Өнгөрсөн жил суудлаасаа бууж, авлигын хэргээр мөрдөн шалгагдаж буй Ерөнхий сайд Беньямин Нетаньяху улс төрд эргэн ирэхээр зүтгэж байна. Тэрбээр улс төрд эргэн ирэхийн тулд түүний төвийн хүчний Ликүд нам болон бусад хэт барууны үзэлтэй намууд парламентын 120 суудлаас 61-ийг нь авах шаардлагатай. Израилийн парламентийн систем нь олон намаас бүрдэх бөгөөд аль нь ч дангаар олонх болох хэмжээний суудал авч чадахгүй. Тиймээс намууд нэгдэж эвсэл байгуулах шаардлагатай болдог бөгөөд нэг нам эсвэл нэг гишүүний дэмжлэгийг алдахад л олонхын суудлаа алддаг. Эцэст нь израилчууд дөрвөн жилийн дотор тав дахь сонгуульдаа оролцож байна.
Нөгөө талаар Ерөнхий сайд асан Беньямин Нетаньяхугаас шалтгаалан Израилийн парламентын тогтвортой байдал алдагджээ. Улсынхаа түүхэнд хамгийн олон жил Ерөнхий сайдаар ажилласан түүнийг авлигын хэргээр шүүх явц ид үргэлжилж байгаа. Тиймээс төвийн хүчний зарим улстөрчид түүний үзэл баримтлалтай санал нэгддэг ч авлигын хэргээс нь шалтгаалан улс төр, хувийн шалтгаанаар хамтарч ажиллахаас цааргалж байгаа аж. Ингэснээр Беньямин Нетаньяхуд тогтвортой засаглал бий болгоход хүндрэл үүсч, дөрвөн сонгуулийн дараа өрсөлдөгч намууд нь урьд өмнө нь байгаагүй эвслийг бий болгосон. Гэвч Яайр Лапид болон Нафтали Беннетт нарын байгуулсан энэхүү эвсэл ердөө 15 сарын хугацаанд л тогтвортой засаглаж чадав.
Энэ удаагийн сонгуульд Беньямин Нетаньяхугийн намуудын блок парламентын 61 суудлыг авч чадвал тэрбээр дахин ерөнхий сайд болно. Нетаньяху улс төрд эргэн ирэхийн тулд экстемистүүдийг түшиглэж байна. Тэрбээр ерөнхий сайд болсноор хэт барууны гол улстөрчдийг Засгийн газрын сайдаар томилно гэж амлажээ. Тухайлбал, Беньямин Нетаньяхутай эн зэрэгцэхүйц нөлөөтэй хэт барууны үзэлт улс төрч Итамар Бен Гвирт сайдын суудал амласан аж. Итамар Бен Гвир нь арабуудыг хөөж гаргахыг шаардсанаараа терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгагдаж байсан нэгэн.
Беньямин Нетаньяхугийн төвийн хүчний Ликүд нам Израилийн парламентын хамгийн том нам бөгөөд сонгуульд 30 орчим суудал авах боломжтой гэж урьдчилан дүгэж байна. Түүний эсрэг одоогийн Ерөнхий сайд Яайр Лапидийн Йеш Атид нам хоёр дахь том улс төрийн хүчин.
Үүнээс гадна төвийн үзэлт Батлан хамгаалахын сайд Бенни Гантз Израилийн дараагийн ерөнхий сайд болох магадлалтай гэж яригдаж байна. Тэрбээр зүүн, баруун, төвийн хүчнийхнээс гадна Араб намуудын дунд дундыг баримтлагч учраас Беньямин Нетаньяхуг дэмжигч, эсэргүүцэгчдийг нэгтгэн эвсэл байгуулах боломжтой аж.
Хэрэв Нетаньяхугийн намуудын блок хангалттай суудал авч чадахгүй бол нөхцөл байдал улам түвэгтэй болно. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч Исаак Херцог бүрэн эрхээ ашиглан одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Лапидыг мандатлах, эсвэл өөр хууль тогтоогчид засгийн газар байгуулах шийдвэр гаргаж болно. Ингэснээр хэн ч олонх болж чадахгүй дахин сонгууль болоход хүрэх аж.
СОНГУУЛЬ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?
Израил нь парламентын ардчилалтай орон. Тиймээс иргэд дэмжиж буй намдаа саналаа өгдөг. Хамгийн багадаа 3.25 хувийн санал авсан намууд хэдэн санал авсан нийлбэр дүнгээсээ хамааран парламентад тодорхой тооны суудал авдаг. 3.25 хувь гэх босгыг тогтоож өгснөөрөө парламентаас хэт жижиг намуудыг шахах зорилготой бөгөөд эвсэл байгуулахад илүү хялбар болгодог байна. Израилчууд өмнө нь парламентаас тусдаа шууд ерөнхий сайдаа сонгох аргыг туршиж үзсэн. Яг л АНУ нь Конгрессоос тусдаа ерөнхийлөгчөө сонгодог байдлаар. Эцэст нь тэд парламентын сонгуулийн стандарт хувилбар нь дээр гэж үзжээ.
Холбоотой мэдээ