БАЙР СУУРЬ: Цахилгааны хэт өндөр тариф компаниудад хүндээр тусна

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Цахилгааны хэт өндөр тариф компаниудад хүндээр тусна

БАЙР СУУРЬ: Цахилгааны хэт өндөр тариф компаниудад хүндээр тусна

Эрчим хүчний салбар энэ жилийн гүйцэтгэлээр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа тул үнэ тарифыг нэмэхээс өөр гарцгүй болсноо мэдээлсэн. Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан тул өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлж буй. Тодруулбал, аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тарифыг энэ өдрөөс эхлэн хэрэглээнээс шалтгаалан 14-28 хувиар нэмэгдүүлж байгаа билээ.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд 5000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөр нэмэгдүүлж тооцох юм.

Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхдээ уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи, криптовалют үйлдвэрлэгч гэх мэт санхүүгийн ачаалал дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцохоор болсон. Үүний үр дүнд энэ өвлийн ачааллыг давж чадах талаар салбарын удирдлагууд мэдээлсэн юм.

Улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу энэ үед аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тарифыг нэмж буй нь хэрхэн нөлөөлж буй талаар бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдийн байр суурийг сонирхлоо.


"ЯЛГААГҮЙ ОРЛОГО БУУРАХ НӨХЦӨЛ ҮҮСЧ БАЙНА"

“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга Ч.ЭНХТӨР:

-Аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тарифыг өнөөдрөөс хэрэглээнээс хамааруулж нэмэх шийдвэр гарсан. Энэ хэр оновчтой шийдвэр гэж та бодож байна вэ? 

-Цахилгаан хэрэглэгч компани учраас манай өртөгт бас л эргээд нөлөөлнө. Сүлийн гурван жилд эрчим хүчний салбарт үнэ нэмэгдээгүй, хатуу барьсан. Салбар нь ч хүнд байх шиг байна. Үнийг үе шаттай зохицуулалгүй, шийдэхгүй явсаар хуримтлуулаад байгаа юм. Хэтэрхий өндөр үнэ тариф аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусна. Бүгдийг нь эрчим хүчнийзохицуулах хорооны зохицуулалтын дагуу явж байгаа.

-Эдийн засаг хүнд, цалин мөнгөө тавихгүйд ч хүрч мэдэх аж ахуйн нэгжүүдэд нэлээн хүнд цохилт болох болов уу?

-Тэгнэ л дээ. Түүнийг зохицуулалтын механизмаараа л зохицуулах хэрэгтэй байх. Том аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнэ тарифыг илүү нэмээд, жижиг аж ахуйн нэгжүүдийнхийгээ бага нэмдэг ч юм уу, тийм зохицуулалтаа л хийх хэрэгтэй байх.

-"Шивээ овоо" компанийн хувьд энэ шийдвэр хэр хүндээр тусч байна вэ? 

-Манайх цахилгааны төлбөрөө орлогоосоо хасуулдаг учраас ялгаагүй орлого буурах нөхцөл үүснэ.


"ҮНЭ ТАРИФЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДИТ ЗАРДАЛТАЙ ОГТ УЯЛДУУЛААГҮЙ"

“Жиасмон ложистик” ХХК-ийн дэд захирал Н.ГАНСҮХ:

-Аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тарифыг 14-28 хувиар нэмэгдүүлэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ шийдвэрийн талаар та юу хэлэх вэ? 

-Шууд утгаараа хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Төр засаг цар тахлын үед бизнесийн байгууллагуудыг дэмжих талаар онцгой анхаарч, эдийн засгаа аварна гэж байсан ч бодит байдал дээр бүх төрлийн татварууд, мөн цахилгааны үнийг огцом нэмж, улам дарамт болж байна.

Эрчим хүчний салбар 2021 оны жилийн эцсийн байдлаар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж Эрчим хүчний яамнаас мэдэгдсэн. Гэтэл бид утааг бууруулах нэрийдлээр өрхийн цахилгааны тарифыг шөнө 50 хувь хөнгөлж байна. Төр нэг талдаа ард түмнээ энэрээд, нөгөө талдаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ багалзуурдаад буй мэт. Мөн бид эрчим хүчний хараат улс буюу хангалттай эрчим хүч үйлдвэрлэж чаддаггүй, гаднаас эрчим хүч өндөр үнээр импортолж авдаг. Дахин эх үүсвэр нэмэх талаар бодитой ажил хийх байтал улс төржүүлсээр олон жилийн нүүр үзлээ.

Бас нэг бодлогын алдаа бол сүүлийн 3, 4 жил эрчим хүчний салбарт индексжүүлэлт огт хийгдээгүй буюу үнэ тарифыг зах зээлийн бодит зардалтай огт уялдуулаагүй юм.

Эрчим хүчний тухай хуульд 3.1.27-д "индексжүүлэлт" гэж хэрэглэгчид худалдах эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардлын үндсэн хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан тооцож зохицуулна гэж заасан байдаг. Эцэст нь, аж ахуйн нэгжүүд төрийн ийм гэнэтийн огцом шийдвэрт дасан зохицож, төлөвлөгөө өөрчилж, үнэ нэмэхгүй, дээр нь ашигтай ажиллана гэдэг маш хэцүүг хувиараа бизнес хийж үзээгүй, хүн цалинжуулж, татвар төлж үзээгүй шийдвэр гаргагч нар нэг ч гэсэн удаа тунгааж үздэг болоосой.


ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ Л ЁСТОЙ

Sandag photo studio”-гийн үүсгэн байгуулагч Б.САНДАГДОРЖ:

-Аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ төлбөрийг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр таны эрхэлж буй үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ? 

-Анхнаасаа зарчим нь буруу. Байгууллага гэхээр бүх зүйл үнэтэй байдаг. Тог цахилгаан, СӨХ, интернэт гээд бүх зүйл иргэнийхээс нэгж үнэ нь илүү байдаг. Нэг тийм мөнгө олж байгаадаа атаархаад байгаа ч юм шиг сонин сэтгэлгээ.

Яах вэ, төрийн бодлого бол иргэний хямд төлсөн төлбөрийн зөрүүг аж ахуйн нэгж нь илүү төлж, үүрч явдаг систем юм шиг байгаа юм.

Чөлөөт зах зээл шилжээд 30 жил болчихоод ийм сонин зарчимтай бодлого явдаг нь хачирхалтай. Үнийг нь чөлөөлөх ёстой л доо. Тэгээд аж ахуйн нэгж, иргэн бүгд адилхан тарифаар нэгж төлбөрөө төлж байвал хэдэн хувиар нэмэгдэх нь сонин биш. Үнээ чөлөөлөөд, цахилгаан нийлүүлэгчид ч гэсэн ашигтай байдаг, татаасгүй амьдардаг тийм үнийн систем рүү шилжих нь чухал. Одоо хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг нэг нэгэндээ үүрүүлж амьдрахаа больцгооё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж