайшаажээ. “Тэр өөрийгөө маш сайн мэддэг. Тиймээс хүмүүс түүнийг намхан гэдгийг мэддэггүй. Тэр 171 см буюу жирийн англи эрчүүдээс намхан, жин багатай учир костюмаа байнга захиалгаар оюулдаг. Хувцаслалтаараа дамжуулан тэр өндөр харагддаг” гэж Смит хэллээ. Түүнчлэн Риши Сунак үргэлж бага зэрэг богино өмд өмсдөг. Энэ нь түүнийг өндөр харагдуулах давуу талтай. “Ришигийн богино өмд нь тав тух болоод хэв маягийн хослол юм. Тэр өөрийн биеийг маш сайн мэддэг” гэж стилист Рошель Уайт хэлжээ.
Сунакийн эхнэр Мурти ч бас загварын мэдрэмжтэй нэгэн юм. Тэр 2011 онд Акшата дизайн гэх загварын цуглуулгаа танилцуулж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ бизнес гурван жилийн дараа дампуурсан аж. Гэхдээ тэр өдгөө Английн “New & Lingwood” тэргүүтэй өндөр зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг. “New & Lingwood” брэнд нь л гэхэд гар хийцийн торгон даашинзыг 300 фунт стерлингээр худалдаалдаг. Түүнчлэн Мурти нэг удаа алслагдсан тосгоны уран бүтээлчидтэй хамтран хувцас урлаж байсан. Энэ нь Энэтхэг болон барууны хэв маягийг хослуулсан хувцас байжээ.
Эх сурвалж: SCMP, DAILY MAIL
Холбоотой мэдээ